ФИФА -ийн хөлбөмбөгийн клубуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн найман багийн нэр өнөөдөр бүрэн тодорч дууслаа.
Испаний "Реал Мадрид", Италийн "Ювентус" гэсэн хоёр том багийн өрсөлдөөнд "Эзэн хааны баг" 1:0-ээр хожив. Тоглолтын цорын ганц гоолыг залуу довтлогч Гонзало Гарсиа Александр Арнольдийн дамжуулалтыг ганган мөргөж орууллаа. 21 настай испани довтлогч энэ тэмцээнд 3 дахь гоолоо оруулсан нь энэ. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар Клубуудын ДАШТ-д тоглож амжаагүй байсан Мбаппе сэлгээнээс гарч тоглолоо.

Дараа нь Германы "Борусси Дортмунд" Мексикийн "Монтеррей"-г 2:1 оноогоор хожин шөвгийн наймд шалгарав.

Шөвгийн наймд Бразил, Германы хоёр хоёр, Англи, Франц, Испани, Саудын Арабын нэг клуб шалгараад байна.
Тивээр ярих бол Европын 5, Азийн нэг, Өмнөд Америкийн хоёр баг шалгаран үлдлээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин