Америкийн тэрбумтан Илон Маск шинэ намаа бүртгүүлжээ. АНУ-ын сонгуулийн хорооны бүртгэлийг харахад “Америк нам” Маскийн нэр дээр бүртгэгджээ.
Шинэ намынхаа гол зорилгыг Маск “Америкчуудад эрх чөлөөг нь эргүүлэн өгөх” гэж тодорхойлсон юм. Энэ нам нь Ардчилсан нам, Бүгд Найрамдах нам, аль алиных нь эсрэг тэмцэх бөгөөд АНУ-д гуравдагч улс төрийн нам хэрэгтэй байв уу?

Хэрэгтэй төдийгүй, орон зай байгаа гэж зарим шинжээчид үзэж байна. Хоёр намын систем нь АНУ-ыг мухардалд хүргэсэн гэх хүн ч байна. Учир нь сүүлийн Ерөнхийлөгчийн сонгуулийг харахад нэр дэвшигчийн төлөө биш тухайн намын эсрэг санал өгдөг болсон гэнэ. Хэрэв арван жилийн өмнө АН, БНН-д харьяалагддаггүй сонгогчийн хувь 13 хувь байсан бол одоо 34 болж өссөн. Трампын төлөө түүний талын 38 хувь мэдээж саналаа өгнө. Үлдсэн хувь нь сэтгэлд таарахгүй зүйлийнхээ эсрэг санал өгдөг “эсрэгүүд”. Энэ эсрэгүүд одоогийн сонгуулийн системд яахаа мэдэхгүй, гарцгүй байдалд ороод байгаа ажээ. Харин Маскийн нам тэдний газар болох ёстой.
“One Big Beautiful Bill хуулийн төслөөр АНУ-ын өр 5 их наяд долларт хүрэх болно. Бид нэг намын улсад амьдарч байна. Энэ бол Гахай нарын нам. Хүмүүсийн төлөө үнэнээсээ анхаарал тавьдаг улс төрийн шинэ нам гарах цаг болжээ” Илон Маск
Маск долоодугаар сарын 4-нд Тусгаар тогтнолын баяраар “Хоёр намын системээс хамаарахгүй америк хүн болох уу” гэсэн санал асуулга явуулсан. Оролцсон хүмүүсийн 65 хувь нь “Тиймээ” гэж хариулсан. АНУ-ын хоёр намын дотоод хямрал хурцадсан тул Маск АН, БНН-ын гишүүдээс намдаа урам хугарсан олон хүнийг элсүүлж чадна. Тэрээр зүүн, барууны аль ч хүчинтэй харилцаж чаддаг.
Гэхдээ Америкийн сонгуулийн систем нь мажоритар. Энэ нь олон намын системийг үгүйсгэж, хамгийн хүчирхэг хоёр намын өрсөлдөөнийг тодотгодог. Гуравдагч нам, улс төрийн хүчинд хангалттай тооны санал авах боломж хэзээ ч олгодоггүй. Тэгэхээр шинэ намын хэрэгцээ байгаа ч систем түүний эсрэг байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Маск Трампад хохирол учруулж чадахгүй. Урьд өмнө гарч ирж байсан гуравдагч хүчнүүд хэзээ ч засагт гарж байгаагүй, бүгд хоёр намын алдаа, дутагдлыг сөхөөд л унтардаг байжээ. Тэгэхээр “Америкийн нам” нь сонгогчид АН, БНН-д эсэргүүцлээ илэрхийлдэг, нээлттэй суваг төдий зүйл болно гэж шинжээчид тэмдэглэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп “Сүүлийн хэдэн хоногт Маск “амьд гамшиг” болсонд их харамсаж байна. Гуравдагч улс төрийн хүчин АНУ-д хэзээ ч амжилт олж байгаагүй. Манай системд тохирохгүй. Шинэ нам АНУ-д эмх замбараагүй байдал л авчирна” гэж хэлсэн байна.
Илон Маск АНУ-ын нутаг дэвсгэрт төрөөгүй тул Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй. Харин түүний нам 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Трампын эсрэг талыг дэмжиж магадгүй юм.