Бөхчүүдэд аймгийн цол, чимэг олгох Налайх дүүргийн наадам 7-р сарын 9-ний өдөр явагдаж өндөрлөв.
Энэ наадамд гарди Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, заан Д.Баасандорж, Б.Батмөнх, Б.Серик нараар манлайлуулсан улсын цолтой 40, нийт 256 бөх хүч сорьсон юм.
Өндөр цолтнууд найр тавьсан энэ наадамд Архангай аймгийн Тариат сумын харьяат цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь түрүүлж, аймгийн арслан цолонд хүрлээ. Тэрбээр гурав, тавын даваанаа тунаж барилдсан.
Ө.Батсуурийн тухайд, заалнаа улс, аймгийн цолтнуудтай дүүрэн сайн барилддаг олны хүлээлтэд нийцсэн бөх билээ. Түүнийг алс хэтдээ улсын өндөр цолонд хүрнэ гэж итгэж, хүлээдэг хүн олон бий.
Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн харцага Нямжавын Ширчинхүү энэ наадамд үзүүрлэн, аймгийн заан боллоо.
Баян-Өлгий аймгийн начин Х.Хажыхали тав даван шөвгөрч, чимэг нэмсэн. Харин Говь-Алтай аймгийн Шарга сумын заан Д.Далайбаяр аймгийн начин цол авлаа. Эдгээр бөхчүүдэд улсын өндөр цолтнууд найр тавьсан нь наадамчин олны дургүйцлийг хүргэсэн.
