UBLife Logo
Хөгжим

Цэргээс зугтсан солонгос дуучин 48 хүрээд ч эх орондоо орж чадсангүй

Цэргээс зугтсан солонгос дуучин 48 хүрээд ч эх орондоо орж чадсангүй

АНУ-ын Лос-Анжелес дэх БНСУ-ын Консулын газраас Америкийн иргэн, солонгос дуучин Ю Сын Жунд виз олгохоос дахин татгалзлаа. Цаашдаа ч татгалзсан хэвээр байх магадлал өндөр.

Ю Сын Жун бол 2001 онд Бүх нийтээр цэргийн алба хаах хуулийг зөрчин, цэргээс зугтан, гадаад орны иргэншил авсан хүн. Түүнийг Өмнөд Солонгост одоо болтол өршөөгөөгүй байгаа нь энэ удаагийн визний асуудлаас харагдлаа.

Ю Сын Джун 1976 онд Сөүлд төрсөн. 13-20 нас хүртлээ АНУ-д амьдарсан. 1996 онд Өмнөд Солонгосын нэгэн агентлагт бичлэгээ илгээж, гуравхан сарын дараа Солонгосын хамгийн алдартай дуучин болсон байлаа.

Түүний дуунууд бараг бүгд хит болж, цомог нь хэдэн сая хувиар зарагдаж байв. Хэрүүл шуугианд хутгалдахгүй, эрүүл амьдрах ёсыг сурталчилсан, жинхэнэ үлгэр жишээ уран бүтээлч байлаа.

Гэвч солонгос эрчүүдийн нэгэн адил түүнд цэргийн албанд татах хуудас ирлээ. 2001 оны 12 дугаар сард цэрэгт татагдахаасаа ганц сарын өмнө Ю гадаадад концерт тоглоно гээд хил давсан юм. Буцаж ирээд цэрэгт явна гэсэн баримтад гарын үсэг зурсан байлаа. Тэр концертоо тоглоод эргэн ирсэн. Гэхдээ БНСУ-ын иргэн Ю Сын Жун биш АНУ-ын иргэн Стивен Ю болчихсон байлаа. Ю хоёр жил цэргийн хуаранд байхыг хүссэнгүй. Цэргээс зугтахын тулд иргэншлээ сольсон байв. Армид явахгүй, уран бүтээлээ үргэлжлүүлэн туурвина гэж тэр бодож байсан ч Солонгосын нийгмийг тэр дутуу үнэлжээ. Иргэншлээ сольсон нь түүний амьдралдаа гаргасан хамгийн том алдаа байв. Нийгэм даяар түүнийг ад үзэж, Америк рүү нь хөөж орхисон юм. Хууль зүйн яамнаас түүний БНСУ-д орох эрхийг нь хассан. Ю хэд хэдэн удаа ард түмнээс уучлал гуйсан бичлэг илгээж, хүлцэл өчсөн. Гэвч түүнд одоо болтол виз өгөхгүй хэвээр байгаа юм.

Ю Сын Жуны өмгөөлөгч “Дээд шүүхэд бидний гаргасан өргөдлийн дагуу шүүхээс Ю-д виз өгөхийг зөвшөөрсөн. Гэвч дахиад татгалзсан хариу авлаа. Түүнийг 2001 онд иргэншлээ сольсон нь БНСУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг гэж одоо болтол үзсэн хэвээр байна. Бид давж заалдана” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Анх Ю 2015 онд Солонгосын виз авах гэж оролдсон. Гэхдээ гадаадад амьдардаг солонгос хүний хувьд F-4 ангилал авах гэж хүссэн байна. Хэрэв энэ визийг авч чадвал БНСУ-д ажиллаж, амьдрах боломжтой болох байлаа. Гэвч солонгосчууд зөвшөөрсөнгүй. Тэр жилийнхээ 10 дугаар сард нь Ю Сын шүүхэд зарга үүсгэлээ. 2016 оны есдүгээр сард шүүхэд ялагдаад сарын дараа тэр хил нэвтрэх хоригийг нь хууль бус гэж үзэхийг шаардан, дахин шүүхдэв. 2017 оны хоёрдугаар сард шүүхэд дахиад ялагдал хүлээжээ.

2019 онд БНСУ-ын Дээд Шүүхээс Сөүлийн шүүхэд Ю Сын Жуны хэргийг ахин хэлэлцэхийг үүрэг болгож, Сөүлийн шүүхээс Ю-гийн талд шийдвэр гарлаа. Ихэд баярласан Ю эх орондоо ирэх нь гэж найдан, виз авах хүсэлт илгээсэн ч Лос-Анжелес хотын БНСУ-ын Ерөнхий Консул дахиад татгалзлаа. Дахиад л Сөүлийн шүүхэд заргалдаж эхэллээ. Харин энэ удаад 2022 оны дөрөвдүгээр сард Сөүлийн шүүх Ю-гийн эсрэг шийдвэр гаргаж, 2019 оны шийдвэрээ алдаа байсан гэж зарлав. Даиад л зарга эхэллээ. 2023 оны 11 дүгээр сард Сөүлийн дээд шүүхээс “Ю Сын Жунд виз өгөхөөс татгалзах шалтгаан байхгүй” гэсэн шийдвэр гаргалаа. Ю дахиад баярласан ч бас л болсонгүй, виз өгсөнгүй. Шүүхээс гаргасан түүнд виз олгож болно гэсэн шийдвэр нь Ю-г эх орондоо ирэхийг зөвшөөрсөн хэрэг биш байжээ. Виз авсан ч хил дээрээс буцах нь тодорхой байв. Одоогийн байдлаар Ю Жун хамгийн сүүлд татгалзсан хариу авсан нь 2024 оны есдүгээр сар.

Нас сүүдэр 48 хүрчээ. Хэзээ төрсөн нутьгаа харах бол?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.250.191.162