UBLife Logo
Спорт

Өнөө жил цолоо ахиулах НАЙМАН бөх

Өнөө жил цолоо ахиулах НАЙМАН бөх

Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхлэхэд хоёрхон хоног үлдлээ. Бид өнөө жилийн наадмаар цол, чимэг нэмэх магадлал хамгийн өндөр байгаа НАЙМАН бөхийг онцолж байна.


Улсын начин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал

Аймгийн заан байхдаа сар шинийн барилдаанд шуугиантайгаар түрүүлснээс нь хойш түүнийг өндөр цолонд хүрнэ хэмээн итгэж, харах хүн олширсон. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Бөх билэгт” дэвжээний сорилгод түрүүлж, бэлтгэл сайтай байгаа гэдгээ тунхагласан юм.

Өмнөх жил улсын начин цолонд хүрэхдээ гурав, тавын давааг нутгийнхаа ах нараар гэтэлсэн учир наанадаж цолоо батлах, завдал гарвал ахиулах хэрэгцээ түүнд бий.


Улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул

“Увс нуур” галынхнаас сүүлийн жилүүдэд өнгөтэй сайн барилдаж байгаа хүчтэнүүдийн манлай нь улсын начин Л.Энхсаруул билээ. Тунааны начингууд адтай л гэдэг сэн. Өнгөрсөн жилийн амжилтаа өнөө жил ахиулна л гэж зүтгэх нь гарцаагүй. Тэрбээр начин цолонд хүрснээсээ хойш заалны барилдаанд хоёр удаа түрүүлээд байна.


Улсын начин Энхтүвшиний Батмагнай

Тайлбарлагч Б.Адъяахүүгийн "Магнай өдрөөс өдөрт дийлдэшгүй болж байна" гэдэг үг гарцаагүй үнэний хувьтай юм.

Э.Батмагнай өмнөх жилийн Үндэсний их баяр наадмаас хойш Бөхийн өргөөнөө гурав түрүүлж, дөрөв үзүүрлэсэн байна.

21 насандаа энэ цагийн шилдэг арслантай тунаж барилдаад улсын цолны босгыг давсан түүнийг чөлөөтөөр ч, үндэсний бөхөөр ч өндөр амжилтад хүрнэ гэж олон хүн итгэж, хүлээдэг. Санасандаа тэр нэг л өдөр хүрэх нь ч үнэн биз ээ.


Аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр

Н.Өсөхбаяр зааланд гарцаагүй л дийлж барилдаад байгаа бөх юм. Өнөө жилийн Улсын наадмаар нэвтхэн өгсөж чадах уу гэдэг харин сонирхолтой л асуулт даа. Эв нь таарвал тэр улсын цолны босгыг лавхан алхах нь гарцаагүй.


Аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар

Говьсүмбэр аймгийн арслан Э.Мөнхбаатар аймаг, цэргийн наадамд гурвантаа түрүүлээд байна. Шуудхан хэлэхэд, дээшлэх замаа аль хэдийн тэгшилсэн гэсэн үг. Энэ хавар Бүх цэргийн наадамд түрүүлэхдээ тэр “Цэргийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд улсын цол авдаг нь бичигдээгүй хууль болчихсон” гэж хэлсэн. Энэ зүй тогтлыг залгах дараагийн улсын цолтой бөх тэр өөрөө байх юм.


Аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар

Насаар бага ч, зүрх томтой бөх билээ. 21 настайдаа аймгийн арслан цолоо баталж, Улсын наадамд гурав даваад буй энэ залууг өндөр цолонд мөдхөн хүрнэ гэж итгэдэг.

Н.Амгаланбаатар өмнөх жил улсын наадмын сорилго барилдаанд үзүүрлэж, Увс аймгийн Тэс сумын 100 жилийн ойгоор Их шөвөгт шалгарсан төдийгүй 2023 оны Бүх цэргийн наадамд зургаа давж шөвгөрсөн амжилттай бөх юм.

Харин өнөө жил аймаг, цэрэгт анхны, улс аймагт мөн анхны удаагаа түрүүлсэн.


Аймгийн арслан Энхтөрийн Баасанжав

Хөвсгөл аймгийн арслан Э.Баасанжавын тухайд, аргагүй л улсын цолонд тулчихсан байгаа бөх. Саяхан Бүх цэргийн наадмаар үзүүрлэж, гарамгай чимэг нэмсэн. Тэр барилдааны дараа “Энэ жил улсын цолны босго алхаад, дээшээ тултал барилдана гэсэн зорилготой байгаа” хэмээх бардам хариулсан билээ. Э.Баасанжав улсын наадмаар гурван ч удаа гурав даваад байгаа арслан юм.


Аймгийн арслан Цэвээнпүрэвийн Төмөрцоож

Өнгөрсөн жилийн Үндэсний Их баяр наадмаар ах, дүү арслангууд хамтдаа начины даваанд хүч сориод хоёул өвдөг шороодсон билээ. Аймгийн арслан Ц.Төмөрцоожийн хувьд, улсын наадмаар хоёр ч удаа дөрөв даваад буй шалгарсан сайн бөх.

Тэрбээр 2022 онд улсын заан Б.Серикт амлуулан өвдөг шороодсон бол ноднин Л.Энхсаруултай тунаж барилдаад унасан. Ц.Төмөрцоож зааланд хүч сорьсон сүүлийн гурван барилдаандаа бүгдэд нь Их шөвөгт шалгарсан, бэлтгэл сайтай байгаа бөх билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.215.172.232