Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-23-нд Бүгд Найрамдах Киргиз улсад, 23-26-нд Бүгд Найрамдах Тажикистан улсад эдгээр орнуудын Ерөнхийлөгч нарын урилгаар тус тус төрийн айлчлал хийхээр мордох гэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөсөн байна. Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч 2023 онд манай улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хамтарсан тунхаглал” гаргаж байжээ. Мөн байгаль орчин, хөдөө аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон нийслэл хотууд хоооронд ах дүүгийн харилцаа тогтоохтой холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан улсад хийж буй төрийн айлчлал хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших Монгол Улсын төрийн тэргүүний хэрэгжүүлж буй анхны айлчлал юм. Энэхүү айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Монгол-Тажикистаны анхны бизнес форум болон соёлын тоглолт зохион байгуулах аж.
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2009 онд Монгол Улсад төрийн айлчлал хийж байжээ.