Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2023 онд баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Харин санхүүжилттэй холбоотой хэсэг нь Дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн хэрэгжсэнээр улс төрийн намууд төсвөөс нийт 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Харин энэ өөрчлөлтөөс даруй нэг жилийн дараа Улс төрийн намын тухай хуульд дахин нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсан нь ухралт болж байгааг улс төр судлаачид эсэргүүцэж байв.
Мөн энэ талаар Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас өргөн бариад байгаа төсөл нь төсвийн санхүүжилтийн хуваарилалтыг улам бүр тэгш бус болгох эрсдэлтэйг онцолжээ. Ялангуяа, улс төрийн санхүүжилтийн олон улсын стандарттай зөрчилдөж байна гэжээ. Тиймээс Монгол Улсын хууль тогтоогчдод хуулийн төслийг дахин нухацтай авч үзэх, улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлж, олон улсын стандарт, зөв жишигт нийцүүлэхийг зөвлөжээ.
Тодруулбал, Улс төрийн намын тухай хуульд нам, эвсэл орлогоо нэг дансанд төвлөрүүлнэ гэж тусгасан байсныг зөвхөн төрийн санхүүжилтийг нэг дансаар авах нэмэлт өөрчлөлт хийх гэж байна. Энэ нь улс төрийн намууд хөрөнгө, орлогоо нуун дарагдуулах, өөр орлого олох, олон данстай байх, ингэснээр ил тод бус байх, аудит хийхэд хүндрэл учруулах зэрэг эрсдэлтэйг улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од сануулж байв.
Түүнчлэн улс төрийн намын гишүүний татвар, сонгуульт гишүүний татвар, иргэн болон хуулийн этгээдийн хандиваас намд олгох төрийн санхүүжилт нь хоёр дахинаас их байж болохгүй гэж хуулиар заасан. Ингэснээр монопол намуудыг хязгаарлаж, бусад улс төрийн намыг санхүүжилтээр дэмжих, шударга өрсөлдөөнийг бий болгох зорилготой. Гэтэл одоогийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд өөрийн орлоготой нийцүүлэн төрөөс санхүүжилт авъя гэсэн санал оруулсан нь хөрөнгөөр давуу намд илт давуу байдал бий болгож байна.
Мөн улс төрийн намын санхүүжилтийн тайланд харьяа, нэгж байгууллагын тайланг оролцуулахгүй байх санал орж ирсэн. Энэ нь ил тод байдлыг үгүйсгэж, улс төрийн намд итгэх олон нийтийн итгэлийг бууруулах эрсдэлтэй.