Өнгөрсөн улирлын төгсгөлд Европын Аваргуудын лигт анх удаагаа түрүүлсэн, Францын үнэмлэхүй аварга “Парис Сен-Жермен” багийн хаалгач Жианлуижи Доннарумма өөрийнхөө нөхцөл байдлыг илтгэсэн мэдэгдэл танилцууллаа.
Уг мэдэгдэлд “Хэн нэгэн намайг хойшид “ПСЖ” багийн бүрэлдэхүүнд байх боломжгүй гэж шийдсэн бололтой. Би Парист газардсан эхний өдрөөсөө л “ПСЖ” багийн хаалгыг манах гэж сэтгэлээ бүтэн зориулсан. Тиймээс урам хугарч байна. “Парк де Принс” цэнгэлдэхэд ахин хөл тавьж, шүтэн бишрэгчдийнхээ өөдөөс хараад баяртай гэж хэлэх боломж олдох болов уу хэмээн найдах юм. Дэлхий даяарх хөгжөөн дэмжигч та бүхний цуцалтгүй дэмжлэг, хайр энэрэлийг харамгүй хүртсэнээ би хэзээ ч мартахгүй. Өөрийн төрж, өссөн гэр орондоо байгаа мэт тав тухтай мэдрэмжийг төрүүлсэн учраас Парис дахь дурсамжаа би үргэлжид нандигнаж явах болно. “ПСЖ” багт тоглож, Парис хотод амьдарсан маань нэр төрийн явдал байлаа. Баярлалаа” хэмээн бичсэн байна.
Доннарумма өнгөрсөн улиралд “ПСЖ”-гийн төлөө 47 тоглолтод оролцож, Аваргуудын лигийн цомыг анх удаа гардахад нь томоохон тус хүргэсэн юм.
Өдгөө 26 настай түүнийг “Манчестер Сити” багийнхан идэвхтэй сонирхож байна. Гэхдээ эл солилцоо Эдерсоныг буурь сэлгэсэн тохиолдолд биелэх боломжтой байгаа юм.
Харин “ПСЖ” багийнхан өнгөрсөн долоо хоногт "Лилл”-ийн хаалгач Лукас Шевальетэй таван жилийн гэрээг үзэглэсэн билээ.
