АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар 7 жилийн дараа нүүр тулан уулзлаа. Уулзалт АНУ-ын Аляска мужийн Эльмендорф-Ричардсон цэргийн баазад болсон. Дээд хэмжээний уулзалтын эхний хэсэг 3-3 форматаар явагдлаа.

Төрийн тэргүүдээс гадна Оросын талаас ГХЯ-ны сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушакоь, Америкийн талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай төлөөлөгч Стив Уиткофф байлцжээ.

Владимир Путин, Дональд Трамп нарын уулзалт дэлхий дахинд Украины дайныг зогсоох нь гэсэн хүлээлт үүсгэсэн ч хүссэн үр дүнд хүрсэнгүй.

Путин уулзалтын дараа “Харилцан хүндэлсэн, ажил хэрэгч уур амьсгалд болсон, маш ашигтай уулзалт байлаа. Ерөнхийлөгч Трамп бид хоёр маш сайн, ажил хэрэгч, харилцан итгэсэн байдалд уулзаж чадлаа” гэж мэдэгдсэн.
Харин Трамп “Путин бид хоёр гайхамшигтай сайхан харилцаатай. Энэ уулзалтаар хэлэлцээнд том дэвшил гарлаа. Украины асуудлыг шийдэх сайхан боломж гарсан” гэж ярьсан.

Гэхдээ яг ямар үр дүнд хүрсэн нь тодорхойгүй.
Барууны хэвлэлийн мэдээлснээр Ерөнхийлөгч Трамп цаашдаа Оростой дайныг зогсоох гэж биш гал зогсоох хэлэлцээр хийж эхлэх болсон гэнэ. Учир нь ОХУ дайнд давуу байгаа тул шууд дайн зогсоох хүсэлгүй байгаа ажээ.

Шинжээчид Путин бодлоо Трампад хүлээлгэж чадсан, эсвэл Трамп Кремль хэзээ ч зөвшөөрөхгүй зүйлээс татгалзсан нь дээр гэж үзсэн гэж дүгнэж байна. Трамп бодлоо өөрчилсөн нь Украин болон Европын улсуудад тун таагүй мэдээ байлаа. Харин ОХУ нэмэлт хоригт оролгүй үлдэж чаджээ.

Украины хувьд сайн мэдээ нь Трамп ерөнхийлөгч Украинд АНУ+Европын холбоо гэсэн аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх гэнэ. Гэхдээ НАТО-г оруулахгүй.

Путин Украины Донецк мужийг бүрэн авч, хариуд нь Запорож, Херсон мужаас татгалзан, одоогийн фронтын шугамаар мөргөлдөөнийг зогсоох санал гаргасныг хэвлэлүүд онцолжээ. Украины Ерөнхийлөгч Зеленский Даваа гарагт Вашингтонд очиж, Ерөнхийлөгч Трамптай уулзан, уулзалтын үр дүнгийн талаар ярилцах гэнэ.