Ub.life-ийн редакцийн хамт олон юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ өөр хоорондоо яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцдаг уламжлалтай. Энэ удаад “Бид юунд дурлаж байна вэ” булангаар зуны дурсамжтай үйл явдал, сэтгэл мэдрэмжээ хуваалцаж байна.
Ж.Тэгшжаргал, Гүйцэтгэх захирал

“Ядарсан уу, гунигтай байна уу, аль эсвэл шинэ газарт дасан зохицохгүй, хайртай хүмүүс, дулаан орчноо санан ганцаардав уу? Тийм бол яг энэ мэдрэмжид тань тохирох яруу найргийн жор бичиж өгье” гэх хүнтэй өнгөрсөн сард танилцах завшаан тохиолоо. “Forward Prizes for Poetry“-ийн үүсгэн байгуулагч Уильям Сигарт бол Английн яруу найраг, утга зохиолын ертөнцөд нэртэй, бас маш онцгой нэгэн юм байна. Түүний санаачилсан “Яруу найргийн эмийн сан” (https://www.thepoetrypharmacy.com/) төсөл нь гурван боть ном болон хэвлэгджээ. Номын хуудасны нэг талд таны мэдэрч буй мэдрэмж, “өвчний” шинж тэмдгийн тайлбар байх бол нөгөө талд нь анагаах шүлэг хавсаргасан зохиролтой.
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтын урилгаар очсон бид Уильям Сигартын бага нас, яруу найрагт анх хэрхэн дурлаж, үүнийгээ улам олон хүнд хэрэг тустай шидэд хэрхэн хувиргасан түүхийг сонсож нэгэн үдшийг өнгөрүүлсэн. Удахгүй яруу найргийн эмийн сан нь “Alexa”-тай холбогдох гэж буй юм билээ. Тэгээд л дэлхийн хаа нэгтээ ганцаардсан хүн “Алив, Alexa надад хань болох шүлэг хэлээч…” гэх нь байна.
Ц.Цэвээнравдан, Бизнес хөгжлийн менежер

Миний хувьд үндсэн ажлынхаа хажуугаар ЛГБТИК+ хүний эрхийн хөдөлгөөнд хувь нэмрээ оруулдаг активист. Энэ хүрээндээ “Youth LEAD Mongolia” залуусын олон нийтийн байгууллагад олон жил ажилласан.
Өнгөрсөн зун биширсэн, бахархсан, талархсан, бас заримдаа гунигтай гээд олон мэдрэмжтэй байсан ч наймдугаар сарын сүүлчээр Швейцарын Женев хотод 50 дахь удаагийн Хүний эрхийн төлөв байдлын урьдчилсан хэлэлцүүлэгт (UPR Pre-session) өөрийн биеэр оролцох боломж гарсан нь онцгой байлаа.
Тус хурал нь НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн гишүүн орнууд өөрсдийн хүний эрхийн нөхцөл байдлаа үнэлж, тайлагнадаг хурлын урьдчилсан хэлэлцүүлэг юм. Миний хувьд өнгөрсөн хугацаанд Монгол Улсынхаа нөхцөл байдалд хяналт тавих шинжээчийн үүрэг гүйцэтгэж байсны хувьд залуучуудын байгууллагаа төлөөлж оролцов. Энэ үеэр улс бүрийн төлөөлөгчид өөрсдийн нөхцөл байдлыг бодитоор тайлагнаж, дараачийн хэлэлцүүлгээр хөндөх асуулт, зөвлөмжийг бэлтгэхэд гар бие оролцдог. Ялангуяа, тэрхүү зөвлөмжийг Засгийн Газрууд ирэх 4.5 жилд биелүүлэх учиртай байдаг тул машид хариуцлагатайгаар өөрийн бэлтгэлийг базааж, хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын байрыг тултал нь тойрч, аль чадах хэмжээгээр олон төлөөлөгчтэй үр дүнтэй уулзав.
Жаахан хүүхэд байхдаа телевизээр “Нэгдсэн Үндэстний Байгууллагын хурлаар Монголчууд ингэв, тэгэв” гэх мэдээг сонсоод дотроо сониучирхах бас бишрэх давхцаж суудаг байлаа. Тэр хүүхэд 25 насандаа өөрийгөө НҮБ-д өөрийн болоод бусдын эрхийн төлөө нөлөөллийн ажил хийгээд явж байна гэж санаагүй байх.
О.Анхзаяа, Ерөнхий редактор

Энэ зун олж авсан, дурласан хамгийн чухал, гоё зүйл нь эдгэрэл гэж хэлнэ. Өнгөрсөн хугацаанд үргэлж зугтаж ирсэн үнэнтэйгээ нүүр тулж, хэд хоног шалдаа бууж, өндийх ч чадалгүй болтлоо шаналсан. Гэхдээ үүний араас нэг л орой өндийгөөд гадаа гарч алхахдаа сэтгэл хамаагүй хөнгөрснийг мэдэрсэн. Өмнөх шигээ өвтгөхөө больсон байсан. Зугтаад л байвал чигчийн чинээ байсан асуудал дамартай утас ороох шиг улам нэмэгдсээр, тэр зангилаанаас гарах аргагүй болдог юм билээ. Тиймээс хамгийн том асуудалтайгаа шууд нүүрэлдэх ёстойг ойлгосон. Миний хувьд би өөрийнхөө ямар хүн болох, юу хийсэн зэрэгтэйгээ эвлэрч чадахгүй, бусадтай хуурамч баг зүүн харилцаж, өөрийгөө сайн сайхан, асуудалгүй хүн шиг бодож, тоохгүй явсаар үнэнтэй нүүр тулсан юм. Нээрээ би чинь ийм хүн шүү дээ, ийм алдаанууд гаргаж байж, хүмүүс мэддэг ч хэлдэггүй байж, үнэхээр сохор байж гэдгээ ойлгож, илүү тайван болж эхэлсэн. Хэд хоног бүгээд, эргэж гарахдаа би хотын жижиг юм бүхнийг анзаарч, зуныг жинхэнээсээ хайрласан. Одоо ч эдгэрэл үргэлжилсээр л байгаа. Гэхдээ өмнөх шигээ бүх хүч чадлаа алдаж, сүнсгүй юм шиг явдаг байсан үеэсээ өөрчлөгдсөнөө мэдэрч байгаа. Өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ үзэж, дуу сонсож, сайхан хоол хийж идээд, хүсвэл гарч салхилж өнгөрүүлсэн амар амгалан зуны улиралдаа би маш их талархаж байгаа. Нуурын эрэг дээр давлагааны чимээг сонсон өнгөрүүлсэн чимээгүй мөчүүд, говийн шөнө сар ширтэн суухдаа бусадтай хуваалцсан сэтгэлийн яриа, сумын төвийн клубт бүжиглэж, найзуудаараа майхантай зугаалж, түүдэг тойрон суусан шөнө гээд бүхэлдээ энэ зун мэдрэмжээр холбогдож, байгальдаа ойртсон харилцаагаар дүүрэн байж. Цаашдаа юуг ч хойш тавилгүй, цаг тухай бүрд нь шийдэж, зүрхээ, энэ дотор минь орших бяцхан Анхзаяаг хайрлахаа өөртөө амласан. Намар болоод, ажил амьдралдаа эргэн орж, өөрийн жижигхэн диваажин шиг зунаас холдсон ч энэ мэдрэмж дотор хэвээр үлдсэнийг харахад, тийм ээ, би үнэхээр л эдгэрч байгаа юм билээ.
Нэмээд хэлэхэд, нэг цуврал дээрх миний хамгийн хайртай дүр үхэхэд би хоёр цаг уйлсан ч өмнөх шигээ бас хэтрүүлэн зовж шаналаагүй ээ. Тэгэхээр юмсыг тавьж явуулж сурч байгаа юм билээ. Олж мэдээд баярласан гэх үү дээ.
Ж.Хулан, Дэд захирал

Зуны улирал амралт, зугаалга, баяртай бүхний эхлэл болдог хүсэж хүлээм улирал боловч яг л энэ үед дотнын хүнээ алдсан нь хэцүүхэн эхлэл байв. Төдөлгүй гадагш явж, хуралд оролцох ажилтай байсандаа эргэлзсэн ч, явах нь зөв гээд замд гарсан юм. Германы Бонн хотын урлагийн музейд хоёр өдөр сэтгүүл зүйн тухай ярилцсаны дараа галт тэргээр Австрийг зорьж, тэр дундаа Венн хотод өнгөрүүлсэн өдрүүд сэтгэлд хамгийн дүүрэн мэдрэмж өгсөн хэсэг байлаа.
Зураг, урлаг багахан сонирхдог ч Веннийн музей, галерейнууд тэрхүү сонирхлыг минь улам өдөөж, ёстой л “цадталаа” үзэж, суралцав. Пикассо, Моне, Матисс, Климтийн бүтээлийг нүдээр үзэж, тайлбар бүрийг анхааралтай унших бүрийд шинэ бодлууд орж ирнэ. Түүнчлэн 1900-аад оны үед Веннд суурьшиж байсан нийгэм, соёл, оюун санааны сэтгэгчдийн түүхэн үзэсгэлэнг үзээд өнгөрснийг бахдаж, суралцсан мэдрэмж минь бүр ч гоё байлаа. Энэ дундаас Австрийн Үндэсний номын сангийн үзмэр гойд сонирхол татсан. Эртнээс эдүгээ хүртэл буюу судар бичгээс орчин цагийн медиа бүхий л хэлбэрээр түүх, архиваа эмхлэн дараалуулжээ. Цаг үе бүрийн туулж өнгөрүүлсэн алдаа, оноо, өөрчлөлт, шинэчлэлт бүхнээ эмх цэгцтэй өгүүлэхийн дээр тийм сүрдмээр гоёмсог танхимд дэлгэн харуулдаг нь хүндэтгэлтэй аж.
Олон янзын мэдрэмж холилдсон нэгэн зун ийнхүү улирч байна. Их олон зүйл холилдохоор гэхдээ алийг нь ч бас тухтай анзаардаггүй юм билээ. Одоо бүгдийг нэг бүрчлэн эргээд бодолхийлэх цаг ирэв. Энэ л намар шүү дээ.