UBLife Logo
Дэлхий

Ким Жон Уны залгамжлагч Ким Жу Э гэж хэн бэ?

Ким Жон Уны залгамжлагч Ким Жу Э гэж хэн бэ?

Хятадын нийслэлд болсон Ялалтын баярын арга хэмжээнд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охин Ким Жу Э-гийн хамт хүрэлцэн иржээ. Бичлэгээс үзэхэд охин галт тэрэгнээс аавын хамт буун ирж, ард талд нь зогсож байгаа нь харагдаж байна.

Кимийн хуягт галт тэрэг өнгөрсөн Мягмар гарагт Хятадын хилийг давсан. Бээжинд тэрээр БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон бусад олон төрийн тэргүүдтэй уулзалт хийсэн юм. Энэ нь түүний хувьд анх удаагаа нэгэн зэрэг олон дипломат уулзалт хийж байгаа хэрэг байлаа. Энэ бүхэнд охин нь болох Ким Жу Э дагалдан явсан гэнэ. БНСУ-ын Тагнуулын албанаас (NIS) энэ охиныг Хойд Солонгосын удирдагчийн замлгамжлагч гэж нэрлээд байгаа юм. Үнэхээр тэр аавынхаа хойчийг залгамжлах уу?

Ингэхэд Ким Жу Э гэж хэн бэ?

Ким Жон Ун-ы гэр бүлийн талаарх мэдээлэл тун хомс. Гэргий И Сол Жу гэхэд л олны өмнө анх 2012 онд л гарч ирж байлаа. Өмнөд Солонгосын хэвлэл тэднийг 2009 онд гэрлсэн, 2010 онд хүүхэдтэй болсон гэж мэдээллэж байсан. Харин үүнээс хэдэн жилийн дараа Ким Жу Э мэндэлжээ.

Охины талаарх мэдээлэл анх 2013 онд АНУ-ын сагсан бөмбөгч Деннис Родман БНАСАУ-д айлчилсны дараа гарсан. Родман “Удирдагчийн гэр бүлтэй хамтдаа далайн эрэг дээр амарсан. Жу Э гэдэг хүүхдийг нь тэвэрч байлаа” гэж дурссан юм.

Хойд Солонгосын хэвлэл Жу Э-г удирдагчийн хүүхэд гэдгийг баталдаг ч нэр, насыг нь зарладаггүй. Сөүлийн Кукмин их сургуулийн судлаач Федор Тертицкийн хэлж байгаагаар охин 10-13 настай гэнэ.

БНСУ-ын Тагнуулын албанаас (NIS) хаалттай хуралдаан дээр Жу Э-г ямар ч сургуульд суралцаагүй, Пеньяанд гэрээр боловсрол эзэмшсэн гэж тодотгосон байдаг. Тэдний мэдээллээр Э морь унах дуртай, усанд сэлэлт, цанын спортоор хичээллэдэг гэжээ. Аав нь түүний морь унах чадварт сэтгэл хангалуун байдаг гэж тэмдэглэсэн. NIS мөн Э охиныг  эгчтэй, бас ах эсвэл нэг эрэгтэй дүүтэй гэж мэдээлсэн байдаг.

Анхны ажил

Ким Жу Э 2022 оны 11 дүгээр сард аавтайгаа хамт пуужин туршилтын талбайд гарч ирж, дэлхийн нүдэнд өртсөн. Тэр цагаас хойш цэргийн болон иргэний маш олон арга хэмжээнд оролцсон билээ.

Пеньян хотын “Тавдугаар сарын 1” цэнгэлдэх хүрээлэнд болсон Шинэ жилийн арга хэмжээн дээр аав охин хоёр бие биенээ хацар дээр нь үнсэж байгааг бүгд харсан.  

2023 оны 12 дугаар сард тив хоорондын "Хвасон-18” пуужин харвахад Э охин аавынхаа хамт байж байсан. Мөн 11 сард нь "Маллигён-1” тагнуулын хиймэл дагуул хөөргөх үед ч байж л байсан. Энэ хиймэл дагуулын ачаар Удирдагч Ким Цагаан Ордныг харж чадна гэж Пеньян тэр үед мэдээллэж байлаа.

2023 оны хоёрдугаар сард Radio Free Asia “Хойд Солонгосын Засгийн газраас Ким Жу Э нэртэй иргэдээ нэрээ солихыг тушаасан” гэж мэдэгдсэн. Энэ явдал бол Солонгост эртнээс төрийн эрх баригчдад хэвшсэн зүйл ажээ.

Гадаадын шинжээч нар сүүлийн үед Э охиныг хэвлэл мэдээллээр “хайртай охин” гэж нэрлэхээ больж, “хүндэт охин” гэж нэрлэх болсныг онцолж байгаа юм. Учир нь улс орны хамгийн нэр хүндтэй хүмүүсийг л “хүндэт” гэж нэрлэдэг байна. Жишээ нь, одоогийн удирдагч Ким Жон Ун албан ёсоор залгамжлагч гэдэг нь тодорхой болсны дааа л “хүндэт” гэж нэрлэгдэж байжээ.

Үнэхээр залгамжлагч уу?

Хойд Солонгос бол хаалттай улс. Хөндлөнгөөс харахад яагаад Э охин байнга аавынхаа дэргэд явж байгаа нь ойлгомжгүй. Тус улсын иргэдэд Кимийн гэр бүл удирдагч байхаар заяагдсан удмынх тул БНАСАУ-ыг зөвхөн тэд л удирдаж болно гэж сурталчилдаг. Харин охиныг ийм багаас нь олон нийтийн өмнө гаргаж байгаа нь Засгийн эрхэнд гарахаасаа өмнө ард түмний нүдэнд харагдаж, дасал болгохыг хичээж байгаа хэрэг гэж зарим шинжээч үзэж байгаа.

Гэхдээ ойрын үед засаг солигдох ямар ч шинж тэмдэг энэ улсад байхгүй. Залуу удидагчийн эрүүл мэнд тааруу гэж Барууны хэвлэлд гардаг ч баталгаа байхгүй. Охиноо байнга дэргэдээ байлгаж байгаагаараа Ким Жон Ун гэр бүлдээ хайртай, сайн аав гэдгээ харуулах зорилготой гэх ч хүн байна.

Оксфордын их сургуулийн солонгос судлаач, багш Эдвард Хауэлл “Ким Ир Сен, Ким Чен Ир гэсэн өмнөх удирдагчдын үед өөрсдийгөө “Ард түмний эцэг” гэж харуулах сурталчилгаа их явагддаг байсан. Тэгэхээр аав охин хоёрыг олон нийтийн өмнө харуулах нь тэр бодлогын нэгэн хэсэг гэж би боддог” гэж ярьж байна.

1948 онд БНАСАУ байгуулагдсанаас хойш тус улсыг Кимийн гэр бүлийн эрчүүд захирч ирсэн. Хэрэв Э хэзээ нэгэн цагт засгийн эрх атгах юм бол БНАСАУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй удирдагч болно.

“Кимийн гэр бүлээс гадуур хэн нэгэнд засгийн эрхээ өгснөөс эмэгтэй ч байсан хамаагүй өөрийн гэр бүлийн гишүүн байсан нь тэдэнд дээр. Өөр нэгэн залгамжлагч болох магадлалтай хүн бол Ким Жон Уны эмэгтэй дүү Ким Ёо Жон. Ёо Жон бол төрийн хэвлэлд албан ёсоор 2014 оны гуравдугаар сараас гарч эхэлсэн хүн. Ажилчдын намд том албан тушаалтай. Э охиноос хамаагүй ахмад тул Хойд Солонгосын улс төрийг сайн ойлгодог. Ер нь Кимийн гэр бүл л бол охин, дүү аль нь ч байсан залгамжлагч болно” гэж Эдвард Хауэлл үзэж байна.

БНСУ-ын Тагнуулын газраас өөр залгамжлагч нар ч байгаа тул Хойдын засгийн газар боломжит хувилбаруудыг судалж байна гэсэн бол Федор Тертицкий “Охиноо ард түмний өмнө гаргаснаар иргэд, дээд дарга нарын бодол санааг тандаж байна. Гэхдээ залгамжлагчийн тухай ярих нь эрт байна. Ким Жон Ун аавтайгаа адил 70 настайдаа нас барлаа гэж үзэхэд 2054 он хүртэл засгийн эрхэнд байна гэсэн үг. Тэр болтол Хойд Солонгос маш их өөрчлөгдөх нь тодорхой. Мөн эмэгтэй хүнийг хаан ширээнд залах, хүйсийн тэнцвэрийг хүлээн зөвшөөрөх гэдэг хоёр асуудал Солонгост огт өөр” гэж Федор дүгнэлээ.

BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.