Английн Ливерпүүл хотноо 9-р сарын 4-14-ний өдрүүдээр болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 66 орны 540 тулаанч хүч сорьж байна. Энэ наадамд “Парис-2024” олимпын наадмаас медаль атгасан 17 боксчин тулалдсан юм.
Харин Монголын 10 тулаанч рингэнээ өрсөлдснөөс гурав нь дэлхийн медальт тамирчин билээ.
Эмэгтэйчүүдийн:
48 кг-ын жинд тулалдаж буй ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, эхний тойрогт гоц мөргөсөн. Тэрбээр өчигдөр Туркийн тамирчин, 2022 оны дэлхийн аварга Айше Чагырирыг 5:0-ээр буулган авч, Японы Хикару Шинохаратай өрсөлдөх боллоо. Өнгөрсөн өвөл Дэлхийн цомд эдгээр тамирчид оноолтоор таарахад Шинохара ялж байв.
Шигшээ наймын энэ тулаан 9-р сарын 12-нд явагдана.
51 кг-д хүч сорьж байгаа Б.Мөнгөнсаран, Украины Ярослава Марынчукийг 5:0-ээр, Мексикийн Эсмеральда Патиног 4:1-ээр хожоод байна. Тэрбээр 9-р сарын 10-нд Узбекистаны Феруза Казаковатай тулалдах юм.
Харин 54 кг-д Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн оролцож, эхний тойрогт гоц мөргөөд, Тайванийн тамирчин, дэлхийн хошой аварга, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Хуан Сяо-Вэнд 5:0-ээр ялагдлаа.
57 кг-ын жинд тоглосон ДАШТ-ий хүрэл медальт М.Энхжаргал, Австрийн Жули Рамаданыг 4:1-ээр хожиж, Колумбын Валерия Арболедад 4:1-ээр ялагдсанаар ДАШТ-ийг шигшээ 16-гийн шатнаас өндөрлүүлсэн.
Түүнчлэн 60 кг-д оролцсон ДАШТ-ий V байрын шагналт М.Намуун эхний тулаандаа Хятадын боксчин, 2023 оны дэлхийн аварга Янь Ченгүд 5:0-ээр хожигдсон билээ.
Эрэгтэйчүүдийн:
50 кг-ын жинд оролцож, эхний шатанд гоц мөргөсөн А.Баттулга, Өмнөд Солонгосын Ён Таэ-Геүнийг 4:1-ээр буулган авч, шигшээ наймд хүрлээ.
Тэрбээр 9-р сарын 12-нд Испанийн боксчин, Европын аварга, ДАШТ-ий хүрэл медальт Мартин Молинатай хүч сорино.
Тэгвэл 55 кг-д тулалдаж буй Х.Билгүүнсайхан мөн л тэгшитгэлийн даваанд гоц мөргөсөн. Залгаад эхний тулаандаа “Парис-2024” олимпод оролцоод амжсан Шведийн Небил Ибрахимыг 2-р үед хүч техникийн давуугаар буулгаж авсан бол шигшээ 16-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Нижат Хусейновыг 5:0-ээр илүүрхсэн юм.
Түүний хувьд, 9-р сарын 10-нд Испанийн тамирчин, Европын АШТ-ий хүрэл медальт Рафаэль Лозанотай тулалдана.
70 кг-д тулалдаж буй О.Бямба-Эрдэнэ, эхний тойрогт гоц мөргөж, Литвийн Александр Трофимчукийг 5:0-ээр, Туркийн Некат Экинчиг 3:2-оор ялж, шигшээ наймд шалгарлаа.
Тэрбээр 9-р сарын 10-ны өдөр Английн Одел Камаратай хүрэл медалийн төлөө тулалдана.
Харин 60 кг-д хүч сорьсон Г.Лундаа тэгшитгэлийн шатыг алгасаж, Гүржийн Артюш Гомцяныг 5:0-ээр хожин, шигшээ 16-д хүрээд, Канадын Кеома Али Аль-Ахмадиед 5:0-ээр ялагдав.
Мөн 65 кг-ын жинд оролцсон ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт тэгшитгэлийн шатыг даваад Ираны Али Хабиб Наждад 5:0-ээр хожигдсон.
