Есдүгээр сарын 10-нд АНУ-ын консерватив улс төрийн зүтгэлтэн, Ерөнхийлөгч Трампын хамтран зүтгэгч, Turning Point USA хөдөлгөөнийг үндэслэгч, 31 настай Чарли Көрк Ютагийн их сургуульд илтгэл тавьж байхдаа буудуулж, амиа алдсан билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп алуурчныг баривчилсан талаар мэдээллээ. Тэрээр “Бид хэрэгтнийг баривчилсан. Түүнд цаазын ял онооно гэж найдаж байна. Көрк бол гайхамшигтай хүн байсан. Би түүний буудуулж байгаа бичлэгийг үзэхгүй. Яагаад гэвэл түүнийг амьд сэрүүнээр нь дурсаж явмаар байна” гэж Fox телевизийн нэвтрүүлгийн үеэр ярьсан юм.
ХМТ-оос мэдээлснээр гэмт хэрэгтэн нь Юта мужийн 22 настай Тайлер Робинсон ажээ. Робинсоны аав нь хүүгээ хэргээ хүлээж, Цагдаагийн газарт очихыг ятгаж чадсан байна. Юта мужийн захирагч Спенсер Кокс Робинсоны гэр бүлд зөв зүйл хийсэнд нь талархал илэрхийлжээ.
Тайлер Робинсоны гэр Ютагийн их сургуулиас 3 цаг явах зайтай. Хэрэгтний олон нийтийн сүлжээнээс харахад тэрээр буудлагын клубт очдог байсан байна. Тэгэхээр мэргэн буудах нь аргагүй. Тайлер “Пайнвью” дунд сургуульд сурч байсан. Дараа нь Юта их сургуульд орохоор Логан хотод нүүж иржээ. Гэсэн ч ганц семестр сураад сургуулиа хаясан байна.
Сонгуулийн хороонд тэрээр ямар нэг намын харьяалалгүй, улс төрийн идэвхгүй сонгогч гэж бүртгэгдсэн байжээ. Сүүлийн хоёр сонгуульд санал өгөөгүй. Гэхдээ түүний гэр бүлийн мэдээлснээр Тайлер сүүлийн үед улс төр сонирхдог болж, Көркийг байнга шүүмжилдэг болсон гэнэ.