UBLife Logo
Спорт

Хөнгөний ДАШТ-ий “хөнгөн бус” тойм#1

Хөнгөний ДАШТ-ий “хөнгөн бус” тойм#1

Спортын "Хатан хаан" хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-нд Японы Токио хотноо, "Japan national stadium"-д эхэллээ.

Энэ удаа Наран улсын нийслэлд 198 орны 2202 тамирчин цуглаж,  оролцогч орны болон тамирчдын тоогоор "Хатан хааныг" барах спортын төрөл байхгүй ээ.

Нэр хүнд, зэрэг дэв, эргэлдэх мөнгөөрөө хөлбөмбөгийн дараа л бараг орох байх. За энэ яахав, эхний өдрийн тоймыг базая.

"Токио-2025" ДАШТ-ий анхны аваргууд спорт алхааны 35 км-ын зайд тодорлоо.

Мэдээж тэмцээний анхны алтан медалийг авч, дэлхийн аварга болох тамирчин нь "нутгийн хүн" байгаасаа гэж япончууд төдийгүй би ч хүсч байлаа.

Эрэгтэйчүүдийн 35 км-ийн спорт алхаанд Азийн наадмын аварга Японы  Хаято Кацүки, 2022,2023 оны ДАШТ- ий яг энэ зайн мөнгө, хүрэл медальт Масатора Кавано нарт бүгд найдлага тавьж байсан.

Үнэхээр ч Кацүги, Кавано нар эхний 27 км-ыг зуузай холбон тэргүүлж явсан ч энэ хүрээд Эквадорын Хуртадод тэргүүллээ алдсан. Эквадор эр харин дүрэм зөрчсөнөөс ( спорт алхааны үед аль нэг хөл байнга газарт хүрсэн байх журамтай бөгөөд хоёр хөл хоёул газраас хөндийрсөн үед улаан хуудсаар торгоно) болж гурван улаан хуудас гурван өөр шүүгчээс хүртэн, улмаар 3 минут 30 секундын торгууль хүлээсэн. Энэ нь мань хүнийг медальд хүрэх боломжгүй болголоо.

Уралдааны туршид хүчээ нөөж байсан Эван Данфи төгсгөл тийш туршлага заан манлайлж эхэлсэн. Олимп, дэлхийн аваргын хүрэл медальтай, 34 настай канад эр хурдны хэмнэлээ тун сайн барьж байгаад төгсгөл рүүгээ улам хэмнэлээ нэмсээр барианд хамгийн түрүүн орж, дэлхийн аварга боллоо.

Данфи 2:28:22 амжилт үзүүлсэн. Энэ зайн дэлхийн рекордыг эзэмшдэг Италийн Массимо (2022 оны дэлхийн аварга) гуяны арын булчингийн гэмтлээс болоод ДАШТ-д оролцоогүй, 2023 оны дэлхийн аварга, Альваро Мартин зодог тайлсан зэрэг нь Данфигийн олон жилийн мөрөөдлөө биелүүлэхэд бас нөлөөлсөн болов уу?

Мөнгөн медалийг Бразилийн Кайо 2:28:55 , хүрэл медалийг Данфигийн " онжав" Японы Хаято Кацүки 2:28:16 амжилтаар хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 35 км-ын спорт алхаанд Испанийн Мариа Перес тасархай түрүүлж, аварга цолоо хамгааллаа. Перес өмнөх дэлхийн аваргаар ( Будапешт-2023) 20 км болон 35 км-ын зайд хошой алтан медаль хүртэж, Парисын олимпоос холимог буухиад алт, 20 км-т мөнгөн медаль авч байсан билээ. Перес барианд мөнгөн медаль хүртсэн Италийн Антонелла Палмисаногаас (Токио-2020 олимпын 20 км-ын аварга) гурван минут гаруйн өмнө (2:39:01) барианд орсон. Палмисано ДАШТ-ээс гурав

дахь медалиа хүртсэн бол хүрэл медалийг Колумбын Паула Милена Торрес 2:42:44 амжилтаар анхны медалиа зүүлээ.

ДАШТ-ий 49 төрөл,  зайнаас ганцхан холимог буухиа байгаа нь 4х400 холимог (2 эр+2 эм) буухианд АНУ-ын баг торолгүй түрүүлж, Нидерланд, Белгийн багууд мөнгө, хүрлийг хүртлээ.

Эрэгтэй бөөрөнцөг түлхэлтэд АНУ-ын Райан Краузер 22,34 м "төмөр бөмбөгөө" түлхэв.

Олимпийн гурван удаагийн аварга  бөөрөнцөг түлхэлтийн цорын ганц тамирчин , Дэлхийн рекордыг эзэмшигч Краузер тохойны гэмтлээс шалтгаалан уралдаан тэмцээнд ерөөсөө оролцоогүй байсан ч ДАШТ-д шууд ороод л гурав дахь алтаа хүртэв. Олимпийн гурван алт дээр нь дэлхийн гурван алт нэмэгдлээ, аугаа юмаа, аугаа юм.

Мөнгөн медалийг 21,97 м түлхэж, үндэсний рекордоо шинэчилсэн Мексикийн Муньос хүртэж, хүрлийг өмнөх ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Леонардо Фаббри 21,94 м амжилтаар зүүлээ.

Эмэгтэй 10 000 метрийн зайд "Парис-2024" олимпийн 5000м болон 10 000 м-түрүүлж хошой алтан медаль зүүсэн, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт , дэлхийн рекордын эзэн Кенийн супер од Беатрис Чебеттэй өрсөлдөх боломжтой нь олимпийн хүрэл, ДАШТ-ий 2 алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт Этиопийн  Гудаф Цегай байв.

Үнэхээр "уралдсан, уралцсан" энэ хоёр. Барианд ороход 200 м дутуу байхад Цегай өнгөлж явсан ч барианы шулуун замд Чебет хажуугаар нь "сүн" хийгэнд л дайрч, 30.37,61 амжилтаар барианд орж, дэлхийн аварга цолыг анх удаагаа хүртлээ.

Мөнгөн медалийг Италийн Надья Баттоклетти 30.38,23 амжилтаар мөнгөн медаль хүртэж, харин хөөрхий Цегай 30.39,66 амжилтаар хүрэл дээр "буулаа".

Эхний өдөр  Японы Үндэсний цэнгэлдэхэд 56 819 хөнгөн атлетикийн хорхойтнууд ДАШТ-ийг үзжээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.