Хэлний гайхамшиг, илэрхийллийн гоо сайхан, үгийн баялаг ганцхан номонд л байдаг. Тиймээс шинэ ном бичигдэх, орчуулагдах алин боловч тухайн хэлийг баяжуулж, хэлний амьд зарчимд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэгээд ч шинэ ном гэдэг уншигчдын хувьд хамгийн нандин нууц байдаг тул түүнийг нээх нь хэзээд сайхан байдаг.
Бид есдүгээр сарын 19-21-ний өдрүүдээр Сүхбаатарын талбайд явагдах Үндэсний номын баяраар уншигчдын гарт анхлан хүрэх ХОРИН өвөрмөц номыг онцолж байна.
П.Майнбаяр “Цаснаас амилсан хүн”

Зохиолч, яруу найрагч П.Майнбаяр нь хүүрнэл зохиолд өөрийн өвөрмөц өнгө аяс, дүр бүтээх арга барилаараа танигдсан уран бүтээлч юм. Тэрбээр өмнө нь “Хагас нь эс хагас нь элс” өгүүллэгийн түүвэр болон “Мөнхийн хөсөг” туужийг уншигчдын хүртээл болгосон нь хүний оршихуй, хувь тавилангийн нарийн нугачааг уран сайхны түвшинд дүрслэх эрэл хайгуулынх нь эхлэл болж байв.
Харин “Цааснаас амилсан хүн” роман нь зохиолчийн уран бүтээлийн шинэ эрэмбэ, гүнзгийрэл болсон бүтээл гэж хэлж болно. Роман нь гурван бүлгээс бүрддэг бөгөөд:
• “Төмөр торхны дуу”
• “Хорь арваны тав”
• “Жаргалтай сүүдрүүд” гэсэн хэсгүүдэд өнгөрсөн ба одоо цагийн уялдаа холбоог хүний оршихуй, дотоод ертөнцийн тэмцэлтэй холбон хүүрнэжээ. Зохиолчийн бичлэгийн хэв маяг нь эгэл амьдралын дүр зургийг зүүд, дурсамж, бодлын урсгалтай холбон сүлэлдүүлснээрээ онцлогтой. Энэхүү романд дам бэлгэдэл, егөөдөл, ёгтлол өргөн хэрэглэгдсэн нь уншигчийг өөрийн гэсэн тайлбар, төсөөллийн орон зай руу хөтөлнө.
Хүний дотоод сэтгэл, ухамсар дахь үймээн самуун, эргэлт хувирал, хайрын хүсэл мөрөөдөл, зүүдний нууцлаг ертөнцийг уран сайхны өндөр мэдрэмжээр буулгаснаараа сэтгэлзүйн романы шинжийг хүчтэй агуулсан бүтээл болжээ. “Цааснаас амилсан хүн” нь зөвхөн нэгэн хүний хувь заяаны тухай өгүүлэх бус, нийт нийгмийн үнэн төрх, хүний эрх чөлөө, оршихуйн үнэ цэнийг эргэцүүлэн бодоход хүргэх, уран сайхны гүн ухаант бүтээл юм.
Халиль Жибран “Зөнч”

Эрхлэн гаргасан: Арвис паблишинг
Орчуулагч: Г.Лхагвадулам
Ливан улсаас гаралтай нэрт яруу найрагч, зураач Халиль Жибраны “Зөнч” зохиол болбоос 115 хэлнээ орчуулагдаж, 100 гаруй сая хувь борлогдсон бүтээл билээ.
“Зөнч” бол цэвэр яруу найраг ч биш, цэвэр философи ч биш, хүний амьдралдаа санаж баримталбаас зохих зүйлсийг үргэлжилсэн үгийн яруу найраг хэлбэрээр буулгасан, нууцлаг агаад философилог өнгө аястай бүтээл юм.
Номын үйл явдал Альмустафа хэмээх зөнч, арванхоёр жилийн цөллөгийн дараа нутаг буцахынхаа урьд өдөр Орфалес хотын иргэдэд өөрийн бодрол ухаарлыг хуваалцаж байгаагаар өрнөдөг.
Тэрбээр хайр, гэрлэлт, хүүхэд, ажил хөдөлмөр, баяр, гуниг, эрх чөлөө, нөхөрлөл зэрэг олон сэдвийг хамран сургаалт үгсээ айлдана. Ийн амьдралын бүх л тохиол учралыг хөндсөнөөрөө, хүмүүсийг өөрсдийн зүрх сэтгэлийн гүн рүү аялахыг урин дуудсанаараа энэ зохиол бүх үеийн, бүх төрлийн хүмүүсийн сэтгэлд нэвтрэх увдисыг олжээ.
Г.Сүрэн “Үг хүчтэй гэдэгт итгэдэг”

Эрхлэн гаргасан: Дотор хүн
Сэтгэлийн гүн дэх бяцхан итгэл, дулаан эрчим, хүч тэнхээгээ мартах үе бидний амьдралд тохиох нь бий. Харин чин зүрхний үгс унтрах шахсан тэр бяцхан цучлыг асаан тодруулж, хүрэх замыг гэрэлтүүлэн дулаацуулдаг нь хэчнээн гайхалтай вэ?
“Үг хүчтэй гэдэгт итгэдэг” бяцхан ном дотор тань бүрэлдэн биежих гэрэл гэгээг цацраан, бүүдгэр өдрүүдэд дулаан тайтгарал мэдрүүлэн, өөрөө өөртөө шивнэх тарни мэт дотно дулаан дуу хоолой байх нь гарцаагүй.
Энэ бол үг хүчтэй гэдэгт итгэдэг зүрх бүхэнд зориулагдсан бүтээл юм.
Этгар Керет “Бурхан болохыг хүсдэг автобусны жолооч”

Эрхлэн гаргасан: Тагтаа паблишинг
Орчуулагч: Б.Сувддулам
Израил-Польшийн зохиолч Этгар Керет 1967 оны наймдугаар сарын 20-нд Рамат-Ган хотод дэлхийн II дайны үед нацистуудын бөөнөөр хорих лагериас амьд гарч чадсан польш хосын гурав дахь хүүхэд болон мэндэлжээ.
Амьдралын түмэн өнгө хийгээд олон далайцтай сэдвийг инээд хоржоон, ёгтлол егөөдөл, уран сэтгэмжээр сүлэн асар бага орон зайд багтааж чаддагаараа алдартай бэсрэг өгүүллэгийн сод туурвилч тэрбээр “Бурхан болохыг хүсдэг автобусны жолооч (2004)”, “Сураггүй болсон Киссинжер (2007)”, “Гэнэт хаалга тогшив (2012)”, “Алив, нисээч (2020)”, “Автомат засвар (2025)” зэрэг өгүүллэгийн түүвэр, “Циркчидтэй хамт дутаасан аав (2004)”, “Урт үстэй муужгай хүү (2020)” зэрэг хүүхдийн ном, “Сайнаар дурсах долоон жил (2013)” хэмээх намтар, дурсамжийн ном бичжээ.
Мөн өгүүллэгүүдээс нь сэдэвлэсэн богино хэмжээний 60 гаруй кино бий. Түүний бүтээлүүд дэлхийн 48 орны хэлээр орчуулагдан гараад буй бөгөөд The New York Times, Le Monde, The New Yorker, The Guardian, The Paris Review, Zoetrope зэрэг нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгджээ. Этгар Керет эдүгээ Тел-Авив хотод эхнэр, хүүгийн хамт амьдарч байна.
Билли Коллинс “Өдийхнийг сананам”

Эрхлэн гаргасан: Boobooks
Орчуулагч: Г.Лхагвадулам
Орчин цагийн яруу найргийн ертөнцөд хэн нь ч Билли Коллинс (1941) шиг олонд танигдаагүй, түүнийх шиг хэмжээний алдар нэрийн оргилд хүрээгүй гэхэд хилсдэхгүй. Түүний оролцох яруу найргийн уншлагын тасалбар хэдэн мянгаараа зарагдаж, хэвлэлийн газрууд шинээр хэвлэгдэх түүвэрт нь зургаан оронтой тоогоор хэмжигдэх урьдчилгаа өгдөг байсан нь саяхан. Өдгөө 80 хэдийнээ гарсан ч долоо хоног бүр цахимаар уншлага хийхэд нь хэдэн арван мянган хүн түүнийг шууд сонсдог нь хэвээрээ байна. Хамгийн сүүлд 2024 оны 11 дүгээр сард хэвлэгдсэн “Water, Water” нэртэй шинэхэн түүвэр нь гэхэд л тэр дороо бестселлер болно лээ.2001-2003 онд АНУ-ын Үндэсний найрагч, 2004-2006 онд төрөлх муж Нью-Йоркийнхоо Мужийн найрагчаар сонгогдон ажиллаж байсан Коллинс яруу найргийн төрлөөр Америкийн бараг хамаг л том шагнал, өргөмжлөлийг хүртсэн юм. Тэдгээрээс нэгэн онцгой шагнал анхаарал татна: Марк Твений нэрэмжит Яруу найраг дахь хошин өнгө аясыг хөгжүүлсний төлөөх шагнал (Mark Twain Award for Humor in Poetry).Коллинсын шүлгүүд үнэхээр ч егөө хошигнол, хурц хоржооноор дүүрэн. Шүлэг гэдэг ердөө гуниг гутрал, эсвэл шаналант гацаа биш; харин өндөр дээд боловсрол, хурц түргэн ухаан, айхавтар мэдрэг совин, ёжлолын хүч, нөлөө болохыг Коллинс сайн мэднэ. Тэгээд л биднийг тэр “Шүлэг дотор хулгана тавиад сүлжин сүлжсээр замаа олон” буцаад гараад явахыг нь сайн хар, ажигла хэмээн зөвлөж байна.Бид энэ түүвэртээ түүний өөрөө сонгож, 1997 онд өөрийн дуу хоолойгоор бичүүлэн олны хүртээл болгосон “Хамгийн сайхан янжуур” нэртэй хуурцагт багтсан шүлгүүдээс нь болон уншлага бүрдээ чухалчлан шигтгэдэг алдартай бүтээлүүдийг нь багтаахыг зорилоо.
Д.Урианхай “Салхи уншсан, одоо …”

Эрхлэн гаргасан: AUM паблишинг
Азийн тэргүүн яруу найрагч, зохиолч Дамдинсүрэнгийн Урианхайн "Салхи уншсан, одоо..." түүвэрт зохиолчийн сүүлийн жилүүдэд бичсэн шинэ өгүүллэгүүд багтжээ.
Түүний өгүүллэгүүд нь хүн хоорондын харилцаа, өнөөгийн технологи давамгайлсан нийгэмд хэрхэн мөн чанараа гээлгүй "хүн хэвээр үлдэх", үнэт зүйлсээ дотоод сэтгэлдээ яахин ухамсарлах талаарх сэдвийг уудалснаас гадна оюун ухамсарт бодгаль гэх тодорхойлолт үнэхээр бидэнд нийцэж байгаа юу гэдгийг эргэцүүлсэн зэрэг олон агуулгыг бүтээл тус бүрдээ хөнджээ.
Мөн тус өгүүллэгүүд нь Д.Урианхай зохиолчийн гүн ухааны эргэцүүлэл, модерн бичлэгээс гадна хүний зан авирын мунхаг талыг дүрүүдээрээ товойлгон гаргаж, мөнөөх эрс дорой чанарыг нь амьтан, эсвээс байгалийн хүншүүлсэн дүрслэлээр эерэгээр нөхжээ.
Салман Рушди “Шөнө дундын хүүхдүүд”

Эрхлэн гаргасан: Chimee паблишинг
Орчуулагч: Г.Сугиррагчаа
Энэтхэг гаралтай Британийн зохиолч Салман Рушдигийн нэрийг дэлхийд цуурайтуулсан “Шөнө дундын хүүхдүүд” роман энэ намар монгол уншигчдад анхлан хүрч байна.
Энэтхэг улс тусгаар тогтнолоо зарласан яг тэр мөчид төрсөн Салим Синай хүү болон түүнтэй хамт мэндэлсэн “шөнө дундын хүүхдүүд” бүгд ер бусын чадвартай. Харин Салимыг тэдгээр хүүхдүүдийг холбох оюун санааны нууцлаг хүч хөтөлж, түүний хувь тавилан эх орныхоо түүхтэй салшгүй холбогдоно.
Түүхэн үйл явдлыг ид шид, зөгнөлтэй хослуулсан энэ бүтээл шидэт реализмын сонгодог жишээ. 1981 онд Booker Prize, дараа нь “Booker of Bookers”-ын шагналыг хүртэж, өдгөө ч дэлхийн хамгийн үнэ цэнтэй, нөлөө бүхий романуудын нэг хэвээр байна.
Б.Алтанхуяг “Мууран төрхтэй хүмүүс”

Эрхлэн гаргасан: AUM паблишинг
Энэ ном бол уран сэтгэмжит, уран зөгнөлт өгүүллэгийн түүвэр юм.
Тэрбээр өмнө нь “Муурын байшингуудын түүх”, “Эрээн муурын үхэл” зэрэг хүүрнэл зохиолын бүтээлүүдийг хэвлүүлсэн. Харин энэ удаад 2019 оноос хойш бичсэн өгүүллэгүүдээсээ арван өгүүллэг сонгож эмхэтгэсэн байна. Номын өмнөтгөлд орчуулагч Д.Дашмөнх ийнхүү дурджээ."...Тухайлбал мэдрэмжийн нугачаа атираа, төөрөгдөл, сэрэл, ухамсар, хийрхэл бүхнээ тоочин бичээд байдаг, сэтгэл зүйн гэмтэл, сэтгэцийн шарх, оюун билгийн төөрөгдлийг онцгойлон дөвийлгөн бичээд байдаг эмэгтэй баатартай орчин цагийн уран зохиолыг би таашааж огтоос чаддаггүй тул түүнээс тэс ангид өгүүлэмжтэй учир энэ өгүүллэгийн түүвэр лав ихэд таашаагдлаа".
Сун Вон Пён “Бүйлс”

Эрхлэн гаргасан: Тагтаа паблишинг
Орчуулагч: Б.Дэлгэрмаа
Зохиолч 1979 оны 4-р сарын 21-нд Сөүл хотноо төржээ. Социологи, философийн чиглэлээр давхар мэргэшсэн нь цэгцтэй сэтгэж, хүмүүний мөн чанарыг уудлан бичихэд нь ихээхэн нөлөөлжээ. “Бүйлс” роман нь түүний анхны бүтээл бөгөөд 2016 онд хэвлэгдэн гарсан цагаасаа хойш хориод хэлнээ орчуулагдаж, сая гаруй хувь борлогдож, залуу уншигчдад зориулсан шилдэг бүтээлд олгодог “Чанби” шагналыг хүртсэний сацуу BTS хамтлагийн гишүүн RM хамгийн дуртай номоороо нэрлэж, мөн хамтлагийн Мин Юнги буюу Август-Ди энэхүү номоос сэдэвлэн "Амигдала" дуугаа бичиж, дэлхий дахины уншигчдын талархлыг хүлээсээр буй.
Алекситимия буюу мэдрэмж, сэтгэл хөдлөлөө таньж, илэрхийлж эс чадах эмгэгтэй Юнжэ, эцэг эхээсээ төөрч амьдралын түмэн нугачаан дунд унаж боссоор өсвөр насанд хүрсэн Гон хэмээх үе тэнгийн хоёр хөвгүүний түүхээр дамжуулан хүмүүний оршихуй, ганцаардал, нөхөрлөл, энэрэн нигүүлсэхүйн тухай өгүүлэх хурдтай өрнөл, өвөрмөц дүрүүд бүхий сэтгэл хирдхийлгэм атлаа халуун дулаан эл бүтээл уншигч таны зүрх сэтгэлд итгэл, хайрын гэрэл нэмэх нь лавтай биз ээ.
“Замдаа гарцгаая Хүрээ хөвгүүдээ …”

Эрхлэн гаргасан: Boobooks
Тэд зургуулаа байлаа. Өөр өөрийн мөрөөдөл, эргэлзээ, хүсэл тэмүүлэлтэй залуус. Улаанбаатарын хуучны гудамж, цоожтой хаалга, кафе, баар, шөнийн хот - бүгдэд нь тэдний айзам шингэсэн. Тэднийг нөхөрлөлөөс илүү үг, үзэл санаа холбож байв. Тэд өөрсдийгөө баатар хэмээн цоллоогүй, бас цаг үеэ эсэргүүцэгч ч гэж бодоогүй. Харин “өөрөөр амьдарч, өөрөөр мэдрэх” хүсэлд уусан, нэгэн уриа дор нэгдсэн хөвгүүд явлаа: “Бид шинэ юм биш ч хуучин байхыг үл хүснэ.”
Энэ үг бол тэдний амьдралын гол утга, энэ номын цохилох зүрх нь юм. “Замдаа гарцгаая” хэмээн бусдыгаа дуудаж ахуйдаа тэд гудамжны нэг булангаас нөгөөг зорьсонгүй. Тэдний зорилго ирээдүй рүү, өнгөрч хуучирснаас холдож өөрсдийн гэсэн “өнөө”-г бүтээх дуудлага байв. Энэ бол залуу насны эрчим, эрсдэл, эрэл хайгуулын түүх. Энэ ном бол зөвхөн “Хүрээ хөвгүүд”-ийн дурсамж бус, нэгэн үеийн их тэсрэлт, хотын уран зохиолын эхлэл, утга учиргүйг өөрсдийнхөөрөө тодорхойлох оролдлого, зам, үзэл санаа болсон юм.
С.Мөнхбат “Эзэн байя”

"Эзэн байя" ном нь Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат, Шагж Гэлэн нарын хамтран бичсэн бүтээл юм. Тус номын редактор зохиолч Т.Бум-Эрдэнэ "Бөх хүний тухай гэхээсээ ямар хүн бөх болдог тухай. Аварга хүний тухай гэхээсээ ямар бөх аварга болдог тухай ном юм" гэж тодорхойлсон билээ.
Ном гурван бүлэгтэй, эхний бүлэг аваргын бага насны дурсамж, удаах бүлэг аварга цол хүртсэн тамирчны замнал, гуравдугаар бүлэгт түүний үзэл санаа, үүсгэн байгуулсан "Бор аварга" сангийн зорилго тэмүүллийн тухайд багтсан өргөн сэдвийг багтаасан ном ажээ. Үндэсний бөхийн тамирчин хүний алдаа оноо нулимс баяртай түүхүүдийг та унших болно.
"Бөхийн ертөнц гэдэг хоёр бөх уран мэх уралдуулан барилдах тухай асуудал бус төр шашин, эрх мэдлээс эхлээд түүнээс чинад далдын ертөнц, урьдын хураасан буян, энэ насны үйлийн үр, өмнөх хойд төрөл, үр хүүхдийн хувь заяатай холбоотой зүйл байдаг юм байна даа гэдгийг ясан дээр минь тогшиж ойлгуулсан баяр, гуниг хосолсон баяр наадмын жилүүд байлаа" хэмээн тус номдоо бичжээ. Үүнээс гадна та бүхэн төрийн хүчтэн улсын аварга хүний үзэл бодлыг ч мөн унших болно.
Херман Хэссэ “Демиан”

Эрхлэн гаргасан: Ritm publishing
Орчуулагч: Н.Өнөржаргал
"Талын чоно", "Сиддхарта" зэрэг романуудаараа эдүгээ бидэнд танигдсан зохиолч Херман Хэссэгийн бүтээл туурвилыг дэлхийн I дайны үед “цуст дэмийрэл” хэмээн гоочлох нь ч байв.
Тэрээр дайны үед концлагерьт алба хашиж, хэдэн мянган гэмгүй хүн амь үрэгдэхийг гэрчилж байснаас гадна сэтгэцийн өвчтэй болсон эхнэрээсээ салж гүн хямралд оржээ. Чингээд алдарт Карл Юнгийн тусламжтай удаан хугацааны сэтгэл засал хийлгэснийхээ дараа 1917 онд Эмил Синклер гэх хуурмаг нэрээр “Демиан” романаа гаргасан байна.
“Демиан” бол зохиолчийн өөрөө өөрийгөө харгалзан хорьсон бас өөрөө өөрөөсөө чөлөөлөгдөн мултарсан өнө удаан үйл явцын баримт нотолгоо болсон роман билээ.
П.Дэлгэрбаяр “Тойрог”

Эрхлэн гаргасан: AUM паблишинг
Найруулагч, кино зохиолч П.Дэлгэрбаярын "Тойрог" тууж уншигчдын гарт очиход бэлэн болжээ. Үйлийн үрийн сэдвийг нэлээд өргөн тойрогт гүнзгий хунгар үүсгэн оруулж, түүн дотуур чөлөөтэй эргэлдэх сэтгэхүйн цар хүрээ, бичлэгийн этгээд өнгө туужийн өгүүлэмжийг хэрхэн бий болгож, дүрүүдийг дам бэлгэдлээр илэрхийлснээрээ онцлогтой.Хүний оюун ухааны цар хүрээнээс давсан ер бусын хүчин бодитоор оршдог агаад үүн дотор нэгэнт гишгэсэн л бол ямар нэгэн өнцөггүй тойрог дотроос гарах боломжгүй.
Накано Нобүко “Шударга ёсны хордлого”

Эрхлэн гаргасан: Chimee паблишинг
Орчуулагч: Д.Чимгээ, Д.Маралгоо
“Шударга ёсны хордлого” бол Японы тархи судлаач Накано Нобүкогийн бичсэн, орчин үеийн нийгмийн сэтгэлзүйн нэгэн эмзэг үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан бүтээл юм.
Хүн бусдын оршихуй болоод “буруу”, “шударга бус” үйлдлийг буруутгах, яллаж шийтгэх үедээ таашаал мэдэрдэг мөн чанартай бөгөөд энэ нь бүр донтолт болон хувирч болзошгүй. Зохиогчийн тайлбарласнаар, энэ нь хүний тархины бүтэцтэй холбоотой тул хэн ч “шударга ёсны дон”-д автаж болно.
Ковидын үеэр халдвар авсан нэгнийг нийтээрээ гадуурхах үзэгдэл ийм дон хэрхэн илэрч болохыг харуулсан тод жишээ юм. Сошиал медиа өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон өнөө цагт энэ дон улам газар авч, хүмүүс өөрийн байр суурийг туйлшруулан хамгаалж, “миний зөв, би л шударга” гэсэн хандлагад гүн автдаг. Өөрөөр хэлбэл сошиал медиа шударга ёсонд донтогсдын хувьд хямд төсөр хэрэгсэл болж хувирчээ. Хамгийн аюултай нь, хөнгөнөөр бичсэн нэг л коммент бусдын сэтгэлд гүн шарх үлдээж, нөхөж баршгүй хор уршиг дагуулж мэднэ.
Энэхүү ном нь асуудлыг тайлбарлаад зогсохгүй “шударга ёсны дон” гэх нэр томьёог гаргаж ирэн нийгэмд шинэ өнцөг, шинэ ойлголт дэвшүүлснээрээ онцгой бүтээл юм. Энгийн, ойлгомжтой үгээр бичигдсэн энэ ном уур хилэн, үзэн ядалтын гинжнээс ангижирч, өөрийгөө ч, өрөөл бусдыг ч хордуулахгүйгээр тайван амьдрахыг хүссэн хэн бүхний зайлшгүй унших бүтээл юм.
Д.Урианхай “Хуучин дүрүүдийн шинэ дээл”

Эрхлэн гаргасан: Д.Урианхай судлал академи
“Хуучин дүрүүдийн шинэ дээл” хэмээх номд орсон өгүүллэгүүд “Монголын Зохиолчдын Эвлэл”-ээс эрхлэн 1995 онд хэвлэсэн “Монголын уран зохиолын дээжис” ботиудын 75 дугаар боть, ӨМӨЗО-ны Хөх хотод хэвлэсэн ботиудад дахин хэвлэгдсэн “Тэнгэр тэмдэгрэх” ботийн хуучин өгүүллэгүүд (“Аав эзгүй намар”, “Үхрийн эвэр шиг адилхан хоёр үдэш”, “Улаан инээдтэй бөмбөг”) “Танилаар дүүрэн хорвоо”, “Хүүхдийн зохиол”-оос бусад нь бөгөөд насны залууд яаруу дааруу “шударсан”, төр өнгөрсөн цаг үед Монголын уран зохиолын өгүүллэгийн төрлийн сор болж алдаршиж байсан өгүүллэгүүдтэй харьцуулахад хэдийгээр жаахан (сондгой) сэтгэлгээтэй ч (интеллектлэг, сэтгэлзүйн чиглэлтэй гэхээр) ур чадвар, хэл найруулаг, уран сайхны түвшин дутуу нь илт мэдэгддэг юм.
Тэр жилүүдэд би уран зохиол тун шаргуу оролдож эхэлсэн залуу хүний хувьд Монголынхоо уран зохиолын шүлэг, найраглал, өгүүллэг, тууж, романуудыг их сонирхон, шүлтэн уншдаг байсан ч тэдгээрийнхээ утга агуулгын шинж чанар, бүтцэд хийгээд арга барилд ужиг тогтсон хэлбэрүүдэд жаахан шинэ салхи сэвэлзүүлмээр санагддаг байсан сэтгэлээрээ тухайн үеийн уран зохиолын ойлголт, чиглэл, хандлага, үзэл санаа, онол бодролын шугамыг аль чадах чинээгээрээ “мурийлгах”, хүний амьдралын бодит үнэн рүү, амьдралын гүн дэх зөрчил, драм руу ойртуулах, сэтгэлгээг шинэчлэлийн эрэл рүү, “хэлбийлгэх сэн” гэж хүсэж байсан юм.
Тэр хүсэл, сонирхолдоо хөтлөгдөн, өөрийгөө юуны түрүүнд дайчлахаар сэтгэл шулуудсан оролдлогууд эдгээр өгүүллэгүүдэд хийгдсэн нь эерэг талтай санагдавч Монголынхоо шинэ, социалист хөгжлийн үеийн утга зохиолын өгүүллэгийн төрлийн үнэ цэнийг унагахад жишээ баримтын нэмэр болчих вий! гэж үхтлээ айж, сая 2024 оны арван нэг, арван хоёрдугаар саруудад бүгдийг нь дахин нухаж, нэлээд засаж, дүрүүдийн үг, бас үйлдлийг үг дүрийн “дотоод ертөнц”, сэтгэлзүйн онцлогоос үүдэж буй шалтгаантай нөхцөлдүүлэхийг мэрийсэн минь бичлэгийн ур чадварыг өмнөх хувилбараас нь үл ялиг ч болов дээрдүүлсэн мэт санагдахаар дэвтэрлэн зүрхэллээ.
Эдогава Рампо “Доктор Мэрагийн гэмт хэрэг”

Эрхлэн гаргасан: Хар муур
Орчуулагч: Д.Дашмөнх
Эдогава Рампо гэдэг нь японы адал явдалт зохиолын титэмгүй хаан Таро Хирaигийн уран зохиолын нэр юм. Үүний шалтгааныг мэдэхгүй уншигч ховор биз ээ.
“Хар муур” хэвлэлийн газраас түүний өгүүллэгүүдийг Д.Дашмөнхийн дуун хөрвүүлснээр эмхэтгэн “Доктор Мэрагийн гэмт хэрэг” нэртэйгээр уншигчдад хүргэжээ.
Бүхий л зүйлс яг зүүд шиг, орчин үеийн бүх урлагийг нэгэн дор цутгасан мэт өрөөнд төөрчхөөд гарч чадахгүй байгаа мэт байдалд Рампо уншигчдыг аваачдаг. Тэнд бид хар дарсан зүүдэндээ л үзэж болмоор аймшигт аллага, солиот хүмүүсийн зугаа цэнгэл, зохиолчдын уран сэтгэмжид төөрөлдөж гүйцээд өөрийнхөө гар хөлийг зүсч үзмээр санагдаж эхлүүт Рампо уншигчаа өнөөх хонгилоос огцомхон хөөгөөд гаргачихна. Энэ л түүний төгс чанар, япон хэв маяг юм.
М.Уянсүх “Есдүгээр сар ба энэ зам”

Эрхлэн гаргасан: Chimee паблишинг
Яруу найрагч М.Уянсүхийн энэ түүвэр нь намраас үүдсэн гуниг, ганцаардлаар дамжуулан ертөнцийн жам, хүний сэтгэлийн оршихуйг эргэцүүлсэн шүлгүүдээс бүрдсэн бөгөөд залуусын дунд эрэлттэй тул 2014 онд цөөн тоогоор хэвлэгдсэн уг түүврийг ЧИМЭЭ хэвлэлийн газар дахин хэвлэжээ.
Ганцаардлаар зам хийж, үнэний эрэлд бэдэрсэн шүлгүүдээс нь үе үеийн мэргэдийн дэвшүүлсэн мөнхийн санааг зохиогч өөрийнхөөрөө тайлахаар эрмэлзсэнийг мэдэрч болно. Ер нь М. Уянсүхийн шүлэг, хүүрнэл аль нь ч мөнх бусын эргэцүүлэл дүүрэн байдаг онцлогтой. Мөн тэр нь тайлшгүй нууцыг тэмтэрч, хүршгүй алсад тэмүүлж байдаг.
“Шилдэг легионерууд”

Орчуулагч: Н.Энхбаяр
Нэгэн цагт АНУ-ын хамгийн “үндсэрхэг” спортын лиг байсан NBA сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эрчтэй даяарчлагдав. Ялангуяа сүүлийн жилүүдэд тус лиг авьяаслаг гадаад тоглогчдоор бялхаж буйн нэг тод илрэл нь 2018 оноос хойш улирлын Үнэ цэнтэй тоглогчийн шагналыг америк тамирчид хүртэж чадаагүй явдал юм.
Энэ хугацаанд Я.Адетокунбо, Н.Йокич, Ж.Эмбийд, Ш.Гилжес-Александр нар энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болцгоожээ. Өөрөөр хэлбэл, жил ирэх тусам NBA олон улсын шилдэг тоглогчдын “тайз” болон хувирч байна. Тэрхүү тайзны гол дүрүүд болох Я.Адетокунбо, Н.Йокич, Ж.Эмбийд, Ш.Гилжес-Александр, Л.Дончич нарын тухай “Шилдэг легионерууд” ном хэвлэгдэн гарлаа.
Энэ номд тэдний спортын амжилт, талбай дээрх гайхалтай тоглолтоос гадна гарал үүсэл, гэр бүл, сорилт бүтэлгүйтлийн тухай өгүүлэх болно. Олон сая залууст мөрөөдөл биелдгийг үлгэрлэн харуулж, NBA-ийн нүүр царай болж буй таван гадаад тоглогчтой танилцахыг урьж байна.
Ш.Баттөр “Уран зохиолын онол”

Бүтээлийн онцлог тал нь өнөөдөр улс төрчид, гүн ухаантнууд, хэл бичиг, түүх, боловсрол судлаачдын анхаарлын төвд байгаа уран зохиолын нийгэмтэй холбогдох харилцаа холбоо, түүний үүрэг, ач холбогдлын тухай өмнөх эрдэмтдээс өөрөөр харж, өөр өнцгөөс маш товч, тодорхой хэн бүхэнд ойлгомжтой тайлбарлахыг оролдсон явдал болно. Тиймээс ч энд би Ш.Баттөрийн нэгэн гаргалгааг дахин тодоор олон нийтэд хүргэхийг хүсэж байна.
“Нийгмийн зөвшилцлийн хийсвэр тогтолцоо буюу супер субъектив нь эргээд нийгмийн төлөвшлийг хангаж, барьж байдаг болно. Эндээс цаашлаад нийгмийн баталгааны суурь зарчим гэсэн ойлголт урган гардаг бөгөөд нийгмийн байгууламжийн хүрээнд хэм хэмжээ, шаардлагаар дамжин бид маргаашдаа итгэдэг байна. Эндээс цаашлаад уран зохиолын үнэлэмж гэсэн ойлголтын тухай ярьж болох бөгөөд нийгмийн баталгааны онол ёсоор хэн нэгэн буюу хэсэг бүлэг хүний санаатай хийгээд санамсаргүй үнэлэмжийн үр нөлөө нь эргээд уран зохиолд нөлөөлдөг байна”.
Энэ ойлголт бол хэн бүхэнд ялангуяа монгол хэл шинжлэл судлаачдад маш их хамаатай хэмээн үзэж, тэдний монгол хэл гэж зөвхөн хэлзүйг голлон сэтгэхүйг хаясан, ЕБС-ийн сургалтыг замруулсан балаг нь монгол хэлний “ядуурал сүйрэл”-д хүргэсэн нөхөдөд бүр ч их хамаатай хэмээн бат итгэлтэй бодож сууна. Мөн түүнчлэн уран зохиолын үүрэг ач холбогдлын талаар судлаачийн сонирхолтой шинэ дүгнэлт гаргалгаанууд номын өвөрмөц чанарыг өгүүлэхийг уншигч олон олж унших болно гэдэгт гүнээ итгэж байна.
Д.Ганзориг “Товшлолууд”

Эрхлэн гаргасан: Арвис паблишинг
“Товшлолууд” номын зохиолч Д.Ганзоригоос шинэ номынх нь тухай уншигчдад төсөөлөл, сэжим өгөх дараах асуултуудад хариулт авлаа.
-Шинэ номын тань үүдэл санаа юунаас эхлэлтэй вэ, хэдий хэр хугацаанд хэрхэн бичиж боловсруулав?
-Би “Товшлол” хэмээх имэйл ньюслеттер бичдэг болоод бараг таван жил болох гэж байна. Substack гээд сүүлийн үед бичээчид, сэтгэгчдийн цугларах талбар болоод байгаа платформ дээр нэлээн эхэн үед нь өөрийн орон зайг үүсгэж байлаа. Голдуу хүн ажил карьерын талбарт өөрийгөө хэрхэн ахиулах вэ, хэрхэн бүтээлч бас бүтээгч байх вэ, яаж цэвэр тунгалаг бодож сэтгэх вэ гэдэг сэдвээр уншсан дуулснаас товчхон имэйлээр хуваалцдаг. Сүүлийн үед ньюслеттер хэмээх энэ контентын төрөл дэлхийд их газар авч байгаа л даа. Учир нь бичсэн агуулга сошиал медиагаар дамжилгүй, уншихаар имэйлээ бүртгүүлсэн хүмүүсийн инбоксод шууд илгээгдэн ирдэг нь бичигч, уншигч аль аль талдаа их тухтай байдаг. Интернэт дэх энэ орон зайдаа бичсээр нэг харахад “бэсрэг эсээ” гэж тодорхойлж болох 100 гаруй нийтлэл биччихсэн байна. Тэдгээрээсээ шигшээд заримыг нь ном болгон илүү олон хүнд хүргэх, уншигчдадаа бас бичвэрүүдээ ном хэмээх хүндтэй, бас тухтай хэлбэрээр санал болгохыг хүссэн хэрэг.
-Таныг пүрэв гараг бүр хүмүүсийн и-мэйл хаягаар товшлолуудаа илгээдэг байсныг мэдэх юм. Харин уг бичвэрүүдэд тань хариу захидал илгээсэн уншигч хэр олон байв, тэд ямар санал хэлж байсан бэ?
-Хааяа ирнэ ээ. Хүмүүст бичвэр таалагдсан бол “Like” дарна, сошиал медиад хуваалцана. Гэхдээ ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүйгээр уншаад явдаг нь олонх. Миний ажиглалтаар бол тухайлан сэтгэгдэл бичих, харилцан яриа үүсгэх соёл одоогоор жаахан сул байгаа. Яваандаа өөр болно байх.
-Орчин цагийн завгүй амьдралын хэмнэлд зузаан ном унших нь тээртэй санагдах ч үе бий. Та уг номоо нойр хүргэсэн уйтгартай болохоос хэрхэн аварсан гэж хэлэх вэ?
-Энэ ном нь бэсрэг эсээнүүдийн эмхэтгэл. Тэгэхээр хаанаас нь ч эхлээд уншиж болно. Товшлол гэдэг нь товчлох, товших гэсэн хоёр үгийн нийлэмж буюу би анхнаасаа л аливаа сонирхолтой санаанууд, агуулгыг товчхон хүргэх зорилгоор энэ бичвэрийн форматыг үүсгэсэн. Тиймээс энэ ном уншихад хялбар байх болов уу.
-Уг номоо хэвлүүлэхийн өмнө ямарваа нэгэн эргэлзээтэй нүүр тулсан удаа бий юу?
-Ер нь ямар ч бүтээлч хүнд бүтээлээ олонд дэлгэхийн өмнө олон эргэлзээ тулгардаг. Нийтлэлүүдээ ном болгох санаа төрөх үед эргэж уншихад уншсан хүнд санаа сэдэл өгөх хэрэгцээтэй ном болох юм байна гэсэн итгэл төрсөн. Өмнө нь бичээд илгээчихсэн, Substack-аар орвол линк дараад уншиж болох нийтлэлүүдийг ном болгох хэрэг байна уу гэсэн эргэлзээ мэдээж төрж болно. Гэвч бид интернэтээр нийтлэл уншаад л өнгөрчихдөг, өөрөөр хэлбэл үлдэц муу байдаг талтай. Энэ их мэдээлэл дунд аливаа агуулгыг марталгүй шингээж авч үлдэх үнэхээр амаргүй болсон. Ийм үед хэвлэмэл номын ач холбогдол, хэрэгцээ өндөр хэвээр байх биз ээ.
Ч.Мөнхбаяр “Юу ч биш”

Монголын уран зохиолд анхны модерн бичлэгийн аргыг туршиж, шинэ эрэлхийлэл, илэрхийллийг бий болгосон Ч.Мөнхбаярын бүтээлүүд дүрслэлийн цоо шинэ, онцгой жишээ болсон юм.
Өдгөө түүний бүтээлүүд худалдаанд үгүй байсан бөгөөд Хар муур хэвлэлийн газрын зүгээс энэхүү содон туурвилчийн туужийг “Юу ч биш” нэрийн дор эмхэтгэн уншигчдад дахин хүргэж байгаа нь тун олзуурхууштай.
“Номын сангийн салбарт мөрдөгдөж буй эрх зүйн баримтууд”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу 38 дахь удаагийн номын баяр тохиож буй энэ өдрүүдэд ном хэвлэл, номын сангийн салбарт хууль эрх зүйн шинэ ном мэндэллээ.
Уг номыг Монгол Улсын Үндэсний номын сангийн арга зүйч В.Түвшинтогтох, Б.Сарандэлгэр нар эмхэтгэн хэвлүүлсэн бөгөөд номд номын сангийн салбарын үйл ажиллагаанд хамаатай 27 хууль, 4 тогтоол, 24 журам, 4 гэрээ, 6 дүрэм, 3 шаардлага, 23 маягт хяналтын хуудсыг багтааж, тэдгээрийг бүрэн эхээр нь болон номын сантай холбоотой заалтыг түүвэрлэсэн, хамаатай эрх зүйн баримтуудын жагсаалт, номын сангийн эрх зүйн баримтуудтай холбогдох мэргэн үгс зэргийг багтаажээ.
Энэхүү ном нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрөл бүрийн 1500 гаруй номын сан, тэдгээрийн уншигч, үйлчлүүлэгч, номтой холбоотой хэн бүхэнд хамаатай.
Номын сан нь соёлын салбарыг бүрдүүлэгч томоохон салбар болохынхоо хувьд бие даасан хуультай, түүнийг дагасан журам, дүрэм, эрх зүйн баримтууд цөөнгүй. Тэр хэрээр тэдгээрийг эмхэтгэн, нэгтгэж номын санч, ном зүйч, ном сонирхогчдын гарт хүргэж байсан туршлага, дагнан судалдаг судлаачидтай ч болжээ. Өмнө нь номын сангийн талаарх эрх зүйн баримтын эмхэтгэлийг 1988, 2003, 2011, 2016 онд салбарын мэргэжилтнүүд эмхэтгэн товхиж, хэвлүүлж байсан бол 2004, 2018 онд энэ сэдвээр хоёр номын санч соёл судлалын магистрын зэрэг хамгаалж, горилсон бүтээлээ туурвиж номын сангийн салбарын эрх зүй нь тус салбарын нэгэн судлагдахуун болох тухай шанг татжээ.