“Намар бол урлаг юм. Бусад нь бол улирал юм” гэсэн үг бий. Үнэхээр алтан шаргал намрын улиралд маш олон урлагийн бүтээл төрсөн байдаг. Яруу найрагч, зохиолч нарын онгод энэ үед л илүү ордог гэнэм.
Яруу найрагч Т.Ялагч - Өвөр Монголын өөртөө засах орны Улаан-Хад хотын Баарин Баруун хошуугаар нутагтай. 1991 оноос шүлэг зохиол бичиж эхэлсэн. 2016 онд шүлгийн түүвэр “Чулуун ургамал”, 2021 онд “Харцны минь гүнээс дорно цэцэглэнэ” номоо хэвлүүлжээ.

НАМРЫН УТГА НАВЧСЫНХАА ӨНГӨНӨӨС ГҮН
Намар аа,
Хүмүүс чиний өнгөнд их дуртай
Намар аа,
Харин би чиний
өнгөний шалтгаанд илүү дуртай
Намар аа,
Хүмүүс чиний дотор гунигаа асгах дуртай
Намар аа,
Харин би чиний дотор голоосоо асах дуртай
Навчис аа,
Хүмүүс чиний хийсэн хөглөрөхөд дуртай
Навчис аа,
Харин би чиний
өнгөөрөө бүтээх урлагт чинь дуртай
Навчис аа,
Хүмүүс чиний бие дээр гишгэлэх
мэдрэмжид дуртай
Навчис аа,
Харин би чамайг нөмөрч бясалгах
чулууны зүүдэнд дуртай
Модод оо,
Хүмүүс чамайг навчистай байхад дуртай
Модод оо,
Харин би чамайг нүцгэрэхээр
дэргэд чинь ганцаардах дуртай
Намар аа,
Хүмүүс чиний дотор олноороо суух дуртай
Намар аа,
Харин би өөрийг чинь
өөр дотроо л байлгахдаа дуртай
Навчис аа,
Хүмүүс чиний шаргал өнгөтэй хамт
зургаа дарах дуртай
Навчис аа,
Харин би чиний дотор
өөрөө шаргалтах дуртай
Намар аа,
Хүмүүс чиний манантай өглөөд үлэмж дуртай
Намар аа,
Харин би чиний мөнхийн мөн чанарт
мөн биеэрээ шингэж одох дуртай…
2023.09.28