UBLife Logo
Спорт

Хөнгөний ДАШТ-ий “хөнгөн бус” тойм #6

Хөнгөний ДАШТ-ий “хөнгөн бус” тойм #6

"Токио-2025" хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ-ий зургаа дахь өдөр домогт аваргууд "нурсан", 40 жил болж буй "Мөнхийн рекорд" эвдэгдэх тун дөхсөн гайхамшигтай өдөр боллоо.

Эрэгтэйчүүдийн жад шидэлтэд Олимпын алт мөнгө, Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, Энэтхэгийн үндэсний баатар, инстаграмд хамгийн олон буюу 9,3 сая дагагчтай хөнгөн атлетикч Нираж Чопра, "Парис-2024" Олимпын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Аршад Надим нарын хооронд гол өрсөлдөөн болох байх гэтэл мань хоёр аварга "байнд ч үгүй, банзанд ч үгүй" хоцров. Чопра (цээжиндээ бага зэрэг гэмтэлтэй байгаа гэсэн) наймдугаар, Надим 10 дугаар байраар тэмцээнээ өндөрлөв.

Гэтэл алтан медалийг тэртээ 13 жилийн өмнө 19 настайдаа Лондонгийн олимпод түрүүлж жад шидэлтийн хамгийн залуу аварга болж байсан Тринидад ба Тобаго улсын "жадчин" Кешорн Уолкотт 88.16 м амжилтаар хүртэж, жад шидэлтийн хамгийн ахмад аваргуудын нэг боллоо. Уолкотт Олимпын аварга болсноосоо хойш 2016 оны Риогийн олимпоор хүрэл медаль хүртсэн ч Дэлхийн аваргаас нэг ч удаа медаль хүртэж байгаагүй юм. Тэгтэл  Олимпын аварга болсноосоо хойш ДАШТ-ээс анхны медалиа, тэгэхдээ бүүр алтыг нь хүртлээ, гайхалтай бас хүндлэм.

Мөнгөн медалийг "Парис-2024" олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Гренада улсын Андерсон Петерс 87.38 м хол шидэж хүртсэн бол хүрлийг 86.67 м амжилтаар АНУ-ын Куртис Томпсон  хүртэж багагүй сенсаац тарив. Америкаас 18 жилийн дараа эрэгтэй жад шидэлтээр дэлхийн медальтан дахин төрж байгаа нь энэ.

Эрэгтэйчүүдийн 400 метрийн зайн финалд Ботсвана улсын гурван гүйгч шалгарсан нь угаасаа гайхалтай амжилт байлаа. Тэгтэл хоёр нь медаль хүртэж бүүр гайхамшиг. Ядаж байхад үлдсэн нэг нь бас "хоосонгүй", шигшээ уралдааны "баян ходоод" боллоо.

21 настай Бусан Коллен Кебинатшипи 43.72 амжилтаар түрүүлж, Ботсвана улсаас төрсөн анхны эрэгтэй дэлхийн аварга болов. Хүрэл медалийг 24 настай Баяапо Ндори 44.20 амжилтаар хүртсэн. Кебинатшипи, Ндори хоёр "Парис-2024" олимпын 4х400 метрийн буухиад мөнгөн медаль хүртсэн Ботсванагийн багийн бүрэлдэхүүнд уралдаж байсан юм. Энэ хоёрын "завсраар" Тринидад ба Тобаго улсын Жерим Ричардс 43.72 амжилтаар мөнгөн медаль хүртлээ.

400 метрийн зайд домогт Майкл Жонсон, Тайри Вашингтон, Жереми Уоринер, ЛаШон Мерритт, Майкл Норман гээд таван дэлхийн аварга төрүүлж,  энэ зайд ДАШТ-ий 11 алт, 9 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж байсан Америкийн "ноёрхол" Ботсвана руу шилжиж байна уу гэж болохоор байна даа.

Эмэгтэйчүүдийн гурвын харайлтад  хэдхэн сарын өмнө танхимын дэлхийн аварга болж байсан Кубын 23 настай Леянис Перес 14.94 м харайж алтан медаль хүртлээ. Өмнөх дэлхийн аваргаар хүрэл медаль авч байсан "Эрх чөлөөний арлын" бүсгүй маань энэ жил "дотор ч орж дэлхийн аварга болоод гадаа ч гарч дэлхийн аварга" боллоо доо.

Мөнгөн медалийг Доминика хэмээх 70-хан мянган хүн амтай Карибын тэнгисийн арал улсын түүхэн дэх Олимпын анхны, тэгэхдээ бүүр алтан медалийн (Парис-2024) эзэн Теа Лафонд 14.89 харайж хүртэв.

Харин домогт харайгч, дэлхийн дөрвөн удаагийн аварга, "Токио-2020" Олимпын аварга, "Рио-2016" Олимпын хүрэл медальт Венесуэлийн "Халтар биш бор царайт" Юлимар Рохас аргагүй л төрмөл тамирчин тулдаа авлаа. Ахиллын шөрмөсөө тасалж, хагалгаанд орсноосоо хойш жил хагас ганц ч тэмцээнд оролцоогүй шууд Токиод ирсэн хүн шүү дээ. Рохас хүрэл медалийг 14.76 м харайж хүртсэн. Гэхдээ 15.74 м харайж, Дэлхийн рекордыг эзэмшдэг хүнд бол "ичмээр дамшиг" л даа.

Эмэгтэй 400 метрт гал гарлаа, гарлаа. Энэ зайн Олимпын алт, мөнгө, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Доминикан улсын Марилэйди Паулино (Доминикан улсын анхны эмэгтэй олимпын аварга) болон  400 метрийн халхалттай гүйлтийн Олимпын хошой аварга, дэлхийн аварга Сидни Маклафлин-Леврон нар ёстой жинхэнэ  дуэль үзүүллээ. Сидни хоёр жилийн өмнөөс л 400 метрт уралдах болсон билээ.

Эмэгтэй 400 метрт 48 секундээс дотогш гүйсэн тамирчин түүхэнд ердөө хоёрхон байсан, энэ өдрийг хүртэл. Нэг нь Германы Марита Кох. Түүний 1985 онд 47.60 гүйж тогтоосон Дэлхийн рекорд 40 жил болж байгаа. Нөгөөх  нь Чехословакийн Ярмила Кратохвилова . Анхны буюу 1983 оны хөнгөн атлетикийн ДАШТ-д 47.99 гүйсэн амжилт 19 дэлхийн аваргад эвдэгдээгүй байлаа. Харин Токиогийн бороотой энэ үдэш Маклафлин-Леврон ч , Паулино ч 48-аас дотогш гүйлээ, гайхамшигтай.

Америк бүсгүй 47.78 секунд, Доминикан бүсгүй 47.98 секунд хурдалж, хоёулаа 400 метрт бүх цаг үед хамгийн хурдан гүйсэн эмэгтэй тамирчдын жагсаалтад хоёр, гуравдугаарт бичигдэх болов.

Мөн Маклафлин-Леврон ДАШТ-ий рекордыг эзэмших боллоо. Мөдхөн Марита Кохын 40 настай дэлхийн рекордыг эвдэхэд гайхах юм алга.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.