Кино урлагийн ертөнцөд Пеннивайз (It зохиолын дүр) илүү олны танил хэдий ч, Terrifier цувралаас төрөн гарсан Арт алиалагч үзсэн хүмүүсийнхээ хувьд хамгийн хар дарсан дүрүүдийн нэг болоод байна. Пеннивайз нь айдсаар хооллодог, сэтгэлзүйн тоглоом тоглодог, маш урт, арвин түүхтэй дүр бол, Арт, тэр ямар ч тайлбаргүй, цэвэр айдсын л биелэл гэж хэлж болохоор.

Арт бол цэвэр эмх замбараагүй байдал
Арт алиалагчийн хамгийн түгшүүр төрүүлэм шинж нь ямар ч зорилго, утга учиргүй үйлдлүүд юм. Пеннивайз нь тодорхой мөчлөгөөр ажиллаж, айдсаар хооллодог бол Арт ямар ч хэм хэмжээ, шалтгаангүйгээр оршдог. Тэр ярьдаггүй, бардамнадаггүй. Золиосуудынхаа сэтгэлзүйгээр ч тоглоом хийдэггүй. Түүний хувьд зовлон өөрөө цор ганц зорилго юм.

Артын дуугүй байдал нь түүнийг бүр ч аймшигтай болгодог. Пеннивайз нь үгээр довтолж, хохирогчдоо хуурч, тэдэнд хуурамч найдлага төрүүлдэг бол Арт ямар ч харилцан яриа бий болгодоггүй. Түүний оршихуй нь өөрөө “Ямар ч тохиролцоо байхгүй, ямар ч арга зам үгүй. Амьд үлдэх эсэх нь цэвэр аз” гэсэн тунхаглал болж өгдөг билээ.
Артын ямар ч сэтгэл хөдлөлгүй инээмсэглэл
Тим Карри болон Билл Скарсгард нарын бүтээсэн Пеннивайзын дүрүүд жүжиглэлт, зан аашийн хувьд харилцан ярианд түшиглэсэн, сэтгэлзүйн тоглоом маягтай байсан.

Харин Арт алиалагч ямар ч хүнлэг шинжгүй. Түүний нүүрний илэрхийлэл инээмсэглэлээс хоосон харц руу шилжих ба энэ нь түүнийг амьд хүн гэхээсээ илүү хар дарсан зүүдний “робот” мэт болгодог. Ерөнхийдөө түүнд ямар ч амьдын, биет зүйл оршдоггүй мэт.
Артын хөдөлгөөн нь дуугүй, хэтрүүлсэн, заримдаа хүүхэлдэйн кино шиг санагдах ч энэ нь түүний хийдэг хэрцгий аллагатай огт зохицохгүй, харин ч сэтгэл зүйн зөрчил үүсгэдэгээрээ бүр ч аюултай. Тэр зөвхөн хөнөөгөөд зогсохгүй, аллагыг “тоглолт” болгон тавладаг нь маш хорон шинж юм.

Слэшер алуурчин
Пеннивайз нь дүрээ хувиргах, ой санамжийг удирдах, бүхэл бүтэн хотыг айдаст автуулах чадвартай. Тэр бол домог зүйн түвшний аймшгийн дүр. Харин Арт бодит ертөнцөд оршдог ч, тайлбарлагдашгүй, бараг л далдын хүчтэй мэт. Тэр амьд гарахын аргагүй үхлийн дараа ч эргэн ирдэг, логикгүй үйлдэл хийдэг, түүнийг зогсоох ямар ч арга үгүй мэт. Энэ нь түүнийг жирийн слэшер алуурчнаас ялгаруулж, илүү өргөн цар хүрээтэй, зүүд мэт айдсын дүрийг бий болгож чадсан юм. Түүний оршихуй нь хаанаас ч гарч ирж мэдэх, гарцгүй, зайлшгүй үхлийг санагдуулдаг.

Яагаад Арт бол айдсын биелэл гэгдэж байна вэ?
Арт алиалагч нь орчин үеийн аймшгийн киноны хорон санаатан буюу эсрэг дүрийн шинэ чиг хандлагыг илэрхийлдэг. Тэр бидний дассан хорон санаатны дүрүүдийн сэтгэл зүйн тайлбарууд буюу "ямар нэг шалтгаантай, гарал үүсэл, сул талтай" зэрэг ойлголтыг бүрэн үгүйсгэдэг.
Пеннивайз шиг томоохон түүхтэй дүрээс ялгаатай нь Арт алиалагч ямар ч тайлбаргүйгээр оршин байдаг. Тэр бол ойлгомжгүй, усташгүй, логик үгүй, тэр чигтээ өөрийн биеэр оршигч айдас гэж хэлж болно.
Тэгэхээр энэ дүрд дуртай бүр хайртай хүмүүс психопат буюу бидний нэрлэж заншсанаар “сайко“ гэдэгтэй та санал нийлж байна уу?
Эх сурвалж: Маркус Брүклер