UBLife Logo
Спорт

Эмэгтэй Ерөнхий сайд дохён дээр гарах уу?

Эмэгтэй Ерөнхий сайд дохён дээр гарах уу?

Японы эрх баригч Либерал Ардчилсан намын тэргүүнээр сонгогдсон Санаэ Такаичи тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайдаар томилогдох гэж байна. Гэвч Наран орон нь Үндэсний спорт сүмо бөхийнхөө дохён дээр эмэгтэй хүн гишгэхийг хориглосон улс. Жилд 6 удаа явагддаг сүмо бөхийн башёд түрүүлсэн бөхөд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг гардуулдаг билээ. Абэ Шинзо, Жүничиро Койзүми нар Хакүхо, Асашёорюү нарт цом гардуулж байхыг бид олон удаа харсан. Тэгвэл эмэгтэй Ерөнхий сайдтай болсноор энэ хориг цуцлагдах уу? Санаэ Такаичи энэ уламжлалтай тэмцэх болов уу? Хүндэлж үзэх болов уу? Энэ асуултын хариуг авахаар Японы “DAILY SHINCHO” сэтгүүлийн сурвалжлагч Сүмо бөхийн холбоог зорьжээ.

Дохёнд эмэгтэй хүн гарахыг хориглоно

“Эмэгтэй Ерөнхий сайдтай болж, сүмогийн ертөнц бужигнаж байна” гэж нэгэн том сонины сэтгүүлч надад хэллээ.  

Та бүхний мэдэж байгаачлан башёд түрүүлсэн сүмо бөхөд Эзэн хааны цомоос гадна Ерөнхий сайдын нэрэмжит цом гардуулдаг билээ. Ерөнхий сайд Санаэ Такаичи хэрэв өөрөө гардуулахыг хүсвэл юу болох вэ? Тэр дохён дээр гарч чадах уу? Олон зуун жилийн хориг байсаар байх уу?

Эмэгтэйчүүдийн дохёнд гарах гэсэн тэмцэл тун эртнээс эхэлсэн.

1990 онд Ерөнхий сайд Кайфугийн засгийн газарт анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга нь байсан Морияма Маюүми түрүү бөхөд өөрийн гараар Ерөнхий сайдын цом гардуулна гэж зүтгэсэн. Эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, жендер гэж нэг талаас, нөгөө талаас уламжлал, ёс заншил гэж няцааж байх үед Сүмогийн холбооны тэргүүн Фүтагояма ояката “Жендерийн тэгш бус салбар энэ нийгэмд ганц байхад яах вэ дээ” гэж хэлээд намжааж байлаа.

2000 онд  Оосака хотын захирагчаар Оота Фүсаэ гэгч эмэгтэй ажиллаж байлаа. Жил бүрийн Хаврын тэмцээн Оосака хотод явагддаг бөгөөд түрүү бөхөд Хотын даргын тусгай шагнал олгодог уламжлалтай. Оота Фүсаэ захирагч мөн л дохён дээр гарч, шагнал гардуулахыг хүссэн ч холбооны тэргүүн Токицүказэ “Сүмо бөхийнхөө уламжлалыг хамгаалах, хадгалах үүднээс таныг энэ бодлоосоо татгалзахыг хүсэж байна” гээд болиулж байлаа.

2018 онд Хаврын тойргийн барилдаан Майзүрү хотод болж байхад хотын дарга Рёозо Татами мэндчилгээ дэвшүүлэх үедээ ухаан алдан унасан билээ. Бүгд яарч сандран гүйлдэж, тохиолдлоор сүмо үзэж суусан нэгэн сувилагч эмэгтэй дохён дээр гарч, анхны тусламж үзүүлж байхад засуул “Эмэгтэй хүн гарч болохгүй, буу” гэж загнаж байсан нь шуугиан тарьсан. Хүний амь нас аюулд ороод байхад сувилагч бүсгүйг буулгах гэлээ хэмээн гадаадын хэвлэлээр шүүмжилж байлаа.  Рёозо Татами дарга дараа нь “Дохёнд эмэгтэй хүн гаргадаггүй ёс орчин үед хуучирсан” гэж ярьж байв.

Үүнээс хоёр хоногийн дараа Такаразүка хотод болсон башёд тус хотын эмэгтэй дарга мэндчилгээ хийх гэсэн боловч дохёнд гаргаагүй. Дохёны дэргэд зогсоод үг хэлсэн Накагава Томоко дарга “Маш харамсалтай байна. Сүмо холбоонд шинэчлэл хийх эр зориг дутагдаж байна” гэж хэлж байв.  

Хэрэг явдлын дараа холбооны тэргүүн Хаккакү ояката хүлцэл өчсөн ч “Хүний алтан амийг аврах үед ямар ч аргагүй эмэгтэй хүнийг дохён дээр гаргасан ч цаашдаа ч эмэгтэйчүүдэд тавьсан хориг хэвээр байх болно” гэж байлаа.

Цаг өөрчлөгдөж байна. Эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо. Ерөнхий сайдын нэрэмжит цом гэхээр санаанд буудаг нь 2001 оны Зуны тэмцээн. Энэ тэмцээнд хүнд гэмтэлтэй барилдаж түрүүлсэн аварга Таканоханад Ерөнхий сайд Коизүми Жюничиро “Өвчин зовлонг даван, тэсвэр хатуужилтай сайхан барилдлаа. Сэтгэл уярлаа” гэж дохён дээрээс хэлж байв. Гэхдээ Ерөнхий сайд заавал өөрөө гардуулаад байх ёстой биш. Түүний туслах, нарийн бичгийн дарга нар гарч ирэх нь олонтоо. Сүга Ёшихидэ, Кишида Фүмио нарын ерөнхий сайд нар нэг ч удаа түрүү бөхөд гардуулж байгаагүй бол Ишида Сүгэрү энэ жилийн нэгдүгээр сард Хоошёорюүд ганц удаа гардуулж байлаа. Тэгэхээр Санаэ Такаичи заавал дохёнд гараад байх албагүй. Гэхдээ өөрөө хүсвэл яах болж байна?

Ингээд “DAILY SHINCHO” сэтгүүлийн сурвалжлагч Сүмо холбооноос энэ талаар асууж тодруулсан байна.

Харин холбоо “Ямар ч хариулт өгөхгүй” гэлээ. Дээр дурдсан хотын дарга Накагава Томоко “Тэр үед би Шибатаяма оякатагаас “Хэрэв эмэгтэй Ерөнхий сайдтай болбол яах болж байна” гэж асууж үзсэн. Ояката “Тэр үед нь бодно доо” гэж хариулж байлаа. Одоо Ерөнхий сайд маань дохён дээр гарах гэвэл юу болох бол гээд тун сонирхон, хүлээж сууна” гэж ярилаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.