2026 онд АНУ, Мексик, Канадад болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтын тэмцээн ид өрнөж, шигшээ тэмцээнд оролцох багуудын тоо нэмэгдсээр байна.
Зохион байгуулагч гурван орныг оролцуулаад өнөөдрийн (10.13.2025) байдлаар 22 орны баг ДАШТ-д оролцох эрхээ аваад байна.
Өнөөдөр Африкийн бүсийн "Д" хэсэгт өрсөлдсөн Бүгд Найрамдах Кабо Верде Улсын хөлбөмбөгийн шигшээ баг Эсватинигийн Хаант улсын (Хуучин Свазиланд нэртэй байсан) шигшээ багийг 3:0-ээр хожин 23 оноогоор хэсгээ тэргүүлснээр түүхэндээ анх удаагаа ДАШТ-д оролцох боллоо.

Хөлбөмбөгийн ертөнцөд арвин түүхтэй, ДАШТ-д найман удаа оролцож, 1990 оны ДАШТ-д шилдэг найман багт шалгарч байсан, үе үеийн олон шилдэг хөлбөмбөгчдийг төрүүлэн гаргасан Камеруны "Номхрошгүй арслангууд"-ыг өнгөрсөн есдүгээр сард өөрийн талбайд 1:0-оор хожсоноор "Цэнхэр аварга загас" гэгддэг Кабо Вердегийн багт боломж гарч ирсэн юм. Ердөө 50 жилийн өмнө л Португалийн колоничлолоос тусгаар тогтносон Кабо Верде (Ногоон хошууны арлууд хэмээн нэг хэсэг олон хэлэнд орчуулан нэрлэдэг байсан ч 2013 онд НҮБ-д тусгаар улсын нэрийг нь ямар нэг хэлээр орчуулалгүйгээр хэрэглэх хүсэлт гаргаснаар Кабо Верде гэж бичих болсон. Cabo Verde гэдэг нь португалиар Ногоон хошуу гэсэн үг)-гийн хөлбөмбөгийн холбоо нь 1982 онд байгуулагдаж, 1986 онд ФИФА-д гишүүнээр элссэн түүхтэй.

Атлантын далайд орших 10 арлаас бүрдэх Кабо Верде нь Африкийн баруун эргээс 570 км зайтай орших бөгөөд ердөө 590 000 орчим (2022 оны байдлаар) хүн амтай.
Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцсон хамгийн бага хүн амтай улс нь Исланд (2018 оны ДАШТ-д оролцохдоо Исланд нь 330,000 хүн амтай байв) бол одоо Исландын ард Кабо Верде бичигдэх боллоо.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин