АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар өчигдөр утсаар ярьж, уулзахаар боллоо. Аляскад болсон дээд хэмжээний уулзалтаас хойш анх удаа харилцаж байгаа нь энэ юм. Энэ хооронд Дональд Трамп Орост итгэл алдарсан тухайгаа ярьж, үгэнд нь орохгүй бол алсын тусгалтай Tomahawk пуужин Украинд нийлүүлнэ гэж сүрдүүлж байлаа. Энэ пуужин л хоёр Ерөнхийлөгчийг ярилцахад хүргэсэн гэхэд болох юм. Владимир Путин эхэлж залгажээ.
Өнөөдөр Вашингтонд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Дональд Трамптай уулзана. Зеленский Tomahawk пуужин авахаар зэхэж байгаа нь гарцаагүй. Ийм пуужинтай болчихвол ОХУ-ын нутгийн гүнд цохилт өгч чадах юм.
Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Зеленскийтэй уулзахаас нь өмнө Трамптай ярьж, хэрэв алсын тусгалын пуужин Украинд нийлүүлбэл ОХУ, АНУ-ын харилцаанд том хохирол учирна гэж анхааруулжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаковын хэлснээр төрийн тэргүүд ойрын хугацаанд уулзахаар тохиролцсон байна. Энэ талаар мэдсэн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Трамптай холбогдож, нийслэл Будапешт хотоо санал болгосноор ийнхүү Унгар хот энхийн хэлэлцээрийн төв болохоор боллоо.

Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт “Маш үр дүнтэй яриа байлаа. Хоёр цаг гаруй ярилцсан. Ерөнхийлөгч Путин Газын зурвасын дайныг зогсоож, Ойрхи Дорнодод энх тайван тогтоосонд нь Ерөнхийлөгч Трампад баяр хүргэсэн. Мөн Путин дайнд нэрвэгдсэн укриан хүүхдүүдэд тусалж байгаад нь тэргүүн хатагтай Меланияд талархал дэвшүүлсэн. Хоёр Ерөнхийлөгчийн уулзалт 14 хоног дотор болох төлөвлөгөөтэй байгаа” гэж мэдэгдлээ.
Владимир Путин, Дональд Трамп нар энэ жил долоо дахь удаагаа утсаар ярьж байна. Наймдугаар сарын 15-нд Аляскад биечлэн уулзаж, гурван цаг хэлэлцээр хийсэн ч бүтээгүй. Тэр уулзалтаас хойш Трампын харилцаа эрс өөрчлөгдсөн. Өмнө нь тэрээр Путинтэй тохиролцож чадна гэж ярьдаг байсан бол есдүгээр сараас “Украин дайнд ялж чадна” хэмээн хэлдэг болоод байсан юм.