Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны II ээлжийн цэрэг татлага өнөөдөр албан ёсоор эхэллээ. Цэрэг татлага энэ сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Хан-Уул дүүрэгт эхний өдрийн ирц 20 хувьтай байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, Хурандаа Д.Баасанхүү “2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 17-19-ний өдрүүдэд болж байна. Эхний өдрийн ирц Хан-Уул дүүрэгт 20 хувьтай үргэлжилж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад ирц өсжээ. “Батлан хамгаалах сэргэлт" бодлого болон “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-тэй уялдуулан хугацаат цэргийн алба хааж буй бие бүрэлдэхүүн нь жолооны “В” ангилал эзэмших, компьютер, англи хэлний анхан шатны мэдлэгтэй болохоос гадна үндэсний бичгийн сургалтад хамрагдаж, мэргэжил эзэмших боломжтой. Залуус цэрэг татлагад хамрагдах хүсэл эрмэлзэл их байгаа нь сайшаалтай байна” гэв.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Р.Анармаа “Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаанд ХУД-ийн Эрүүл мэндийн төвөөс 40 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 2024 оны Засгийн газрын 140 дүгээр тогтоолын дагуу нарийн мэргэжлийн 12 төрлийн эмчийн үзлэгээр цэрэгт хамрагдах гэж буй залуусын эрүүл мэндийн байдлыг тогтоож байна. Үүнд нүд, шүд, чих, хамар, хоолой, мэдрэл, гэмтэл, сэтгэц, халдварт өвчин, зүрх, судас, дотор, арьс зэрэг нарийн мэргэжлийн үзлэг багтана” гэлээ.

Цэргийн албанд татагдаж буй Г.Анар “Цэрэг татлагын комиссоор орж, тэнцлээ. Одоо цэргийн албанд татагдана гэхээр сэтгэл хөдөлж, догдолж байна. Эр хүн болж төрсний бахархал нь цэргийн алба хаах гэж боддог. Энэ зорилгоо биелүүлэх болсондоо баяртай байна. Цэргийн алба хаах нэг жилийн хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрч, олон дурсамжтай, ихийг суралцана гэж итгэж байгаа” гэлээ.
