Сүүлийн үед "Трифт" дэлгүүрүүд олширч, залуучуудын сонирхлыг татах болж. Хуучин хувцсаар гангарч эдийн засаг, байгаль орчноо хайрлах нь нэгэн төрлийн соёлын чиг хандлага болжээ. Тэгвэл энэхүү соёлын талаар таны заавал ч үгүй мэдэх ёстой 5 зүйлийг хүргэж байна.
Трифт хувцасны худалдаа дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеэр өргөн дэлгэрсэн.

19-р зууны сүүлээр Лондон, Нью-Йорк гэх мэт томоохон хотуудад хуучин хувцас худалдах зах, дэлгүүрүүд үүсэж энгийн иргэд, цагаачдын хэрэгцээг хангах болсон байдаг. Тухайн үед шинэ хувцас нь зөвхөн язгууртан ноёдын хэрэглээ байжээ. Учир нь 19-р зуунд бэлэн хувцас бус даавуу бөс барааны дэлгүүрүүд зонхилдог байсан бөгөөд ихэнхдээ даавуу худалдан авч, өөрт тохирсон шинэ хувцсыг хэрэглэгчид урлуулдаг байв. Энэ үйлчилгээ нь дундаж болон доод давхаргын иргэдийн хувьд хэтэрхий үнэтэй байсан тул тэд тэр бүр шинэ хувцас авдаггүй байлаа.
Мөн дайны үеүдээр хуучин хувцасны худалдаа өргөн дэлгэрсэн байдаг. Дэлхийн I ба II дайны үед хуучин хувцасны худалдаа нь цэргүүд, дайнд нэрвэгдсэн бүс нутгуудын иргэдийн хэрэгцээг хангаж, хуучин хувцасны худалдааны шаардлага ихээр үүсэж байсан тул “Thrift” хувцас өргөн дэлгэрэх нэг шалтгаан болжээ.
Хуучин хувцас худалдан авч хэрэглэх нь байгалиа хамгаалж буй хэрэг

Монголчууд дунд "Хүний хуучин өмсвөл энерги доройтдог ", "Өөрийнхөө энерги шингэсэн хувцсыг хүнд дамжуулалгүй шатаасан нь дээр" гэх хандлагууд их ажиглагддаг.
Гэхдээ 2024 онд Үндэсний статистикийн хороонос гаргасан судалгаагаар Монгол Улсад жилд дунджаар 2.9 сая тонн хатуу хог хаягдал үйлдвэрлэдэг, үүний 1.2 сая тонн нь Улаанбаатар хотод үүсдэг хэмээх үр дүн гарсан байна. Үүний хэчнээн хувийг хуучин хувцасны хаягдал эзлэх бол? Гэхдээ энэхүү судалгааны үр дүн нь зөвхөн Монгол улс дотооддоо үйлдвэрлэж байгаа хог хаягдлын хэмжээ юм. Энэхүү хог хаягдлынхаа бид 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг хөрсөнд булдаг. Хог хаягдлаа булж устгах нь метан хийг ихээр үүсгэж, байгаль орчин, хөрсийг бохирдуулдаг.

Мөн хувцас, хатуу хог хаягдлыг шатаах нь удаан хугацааны өвчлөлийг үүсгэх эрсдэлтэй. Хуучин хувцсаа хандивлаж, худалдан авч хэрэглээндээ нэвтрүүлэх нь таны зүгээс хийж буй өөрийнхөө болоод хайртай дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах бодит алхам юм. Тийм та хуучин хувцасны хэрэглээний талаар сөргөөр биш эергээр бодоод үзээрэй.
“Трифт дэлгүүр” зөвхөн хуучин хувцас худалдаа биш

"Трифт дэлгүүр" нь бидний мэдэх зөвхөн хуучин хувцасны худалдаагаар хязгаарлагдахгүй. "Трифт" нь энгийн дэлгүүрүүдтэй л адил ном сонин, цахилгаан бараа, гэр ахуй зэрэг олон төрлийн бараанууд борлуулдаг. Олон улсад “Goodwill”, “The Salvation Army”, “Book Off”, Hard Off“” зэрэг алдартай ном, цахилгаан бараа, тавилга зэргийг зардаг хуучин барааны дэлгүүрүүд бий.
Хуучин хувцасны худалдааны өнөөгийн чиг хандлага

Бидний өвөө эмээгийн үеэс л хуучин хувцасны дэлгүүрүүд "Комисс" гэх нэрээр хүмүүст танигдсан. Түүнээс болоод ч тэр үү бид хуучин хувцасны худалдааг чанар, загвар муутай хувцаснуудаар л төсөөлдөг байж болох юм. Гэвч сүүлийн жилүүдэд трифт хувцасны дэлгүүрүүд хаанаас ч хайгаад олохооргүй "Vintage", "Retro" стилийн хувцас худалдаалах нь элбэг болж. 70, 80, 90-ээд онд гарч байсан алдартай брэндүүдийн хувцас энэ төрлийн дэлгүүрүүд харагдах нь ч олонтоо. Мэдээж бүгд зах зээлийн үнээс хямд. Магадгүй тийм ч учраас сүүлийн залуусын сонголт хуучин хувцасны дэлгүүрүүдийг чиглэх болсон биз ээ. Дахин давтагдахгүй зөвхөн өөрийнхөө стилийн хувцаслалтыг, хямд өртгөөр бүрдүүлэх боломж хуучин хувцасны дэлгүүрт ч мөн байдаг юм шүү.
Тэд ч бас цэвэрхэн

Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа трифт хувцасны дэлгүүрүүд гаднаас импортоор хувцас оруулж ирэх аль эсвэл дотоодоосоо буюу хэрэглэгчдээс дэлгүүрийн бүтээгдэхүүнүүдээ цуглуулдаг байна.
“Lol thrift shop”-ийн хамт олны хэлснээр гаднын улсаас хувцас импортлохдоо ихэнхдээ томоохон үйлдвэрүүдээс авна. Ингэж үйлдвэрүүдээс авахдаа заавал ч үгүй ариутгал хийнэ. Ариутгаж, цэвэрхэн болсон хувцсыг ч дэлгүүрүүд маань хүлээж авсныхаа дараагаар дахин угааж, индүүдэж байж худалдаалдаг гэнэ шүү. Тиймээс та хуучин хувцас худалдан авахдаа ариун цэврийн тал дээр санаа зовох зүйлгүй. Өөрийнхөө хувцсыг ч мөн трифт дэлгүүрт хандивлахдаа сайтар угааж, индүүдээд өгөөрэй.
