UBLife Logo
Newsfeed

“Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүү” Бьёрн Андресен 70 насандаа таалал төгслөө

“Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүү” Бьёрн Андресен 70 насандаа таалал төгслөө

Шведийн жүжигчин, хөгжимчин Бьёрн Андресен 70 насандаа таалал төгслөө. Тэрээр 1971 онд Лукино Висконтигийн “Death in Venice” кинонд Тадзио хэмээх дүрийг бүтээснээр дэлхий дахины танил болсон юм.

“Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүү” хэмээх нэр үнэхээр адислал байсан уу?

Бьёрн Андресен ердөө 15 настайдаа Италийн найруулагч Лукино Висконтигийн сонгон шалгаруулалтад тэнцэж, “Death in Venice” кинонд тоглох хувьтай учирсан.

Висконти түүнд “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүү” хэмээх нэрийг өгсөн бөгөөд уг нэр түүний амьдралыг бүхэлд нь бүрхсэн сүүдэр болон үлдсэн гэж тэр олон жилийн дараа дурссан байдаг. Бьёрн 2003 онд The Guardian-д өгсөн ярилцлагадаа:

“Би өөрийгөө торонд хоригдож буй ховор амьтан мэтээр мэдэрдэг байсан” хэмээн хэлж байжээ. Харин 2021 онд “Энэ кино миний амьдралыг нэлээдгүй сүйтгэсэн дээ” гэж сэтгэгдлээ илэн далангүй хуваалцсан байдаг.

Бьёрн 1955 онд Стокхольм хотод төрсөн. 10 настайд нь ээж нь амиа хорлож, тэрээр эмээ дээрээ өсчээ. Эмээ нь түүнийг загвар өмсөгч, жүжигчин болгохоор шахаж, “Гэр бүл болгонд нэг од хэрэгтэй” гэж боддог байсан хэмээн Андресен дурссан байдаг.

Алдар нэр хүндийг дагасан дарамт

“Death in Venice” киноны амжилт түүнийг дэлхий даяар алдаршуулсан ч тэр үүнийг даган ирсэн хүнд дарамтуудыг мөн давхар туулах ёстой болсон юм.

“Тэр миний сэтгэл хөдлөлийг огт тоодоггүй байсан. Хэрвээ одоо тэр амьд байсан бол би түүнд ‘Зайл цаашаа’ гэж хэлэх байсан байх” гэж Андресен хожим ярьсан юм.

“Death in Venice” Японд асар их амжилт олж, Андресен тэнд “шүтээн” болжээ. Тэр зурагтын хөтөлбөрүүдэд орж, сурталчилгаанд тоглон, “Шведийн Битлз” хэмээн нэрлэгдэх хэмжээний алдар хүндтэй болсон байдаг. Гэсэн хэдий ч тэрээр жүжигчний замнал бус хөгжмийн ертөнцөд сонирхолтой байсан бөгөөд чадварлаг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч болжээ.

Бьёрн Андресен 30 гаруй кино, телевизийн бүтээлд тоглосон бөгөөд сүүлд 2019 онд Ари Астерийн “Midsommar” аймшгийн кинонд өндөр настай эрийн дүрд тоглож, өөрийн үхлээр тахил өргөдөг хэсэгт орсон байдаг.

“Аймшгийн кинонд үхэж байгаа дүр бүтээх нь хөвгүүн бүрийн мөрөөдөл байдаг шүү дээ,” гэж тэр тухайн үед хошигнон хэлсэн юм.

“The Most Beautiful Boy in the World“

2021 онд түүний тухай “The Most Beautiful Boy in the World” нэртэй баримтат кино гарч, олон жилийн дараа Бьёрн өөрийн дотоод шарх, алдар нэрийн үнэ цэнийг нээлттэй хуваалцсан билээ.

Түүнийг ердөө 16 настай байхад найруулагч өөр насанд хүрсэн эрчүүдийн хамтаар шөнийн клуб руу дагуулан очдог байжээ. Нэр хүндээс болж түүний хүүхэд нас болоод бага залуу нас хэрхэн хүнд хэцүү нөхцөл байдалд орсныг энэхүү баримтат кино харуулдаг аж.

Бьёрн яруу найрагч Сузанна Роман хэмээх эхнэртэй байсан бөгөөд тэд хоёр хүүхэдтэй байв. Гэвч хүү нь 9 сартайдаа эндэж, тэрхүү хүнд гарз тэдний гэр бүлийн салгах шалтгаан болжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Андресен илүү нам гүм, даруухан амьдралыг эрхэмлэж, хөгжим, уран бүтээлдээ төвлөрч байсан юм.

Түүний үхлийг “The Most Beautiful Boy in the World” баримтат киноны найруулагчид болох Кристиан Петри, Кристина Линдстрөм нар мэдэгдсэн байна. Нас барсан шалтгааныг одоогоор нийтэд мэдээлээгүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.