Дизайнер Оливье Рустанг Balmain загварын ордны бүтээлч захирлын албан тушаалаа орхиж буйгаа мэдэгдлээ. Ийнхүү тэрээр XXI зууны хамгийн нөлөө бүхий, урт хугацаанд үргэлжилсэн загварын салбарын нэгэн хуудсанд цэг тавьж байна.
“Сүүлийн 14 жилд би хүрч болох хамгийн гайхалтай бүхий л зүйлсэд хүрснээрээ бахархаж байна. Надад итгэл хүлээлгэн, Balmain-ийн түүхийг хамтдаа бүтээсэн багтаа чин сэтгэлээсээ талархъя. Энэ загварын ордон миний гэр, хамтран ажиллагсад маань миний гэр бүл байлаа. Харин би өөрийн уран бүтээлийн замналынхаа шинэ шат руу өгсөх гэж байна”
Тус загварын ордны гүйцэтгэх захирал Маттео Сгарбосса “Оливьегийн бүтээлч эрин Balmain-ийн түүхэнд тод мөрөө үлдээсэн. Түүний уран сэтгэмж, тууштай байдал, хүсэл тэмүүллийг бид үеийн үед хүндэтгэх болно” гэжээ.

Залуу нас, зоримог эхлэл
2011 онд Оливье 25 настайдаа Balmain-ийн бүтээлч захирлаар томилогдож, Парисын томоохон загварын орднуудыг түүчээлсэн хамгийн залуу дизайнеруудын нэг болсон юм. Мөн тэрээр Францын загварын орднуудын түүхэнд бүтээлч захирлын албан тушаалыг хашсан хамгийн анхны өнгөт арьст дизайнер болж байв. Түүний энэ албанд томилогдсон эхний жилд Balmain брэндийн орлого 30 сая евро байсан бол 2024 онд 300 сая болж, арав дахин өссөн нь түүний бүтээлч манлайллын үр дүн байлаа.
Поп соёл, олон янз байдлын төлөөх хувьсал

Оливье бүтээлч захирал болохоосоо өмнө Balmain-ийн студийн залуу уран бүтээлч байхдаа санаа, сэтгэмжээ илэрхийлэхээс эмээдэг байсан гэдгээ дурдаж байв. Гэлээ ч тэр удалгүй зөв чиг шугамдаа орж, Pierre Balmain-ийн өв, уламжлагдаж ирсэн брэндийн дүр төрхийг хадгалхын зэрэгцээ загварын ертөнцөд тогтсон ойлголтыг өөрчлөхөөр зорьсон. Түүний удирдлага дор Balmain загварын брэнд гэдгээр хязгаарлагдахгүй, поп соёл урлагийн чамин шигтгээ болж дэвжсэн юм. ‘’Balmain Army’’ хэмээх уриа, консептоор дамжуулан тэр нийгэмд буй олон итгэл үнэмшил, хүйсийн баримжаа, үндэс угсаа бүрийн төлөөлөл болохыг эрмэлзэж ирсэн.
Түүнчлэн Оливье бүтээлч захирлын албыг хаших хугацаандаа Рианна, Ким Кардашъян, Жижи Хадид, Канье Уэст зэрэг алдартнуудтай нөхөрлөн, хамтран ажилласнаар Balmain дэлхий даяар залуусын дунд танигдаж, тансаг хэр нь чөлөөт, хүчирхэг дүр төрхөө загварын ертөнцөд тамгалсан. 2015 онд H&M-тэй хамтарсан цуглуулга нь дэлгүүрийн гадаа урт дараалал үүсгэн, хэдхэн цагийн дотор зарагдаж дууссан нь “#Balmainia” гэх трэндийг ч бий болгож байв. Мөн Канье Уэст тус брэндтэй хамтран ‘’Wolves’’ хэмээх дууг цацсан нь томоохон хит болсон юм.
Өсөлт, өөрчлөлт, өв

2016 онд Катарын Mayhoola сан Balmain-ийг 500 сая еврогоор худалдан авсны дараа Рустанг илүү өргөн цар хүрээтэй зорилт тавьжээ. Тэрээр ордны үдэшлэг хэлбэрийн “Balmain Festival” шоугаар дамжуулан олон нийтэд нээлттэй, хөгжим, уран бүтээл, загварыг хослуулсан шинэ хэлбэрийг бий болгосон. “Бидний итгэл илүү нээлттэй, баяр баясгалантай загварын салбарын ирээдүйд оршдог” хэмээн тэр үед хэлж байв.
Түүнчлэн Оливье 2019 онд мартагдаад байсан тансаг, дахин давтагдашгүй кутюр бүтээлүүдийг танилцуулж, дахин сэргээж 2023 онд Estée Lauder-тэй хамтран гоо сайхны болон үнэртний салбарт хөл тавьсан. Ийнхүү Balmain уламжлал, орчин үеийн загварын салбарын өөрчлөлтийн тэнцвэрийг хадгалсан ордноор дахин үнэлэгдэж эхэлжээ.
Арван дамжсан эрингийн төгсгөлд Оливье өөрийн замналыг эхлүүлнэ

Balmain-ийн 80 жилийн ойд зориулсан 2025 оны намар өвлийн шоу нь Оливьегийн хувьд онцгой байлаа. Ольюье анхны шоугаа хийж байсан Парисын Intercontinental зочид буудлын их танхимдаа энэ шоугаа хийсэн нь түүний бүтээсэн 14 жилийг илтгэж байв. Шоуныхаа төгсгөлд Оливье “Би анхны шоугаа хийж байхдаа маш бүрэг, аймхай байсан. Гэхдээ шинэ эрин үе заавал өөр газар эхэлдэггүй. Хүн өөрийгөө сорьж, зориг гаргавал байгаа газартаа ч шинэ эхлэлийг бүтээж чадна гэж би итгэдэг” хэмээн хэлж байжээ. Харин өнөөдөр тэр 40 насандаа өөрийн шинэ эринг Balmain-д бус, өөрийнхөө орон зайд эхлүүлэхээр бэлтгэж байна. Хэдийгээр Оливье Рустанг амьдралынх нь нэг хэсэг болсон загварын ордноо орхиж байгаа ч түүний 14 жилийн бүтээлч аялал загварын ертөнцөд арилахгүй тод мөрийг үлдээжээ. Тэр зөвхөн нэг брэндийн дүр төрхийг өөрчилсөн бус нэгэн арваны загварын чиг хандлагыг ч тодорхойлсон эрхэм билээ.
