Их Британийн Загварын зөвлөлөөс 2025 оны “Шилдэг модель” цолыг Өмнөд Судан гаралтай америк бүсгүй Анок Яйд олгосноо зарлалаа. Анок өвөрмөц царай төрхөөрөө “Харь гаригийн гоо үзэсгэлэн”, “Амьд хүүхэлдэй” нэр зүүсэн модель юм.

Анок Яй загварын ертөнцөд тун санамсаргүй орж ирсэн. Плимут их сургуульд суралцаж байхад нь нэгэн гудамжны гэрэл зурагчин зургийг нь аваад 2017 онд Instagram-д тавьжээ. Түүний зураг дэлхий даяар тарж, Анокийг хайх аянд бараг бүх агентлаг мордож, ердөө долоо хоногийн дараа Нью-Йоркийн агентлаг гэрээ байгуулж чадсан байна.

Анок Prada-гийн шоуг нээсэн Наоми Кэмпбеллийн дараах түүхэнд хоёр дахь хар арьст модель болсон.

Одоо тэр загварын ертөнцийн хамгийн нөлөөтэй эрхмүүдийн нэг болсон. Тэр орчин үеийн загварын чиг хандлагыг тодорхойлж, гоо сайхны хэмжүүрийг өөрөө тогтоож байна.

“Оны шилдэг модель” шагнал гардуулах ёслол 12 дугаар сарын 1-нд Лондонд болно.
