UBLife Logo
Newsfeed

ЭЕРЭГ МЭДЭЭ | Монголд энэ 7 хоногт болсон ЭЕРЭГ 7 үйл явдал

ЭЕРЭГ МЭДЭЭ | Монголд энэ 7 хоногт болсон ЭЕРЭГ 7 үйл явдал

Энэ долоо хоногт Монголд болсон эерэг, гэрэл гэгээтэй үйл явдлыг тоймлон хүргэж байна. Бид уг мэдээллүүдийг Монцамэ агентлагаас эх сурвалж болгон авлаа.


1. “Хүрээ” амаржих газарт 5.4 кг орчим жинтэй хүү мэндэлжээ. Цэрэннадмид, Одонгэрэл хоёрын отгон хүү болон мэндэлсэн түүнийг Монгол улсын зөвлөх эмч Гантөгс, эмч Цэнгэлмаа, мэдээгүйжүүлгийн эмч Баатарцогт, сувилагч Халиунаа, эх баригч Хонгорзул, Шинэзуун, нярайн эмч Мандах, мэс заслын сувилагч Цэцгээ, асрагч Хонгорзул нар өлгийдөж авсан байна.

2. Соёлын яамнаас улс орон даяар өрнүүлж буй “Соёл түгээе” аяны хүрээнд Говь-Алтай аймгийн “Жангар” нийтийн номын сангаас тодорхой ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байна. Тэдгээр ажлуудын нэг нь “Эх хэлээрээ бахархъя” уриан дор албан хаагчдынхаа монгол бичиг тэр тусмаа цахим орчинд монгол бичгийн чадварыг сайжруулахад анхаарч Насан туршийн суралцахуйн төвийн багшаас сургалт авч мэдлэг чадвараа дээшлүүлж байгаа тухай “Жангар” нийтийн номын сангийн захирал Я.Одгэрэл ярилаа.

3. Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын бор гөрөөсний өвлийн бэлчээрлэлт нь гэрийн малын бэлчээртэй 60 орчим хувь давхацдаг нь судалгаагаар ажиглагджээ. Бор гөрөөсний тоо толгойг сүүлийн гурван жилээр авч үзвэл жилд дунджаар 23.5 буюу ойролцоогоор 20-23 бодгалиар нэмэгдэж байна. Бор гөрөөсний төл огт тэмдэглэгддэггүй нь янзагатай зүр нуугдмал байдагтай холбоотой.

4. Өмнөговь аймаг энэ оныхоо төсвийн 30 хувийг боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа юм. “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд “Нүүдлийн эмнэлэг”-ийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн аймгийн Эрүүл мэндийн газарт энэ сарын 1-ний өдөр хүлээлгэн өглөө.

5. Дорноговь аймгийн “Дорнын тусгал” гэрэл зургийн холбоо, Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төв, аймгийн Музей сургалт, судалгааны төвтэй хамтран "Урланд ирсэн намар" яруу найрагч, гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнг 11 дүгээр сарын 1-нд Сайншанд сумын Музей, сургалт судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.

6. Гэмтлийн улмаас нүүдлийн шувуудтай цуг буцаж чадаагүй үлдсэн хун шувууг Увс аймгийн Өмнөговь сумын байгаль хамгаалагч авран хамгаалжээ. Байгаль хамгаалагч М.Мижиддорж, тус сумын ЗДТГ-ын нярав М.Амарсайхан нар Өмнөговь сумын Хар ус нууранд сүргээсээ ганцаар үлдсэн хун шувууг авран хамгаалах арга хэмжээг авсан байна. Гэмтсэн хун шувууг Ховд аймгийн Дөргөн суманд хүргэж Хар ус нуурын Тусгай хамгаалалттай газар нутгийн "Агваш" арлын хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч Л.Бэлэгдэмбэрэлд хүлээлгэн өгчээ.

7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон “Эрүүл Архангай” хөдөлгөөний хүрээнд “Цахимаас салж, спортод цаг гаргая” өглөөний дасгалын аяныг эхлүүлээд байна. Аяныг аймгийн Биеийн тамир, спортын газраас сарын хугацаанд зохион байгуулж байна. Энэ хугацаанд Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшил, сургууль, цэцэрлэгийн албан хаагчид, иргэдийг хамруулан өглөө бүр 07.30-08.30 цагийн хооронд хөдөлгөөнт дасгал хийж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.