Филиппины Параньяк хотод гоо бүсгүй шалгаруулах “Miss Earth-2025” тэмцээн болж өнгөрлөө. Энэ жил 25 дахь удаагаа явагдаж байгаа тус тэмцээнд нийт 82 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн юм.

2025 оны “Miss Earth” уралдаанд Чехийн 21 настай оюутан Натали Пушкинова түрүүллээ. Натали “Univerzita Karlova” их сургуульд олон нийттэй харилцах чиглэлээр суралцдаг. 16 настайдаа тэрээр аавыгаа алдсан. Энэ явдал түүнд байгаль, хүрээлэн байгаа орчны төлөө тэмцэх сэдэл өгсөн байна. Натали хүнсний хаягдлыг багасгах, залуучуудад туслах төсөл боловсруулж байгаа. Усанд шумбах дуртай, далай тэнгисийг цэвэр үлдээхийн төлөө ажилладаг.

2012 онд түүний нутаг нэгт Тереза Файксова түрүүлж байсан тул энэ титэм Чехийн хувьд хоёр дахь Дэлхийн гоо бүсгүйн титэм болж байгаа юм.

Исландын Соллис Вала Иварсдоттир “Miss Earth Air”, Вьетнамын Чинь Ми Ань “Miss Earth Water”, Тайландын Вари Нгамкхам “Miss Earth Fire” цол хүртсэн байна.

“Miss Earth” тэмцээн нь бусад Гоо бүсгүйн тэмцээнээс ялгаатай нь оролцогчдын гоо үзэсгэлэнгээс гадна тэдний экологийн төлөө юу хийх чадвартай вэ гэдгийг дүгнэдэг онцлогтой билээ.












