Цахим спортын HLTV сайтаас Оны шилдэгт өрсөлдөгчдийн нэрсийг зарласаар байна. “Шилдэг дасгалжуулагч” төрөлд нийт 10 дасгалжуулагч нэр дэвшсэнээс гурав нь финалд шалгаран үлдээд байна. “Team Vitality” багийн дасгалжуулагч Реми XTQZZZ Квоньям, “Team Spirit” багийн дасгалжуулагч Сергей hally Шаваев, манай “The Mongolz” багийн дасгалжуулагч Эрдэнэдалай maaRaa Баянбат нар өрсөлдөх боллоо. Ялагчийн нэрийг аравдугаар сарын 10-нд Белград хотод болох ёслолоор зарлах юм.

Цахим спортын шинжээч Судхен Bleh Вахенгбам олон нийтийн сүлжээнд манай дасгалжуулагчийн талаар сэтгэгдлээ хэлжээ. Тэрээр “Эрдэнэдалай энэ жил шилдгээр шалгарахгүй байсан ч яах вэ. Түүний нэр шөвгийн 3-т үлдсэнд би их баяртай байна. Сүүлийн хэдэн сар тэрээр шилдгүүдийн нэг гэдгээ бүх түвшинд харууллаа. Тэр бол архитектор, Монголын Загалмайлсан эцэг” гэж хэлсэн байна.
