Ираны чөлөөт бөхийн ирээдүйтэй залуу, шинэ од Амирреза Масуми иргэншлээ сольж, гадаад улсын төлөө барилдах болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл 21 настай залуу бөх Азербайжан улсыг сонгожээ. Ираны хэвлэлд бичсэнээр Азербайжаны бөхийн холбоо түүнтэй удаан хугацааны гэрээ байгуулсан байна. Харин Ираны fotballi хэмээх хэвлэлд бичсэнээр Ираны бөхийн холбоо шилжилт хийхийг зөвшөөрөөгүй татгалзсан тул Азербайжаны шигшээ багт ойрын үед барилдаж чадахгүй нь бололтой. Масуми эхлээд Арменийн бөхийн холбоотой гэрээ байгуулах гэж байсан ч талууд тохиролцоонүд хүрээгүй ажээ.
Авьяаслаг залуу, шинэ од яагаад иргэншлээ солих гээд байгаа билээ?
Өсвөр, залуучуудын түвшинд дэлхийн бараг бүх шагналыг авсан ч тэр Ираны насанд хүрэгчдийн шигшээ багт орж чадахгүй байгаа. Түүний жинд олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн хошой аварга Амир Хоссейн Заре бий. Заре 24 настай гэхээр энэ жиндээ удаан ноёрхох нь гарцаагүй. Харин Масуми 2028 оны олимпод оролцох мөрөөдөлтэй.
Мэдээж 2028 оны хүртэл зай байгаа тул Заретэй өрсөлдөөд, үзэлцээд байж болно. Гэвч Тахти цомын тэмцээний финалд Масуми тун сэжигтэй, будилаантай шүүлтээр ялагдсаны дараа байдал хурцадсан. Амирезза Масумигийн тэсвэр алдагдсан бололтой. Бүгд Зарегийн талд ороод байх юм бол хэзээ ч олимпод орохгүй нь гэж бодоод иргэншлээ солихоор шийдсэн байх магадлал өндөр.
Тэмцээний дараа Ираны шигшээ багийн цугларалтад Масумиг дуудсан ч тэр очсонгүй. Харин Ереванд очиж, Армены бөхийн холбоотой хэлэлцээ хийж байлаа. Өөр улсын шигшээ багт барилдахын тулд түүнд Ираны бөхийн холбооны албан ёсны зөвшөөрөл хэрэгтэй. Хэрэв Ираны бөхийн холбоо татгалзвал ДБНХ-ны дүрэм ёсоор 2-3 жил барилдахгүй байж байгаад шинэ орныхоо төлөө зодоглох эрхтэй болно. 2028 оны олимпоос өмнө амжих эсэх, тэмцээн уралдаанд орохгүй, шууд олимпод орох уу гээд асуудал их. Учир нь Ираны бөхийн холбоо шинэ одоо тийм амар тавиад явуулчихгүй нь тодорхой.
