Энэ зун хийх сонирхолтой болзооны 40 санааг бид хүргэсэн. Тэгвэл үүрд дурсагдах дурсамжтай зуныг өнгөрүүлэх "сэтгэлд дулаахан" 6 санааг энэ удаа онцолж байна. Эдгээрийг ганцаараа, найзтайгаа, хамт олноороо, хосоороо гээд хэнтэй ч хийж болох учир цаг гарган дурсамжаа мөнхлөөрэй. Хэзээд дурсан инээмсэглэх дулаахан мэдрэмжийг танд үлдээх болно.
#1 Нууцлаг баатар болох - Цусаа хандивлах

350 мл цус 4 хүний алтан амийг авардаг талаар та дуулж байсан уу? Тэгвэл хайртай хүнтэйгээ, найзуудаараа цусаа хандивлан, сайн сайхан зүйлсийг ярилцаж "болзох" нь сэтгэлд мартагдашгүй дурсамж үлдээх болно. Цусаа хэрхэн хандивлаж болох талаар ЭНДЭЭС уншаарай.
#2 Үл таних халуун дулаан нэгэн байх - IVolunteer-т нэгдэх

Эргэн тойрон, нийгэмдээ тустай үйл хийж, өөрийгөө хөгжүүлэнгээ танилын хүрээллээ тэлэхийг хүсвэл IVolunteer-т нэгдээрэй. Сайн дурынхан болон ТББ-уудыг холбосон хамгийн халуун дулаан гэр бүл. Хэрвээ яг ямар сайн дурын ажил хийхээ төдийлөн мэдэхгүй байвал энэ сарын 5-нд болох ЦАХИМ ӨДӨРЛӨГТ үнэ төлбөргүй оролцоорой. Хамт олонтой болж, халуун дулаан үйл бүтээх нь таны зуныг "гэрэлтүүлэх" болно.
IVolunteer.mn вэб платформын тухай таны мэдвэл зохих 6 зүйл
Сайн дурын ажил хийхэд урам зориг өгөх монгол залуусын сонирхолтой 3 түүх
#3 Өөрийн хувиа үлдээх - Мод тарих

Хайрлан ургуулж, чин сэтгэлээсээ тарьсан мод сэтгэлийг саруултгаж, баяр хөөр бэлэглэдэг. Ганцаараа, дотны хүмүүстэйгээ хамт энэ зун л мод тарихад ирэх жил "хөөрхөн" ургачихсан байх болно.
#4 Илч илгээе - Хуучин хувцсаа хандивлах

Таны өмсөхөө больсон хувцас өөр хэн нэгэнд амин чухал хэрэгцээ ч байж мэдэх юм. Бусдад "өгөх"-ийн аз жаргалыг юутай ч зүйрлэмгүй. Дэлхий нийтээр хувцас үйлдвэрлэлээс шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй өнөө үед хэрэгцээгүй зүйлсээ хэрэгтэй хүнд нь угааж цэвэрлээд л хандивлах нь асар их тус болох болно. Хаана, хэрхэн хандивлаж болох тухай ЭНДЭЭС уншаарай.
#5 "Дурсамжийн тэмдэглэл" - Цаасаа дахин боловсруулах

Хаягдал цаасаа хялбар аргаар дахин боловсруулаад л цоо шинэ тэмдэглэлийн дэвтэртэй болох уу? "Up" хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг "Бидний адал явдал" гэж нэрлээд энэ зуны дурсамжаа зурагжуулан үлдээж ч болох юм. ЭНЭ аргаар цаасаа гэртээ дахин боловсруулаарай.
#6 Ирээдүйн төлөө яг одоо - Хогоо ангилж ялгах

Нэг хуванцар савыг бид дээд тал нь 2 цаг л ашиглаж байна. Харин ангилахгүй хаявал тэр сав насан туршид тань энэ дэлхийн хаа нэгтээ хадгалагдана гээд боддоо? Аймшигтай биш гэж үү? Дэлхий дээр амьдарч буй 7.8 тэрбум хүн тус бүр жилд 1.5 тонн хог хаягдал бий болгодог. Тиймээс хогоо ангилж, хүүхдүүддээ ч зааж сургах нь ирээдүйн төлөөх хамгийн зоримог алхам болох бизээ.