UBLife Logo
Спорт

Японы мэргэжлийн бөх, жүдо эвлэрч байна

Японы мэргэжлийн бөх, жүдо эвлэрч байна

Токио олимпын жүдо бөхийн 100 кг жингийн аварга Аарон Вольф энэ сарын 4-нд мэргэжлийн бөхийн “New Japan Pro-Wrestling” холбооны "WRESTLE KINGDOM 20” тэмцээнд мэргэжлийн бөхийн анхны тулаанаа хийж, аваргын бүс зүүсэн талаар бид мэдээлсэн. Түүний багш, Японы жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Кэйжи Сүзүки олон нийтийн сүлжээнд “Ааронд агуу мэргэжлийн бөх болохыг хүсээд, намайг олимпын аварга шавьтай дасгалжуулагч болгосонд чинь талархахын сацуу жүдо бөхөд битгий буцаж ирээрэй гэсэн урмын үгээр шагнаж байна” гэж бичсэн байлаа.

Үнэндээ Японы мэргэжлийн бөх, жүдо хоёр олон жилийн турш хонь, чоно мэт эв түнжингүй явж ирсэн юм. 1965 оны Бүх Японы жүдо бөхийн АШТ-д түрүүлсэн Сэйжи Сакакүчиг 1967 онд мэргэжлийн бөхөд шилжих гэхэд жүдо бөхийн ертөнц тэр чигээрээ уурлан, хилэгнэж байлаа. Түүний сургууль болох Мэйжи их сургуулийн төгсөгчид Кооракүэн дэх Мэргэжлийн бөхийн байранд очиж, болиулахыг оролдож байв.   

Яагаад спортын тэр тусмаа бөхийн хоёр төрлийнхөн ийм дайсагналтай болсон бэ гэдэг нь нэлээд эртний түүх. Бүх Японы АШТ-д гурав дараалан түрүүлсэн, 15 жил ялагдал гэдгийг амсаагүй, жүдо бөхийн домог Кимүра Масахико 1954 оны 12 дугаар сард мэргэжлийн бөхийн рингэнд гарч, мэргэжлийн бөхийн аварга Рикидозантай тулалдсан юм. Рикидозан бол сүмо барилдахаар Японд ирсэн солонгос хүн. Сүмо бөхөөр сэкивакэ болсон ч мөнгө төгрөг, зодоон цохионы хэргээр оякататайгаа муудалцаж, зодог тайлаад мэргэжлийн бөхөд шилжсэн. Мэргэжлийн бөхийн тулаан тул Кимүра, Рикидозан хоёр эхний тулаандаа тэнцэхээр тохиролцож, дараа нь хэн хэн нь ээлжилж ялан, даагаа нэхэх тулаан хийж, их мөнгө олохоор болжээ. Харин Рикидозаны толгойд жүдо бөхийн домог, ялагдашгүй аварга Кимүраг ялбал мөнгөнөөс илүү маш их нэр хүнд олно гэсэн бодол төрөөд байв. Ингээд тулаан боллоо. Хайнцана гэж бодож байсан Кимүраг Рикидозан гэнэдүүлэн хүнд цохилтод оруулаад цэвэр ялах нь тэр. Кимүра уурлаж, талууд алалцахдаа тулсан ч хоёр талын ард байдаг якүза бүлгүүд уулзаж ярилцаад эвлэрч байв. Энэ үеэс жүдо, мэргэжлийн бөхийн хооронд ангал үүссэн түүхтэй.  

1997 онд Бүх Японы АШТ-д 7 түрүүлсэн Огава Ная мэргэжлийн бөхөд ороод мөн л шүүмжлэлийн бай болж байлаа. 2008 оны олимпын хүнд жингийн аварга Сатоши Иший холимог тулаанд шилжихэд 21 настай залуу аваргаа алдсан Японы жүдо бөхийн холбоо харамсан халаглаж байсан удаатай.

 

Аарон Вольф бол олимп, ДАШТ, Бүх Японы АШТ гэсэн япон жүдочдын хувьд “Хамгийн том гурван тэмцээн”-д түрүүлсэн жүдоч. 2025 оны зургаадугаар сард мэргэжлийн бөхөд шилжиж байгаагаа зарлахад харин хэн ч эсэргүүцэж, шүүмжилсэнгүй. Японы жүдо бөхийн холбооноос “Хувь хүний сонголт. Тэр сонголт хийх эрхтэй. Сайн бөх болохыг хүсэн ерөөе” гэж урам зориг өгч байв.  

Өмнө нь холимог тулаан, мэргэжлийн бөхөд “урвасан” жүдочийг жүдогийн ертөнц эргүүлэн авдаггүй дүрэмтэй байлаа. Гэвч мэргэжлийн спортоос зодог тайлаад нэг жилийн дараа жүдогийн дасгалжуулагчийн ажилд шилжиж болдог дүрэм шинээр гарсан. Холимог тулааны PRIDE холбоонд хүчин зүтгэж байсан, 1992 оны олимпын аварга Хидэхико Ёшида одоо жүдо бөхийн дасгалжуулагчийн ажлаа хийж байгаа нь шинэ дүрэмтэй холбоотой.  

Цаг үе өөрчлөгдөж, жүдо, мэргэжлийн бөх эвлэрчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.