Одоо АНУ-ын хамгийн том муж болох Аляскийг анх 1732 онд Оросын экспедиц нээсэн бөгөөд Оросын Эзэн хааны мэдэлд байжээ. Гэвч Оросын хаан энэ газар нутгаа АНУ-д худалдсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ашиггүй наймааны нэгт зүй ёсоор тооцогддог.

Аляскийг АНУ-д шилжүүлэх гэрээг 1867 оны гуравдугаар сарын 30-нд баталж, аравдугаар сард нь хүчин төгөлдөр болсон. Гэнэт баталчихсан хэрэг биш Аляскийг зарахаар Александр II хааны дүү Константин Николаевич 10 жилийн өмнөөс хэлэлцээ хийж байсан юм.

Гэрээ ёсоор нэг га газрыг 5 цент орчим үнээр бодож, нийт 7.2 сая доллароор Хаант Орос зарсан байдаг. Одоогийн ханшаар энэ нь дөнгөж 150 сая ам.доллар бөгөөд Холливудын дундаж киноны зардалтай дүйцэж байна. Яагаад ийм хямд үнээр 1,717,856 км² газар нутагтай арлыг зарсан хэрэг вэ? Өнөөгийн өндөрлөгөөс харахад инээд хүрмээр мөнгө ч түүхчдийн бодлоор Хаант Орос зарахаас өөр аргагүй байдалд хүрээд байжээ. Нэгдүгээрт, хүйтэн цаг агаартай, дэд бүтэц огт хөгжөөгүй.

Тэр үед Аляска 60 мянган уугуул иргэнтэй, харин оросууд ердөө 2000 байжээ. Хэрэв Их Британи мэт гадаадын орон халдвал хамгаалахад тун хэцүү. Оросоос цэрэг, усан онгоц ирэх гэж маш удна. Тиймээс алдахаасаа өмнө заръя гэсэн бодол хаад, ноёдын толгойд төрсөн хэрэг.

Бас нэгэн шалтгаан нь, Хаант Орос улсын сан хөмөргө хоосроод байв. Аляскийг зарсан мөнгөнийхөө ихэнхийг тэд төмөр замын техник худалдан авахад зориулсан. Дэд бүтцээ хөгжүүлэхэд энэ мөнгө ихэд тус болсон гэдэг.
Гэсэн ч дараа нь Аляскад алтны том орд газар нээгдэж, америкчууд Аляскад цугларахад алтны нинжа нарын дотор оросууд байгаагүй гэлцдэг.
