АНУ, Израилын цохилтоор Ираны шашны дээд удирдагч Али Хаменеи ажлын байрандаа амиа алдсан талаар дэлхийн бүх хэвлэл мэдээлсээр байна.

Гуравдугаар сарын 1-нд Ираны нийслэл Тегеран хотын төв талбайд хэдэн мянган хүн цугларч, эсэргүүцлийн жагсаал хийлээ.


Тэд аятоллагийн зураг, туг далбаа барьж, “АНУ-д үхэл”, “Израил сөнө” гэж уриа лоозон хашгаран, өшөөгөө авахыг шаардаж байлаа.



Мөн Ираны Тебриз, Исфахан, Урми, Захедан хотуудад жагсаал болж, Израилын Ерөнхий сайдын зургийг шатаасан байна.

Харин эсрэгээрээ Али Хаменеи амиа алдсанд баярлах хүн ч байна. Олон жил исламын дарангуйлалд байсан ард түмэн одоо эрх чөлөөтэй болох нь гэж итгэж байгаа нь энэ.

Хэдхэн сарын өмнө болсон эсэргүүцлийн жагсаалыг дарах тушаалыг Али Хаменеи өгч, хэдэн арван мянган хүн алагдаж, мянгаад хүн цаазлуулаад байсан юм.

Ялангуяа гадаадад дүрвэн гарсан иранчууд АНУ, Их Британи, Испани, Австралид инээж баярлан, тэмдэглэжээ.



