UBLife Logo
Дэлхий

АНУ, Израилын довтолгоо, Ираны хариу цохилт

АНУ, Израилын довтолгоо, Ираны хариу цохилт

Хоёрдугаар сарын 28-ны өглөө АНУ, Израилын хамтарсан хүчин Иранд агаарын цохилт өглөө. Ерөнхийлөгч Трамп Ираны армийг зэвсгээ хураалгах, иранчуудыг хувь заяагаа өөрсдийн гарт авахыг уриалсан билээ.

АНУ-ын эхний цохилтоор Ираны шашны удирдагч Али Хаменеи болон дээд тушаалын хэд хэдэн офицер амиа алдсан. Женевт АНУ-тай хэлэлцээр хийж байсан болохоор довтлохгүй гэж үзсэн гэхэд бэрх. Дайны байдалд удаж байгаа бүхэл бүтэн орон дэлхийн бүх хэвлэл энэ амралтын өдрүүдэд АНУ довтлох нь гэж мэдээллэж байх үед эхний цохилтоор удирдагчдаа алдана гэдэг хачирхалтай.

АНУ-ын Тагнуулын албанаас хэдэн сар мөрдсөний эцэст аятоллаг хаана, хэзээ байхыг урьдчилан мэдэж байжээ. Али Хаменеи ордондоо дээд тушаалын генералуудаа цуглуулах тэр мөчид Израилын агаарын хүчин ордон дээр маш хүчтэй 30 бөмбөг хаясан байна. АНУ, Израилын хамтарсан довтолгооны эхний 24 цагт Ираны 1000 гаруй объектод цохилт өгч, 48 дээд тушаалын хүнийг устгалаа гэж АНУ-ын тал мэдэгдсэн.

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан цохилтод өртөөгүй бөгөөд АНУ, Израилын эсрэг “Ариун дайн” зарлахаа мэдэгдээд байна. Одоогийн байдлаар Дээд удирдагчийн оронд улс орныг Ерөнхийлөгч, Ерөнхий шүүгч, Үндсэн хуулийн зөвлөлийн төлөөлөгч нар удирдах болжээ.

Ираны тал АНУ-ын хөлөг онгоцнуудаас гадна Ойрхи Дорнодын орнуудад байрласан Америкийн цэргийн баазуудад хариу цохилт өгсөн. Катар, АНЭУ, Бахрейн, Саудын Араб,  Кувейт дэх баазуудад пуужин тусаж, Америкийн 4 албан хаагч амиа алдаад байна. Мөн Арабын орнуудын нисэх буудал, зочид буудлууд цохилтод өртсөн тул гадаадын олон мянган жуулчин хөл хорионд ороод байгаа юм. Израилын зарим хот галд өртсөнөөс арван хүн амиа алдсан мэдээлэл байна. Ингээд сүүлийн үеийн мэдээллээс танилцуулъя.

-Нефтийн үнэ 10 хувь өсөж, Brent баррель нь 79,30 ам.доллар, Nymex нефть баррель нь 72,70 ам.долларт хүрээд байна.

-Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, БХЯ-ны сайд Пит Хегсет, ТТГ-ын дарга Жон Ратклифф нар мягмар гарагт Конгресст Ираны дайны талаар тайлан тавина. Конгресст мэдэгдэлгүй дайн хийснийг хэрхэн дүгнэх бол,энэ нь удахгүй болох сонгуульд нөлөөлөх үү гэдгийг шинжээчид ажиглаж байна.

-Амиа алдсан цэргийн албан хаагчдынхаа өшөөг авна гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Гэхдээ тэр энэ дайнд нэмж америк цэрэг амиа алдах нь гарцаагүй гэж тодотгосон. Мөн Ираны тал хэлэлцээр хийх санал тавьсныг би зөвшөөрсөн гэж хэлсэн байна.

-ОХУ, БНХАУ, БНАСАУ-ын удирдагчид АНУ-ын халдлагыг эрс эсэргүүцэж, удирдагчаа алдсанд нь Ираны ард түмэнд эмгэнэл илэрхийлжээ.

-Арабын орнуудад довтолсноор Иран улс түнш, тулах оронгүй болох эрсдэлд өөрийгөө орууллаа гэж зарим шинжээч үзэж байна. Харин Ираны тал нутгаасаа АНУ-ын цэргийн баазыг гаргах шаардлага тавиад байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...