АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон Конгресст санхүүч, гэмт хэрэгтэн Жеффри Эпштиний хэргээр мэдүүлэг өглөө. Түүний гэрэл зураг Эпштиний файлд маш их үлдсэн байдаг.
Билл Клинтон “Би түүнтэй тун богино хугацаанд уулзаж байсан. Эпштиний гэмт хэрэг илрэхээс өмнө түүнтэй харьцахаа больсон байсан. Түүнтэй уулзаж байх үедээ би үнэн хэрэгтээ юу болж байгааг хараагүй. Мэддэг бага зүйлээ ярихаар өнөөдөр ирээд байна” гэж үгээ эхэллээ. Мөн “Эпштиний гэмт хэргийн талаар ямар ч төсөөлөлгүй байсан. Би юу харснаа мэдэж байна, хамгийн юу хараагүй вэ гэдгээ сайн мэдэж байна. Би юу ч хараагүй, ямар ч муу зүйл хийгээгүй” гэж гэм буруугүй гэдгээ илэрхийлжээ.
Нийт 6 цаг үргэлжилсэн энэхүү мэдүүлгийн үеэр тэр бүх асуултад үнэн шударга хариулсан гэдгээ хэлсэн байна.
Усан санд үл мэдэх нэгэн эмэгтэйн хамт байгаа гэрэл зургийнхаа талаар Билл “Энэ эмэгтэйг хэн гэдгийг мэдэхгүй. Түүнтэй ямар ч харилцаанд ороогүй” гэж баталсан.

Билл Клинтон эхнэрийн хамт Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороонд мэдүүлэг өгөхөөс эрс татгалзаж байсан. Учир нь тэд энэ үйл явдлыг өөрсдийнх нь эсрэг улс төрийн агуулгатай гэж үзэж байсан юм. Харин Шүүхээс хэрэг үүсгэхээр сануулсны дараа тус хорооны өмнө ирсэн билээ.
Эпштиний файлаас үзэхэд Билл Жеффри хоёр 2000-аад оны эхээр танилцаж, Билл 2002-2003 онуудад санхүүчийн хувийн онгоцоор хэд хэдэн удаа нисэж байсан нь батлагдсан. Харин Эпштиний хэрэг илэрсэн 2006 он гэхэд Билл харилцахаа больсон байжээ.
