Тог гэнэт тасрах нь мэдээж хэрэг бид бүгдэд асар бухимдал төрүүлдэг. Гэхдээ бас нөгөө талаасаа, утас, интернет, дэлгэцгүй болсон тэр мөчийг өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж бий. Доорх санаанууд нь стрессийг нэмэхгүйгээр цагийг үр дүнтэй ашиглахад тус болно хэмээн найдаж байна.
1. Толгойгоо цэгцэлж, төлөвлөгөө гаргах үе
Дэлгэц унтарсан үед бодол хамгийн чанга ярьдаг. Танд ердөө цаас, үзэг байхад л хангалттай. Яг одоо юу танд дарамт болж байна, юуг хойш тавиад явж байна вэ гэдгээ жагсааж бич. Шийдэл олох гэж бүү яар, зүгээр л гаргаад тавь. Бодож байх үедээ л хүн асуудлаа олж харж, тухайн асуудлаас мэдрэх дарамтаа багасгасан байдаг.
2. Уншиж амжаагүй ном, бичвэрээ гартаа атга
Хэдхэн хуудас уншихад л анхаарал төвлөрч, стресс аажмаар буурдаг. Лааны гэрэлд ном унших ч бас л сонин өөр мэдрэмж шүү. Бас үгийн сүлжээ бөглөх их гоё байдаг даа.

3. Гэрийнхээ аль нэг хэсгийг багахан ч гэсэн цэгцлээд үз
Их цэвэрлэгээ хийх шаардлагагүй. Зөвхөн нэг шургуулга, нэг тавиур, эсвэл цүнхээ л янзал. Орчны эмх цэгц тархины ачааллыг багасгадаг нь үнэхээр үнэн. Будаг шунхаа хийдэг цүнх, зурагтны урд талын тавиураа цэгцлэх гээд багахан л юм цэгцлээрэй.
4. Биеэ суллах энгийн хөдөлгөөн хийх
Интернэтгүй ч хийж болох сунгалт, амьсгалын дасгалууд бий. Хүзүү, мөр, нуруугаа зөөлөн хөдөлгөж, гүн амьсгал ав. 10 минут л хангалттай. Багахан ч гэсэн амьсгал, сунгалтын дасгалын араас толгой хамаагүй хөнгөрдөг.

5. Маргаашийн эсвэл долоо хоногийн ажлаа гараар төлөвлө
Дижитал календарьгүй үед цаасан төлөвлөгөө илүү бодит болдог. Маргааш хийх 3–5 чухал ажлаа бич. Олон зүйл бичих хэрэггүй, бодитой байхад л хангалттай. Магадгүй дэлгүүрээс саван авах зэрэг ахуйн шинжтэй жагсаалт ч байсан болно.
6. Хоол, цайгаа анхааралтай бэлд
Тоггүй үед ч хийж болох энгийн хоол, цай бий. Ус буцалгаад цай уух, энгийнээр амархан бэлдэж болох зуушаа тайван хий. Яарч идэхгүй, амтыг нь мэдэр. Жимс хальслаад суух ч бас сайхан шүү. Бас өөртөө гоё уух юм бэлдэж болно.

7. Удаан бодож явсан нэг шийдвэрээ эргэцүүл
Шууд шийд гэж өөрийгөө шахах хэрэггүй. Зүгээр л давуу, сул талыг нь бич. Зарим шийдвэр нам гүмд илүү тодорхой болж ирдэг. Олон талаас нь харж, анзаараагүй зүйлсээ ч анзаарах боломж олдож мэднэ шүү.
8. Зүгээр л амар
Юу ч хийхгүй байх нь заримдаа бидэнд хамгийн хэрэгтэй зүйл байдаг. Цонхоор харах, хэвтэх, бодлоо сул тавих. Үр бүтээмж гэдэг заавал хөдөлгөөн биш, заримдаа зогсолт, амсхийлт дундаас ч гарч ирж болдог. Ойрд оройтож унтаад байсан бол ядаж л эрт унтах гээд хичээгээд үз.
Гэнэт тог тасрах нь бидний хяналтаас гадуурх үйл явдал. Үүнийг бид өөрсдөө яаж ч өөрчлөх гээд яг тэр мөчид хүлээхээс өөр сонголтгүй болчихдог шүү дээ. Харин тэр хугацааг яаж өнгөрөөх нь бидний сонголт. Стрессийг нэмэх биш, өөртөө зай өгөх байдлаар ашиглаж чадвал тус болох боломжтой. Гэхдээ л манайд өдөрт гурван удаа тог тасарлаа. Бас л гуниг юм даа.
