UBLife Logo
Спорт

“Милан Кортина 2026” наадмын өвөрмөц тамирчид

“Милан Кортина 2026” наадмын өвөрмөц тамирчид

Долоо хоногийн дараа Италид эхлэх Өвлийн олимпын наадамд 95 орны 3000 орчим тамирчин оролцоно. Олимп болгон өөрийн гэсэн өвөрмөц тамирчинтай байдаг. Янз бүрийн эзэн хааны удам, хийлч Ванесса Мэй, Африк тивийн чаргачин, Тонгагийн тосон тамирчин нар одоо болтол спорт сонирхогчдын санаанд үлджээ. “Милан Кортина 2026” наадмын оролцогчдоос дөрвөн түүхийг онцлон авч үзье.

Африкийн “чийрэг” залуу

Африкийн Бенин улс анх удаа өвлийн олимпод зодоглоно. Тус улсыг Италид 23 настай уулын цаначин Натан Чибозо төлөөлнө. Натан бол хөрш зэргэлдээ Того улсаас ирсэн дүрвэгч. Тогод уулын спортоор хичээллэх дэд бүтэц, байгууламж огт байхгүй тул Чибозо өндөр уулсаараа нэртэй Бенинд (хамгийн өндөр цэг нь 658 метр) цагаачлахаар шийджээ. Тэр уулын спортын зааварлагчаар Францад суралцаж байв. Того харин улсынхаа цорын ганц цанын тамирчнаа алдаад явуулахыг хүссэнгүй. Хоёр тал маргалдсаар Олон улсын FIS холбооноос 2025 онд Натанд иргэншлээ солих зөвшөөрөл өгснөөр асуудал шийдэгдсэн.

Бразилын цанын өрсөлдөөн

Бразилын гүйлтийн цанын шигшээ багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт гарлаа. 50 настай Жакелин Моурау олон нийтийн сүлжээнд “Ес дэх олимпдоо оролцох гэсэн боловч дотоод өрсөлдөөнд ялагдаад чадсангүй” гэж бичсэн байлаа. Тэгэхээр Бразилд өөр сайн цаначин гарч ирсэн болж таарлаа.

Моурау бол жинхэнэ олимпын домог. Тэр гурван зуны олимпод дугуйн спорт (2004, 2008, 2021), таван өвлийн олимпод гүйлтийн цанаар (2006, 2010, 2014, 2018, 2022) оролцсон тамирчин. 2014 оны Сочид биатлоны тэмцээнд ч өрсөлдсөн гайхалтай эмэгтэй. 45 настайдаа Панамерикийн наадамд түрүүлж байсан.

Түүний оронд Италид Бруна Моура өрсөлдөнө. Моурагийн хувь заяа ч бас ээдрээтэй. Моура 2022 оны Бээжингийн олимпын өмнө машины хүнд осолд орж, жолооч нь амиа алдсан. Тэрээр Бээжин явах онгоцонд суухаар яарч явсан гэдэг.

Мексик гэр бүл

Өвлийн олимпын түүхэнд анх удаа ээж хүү хоёр нэг олимпод оролцох гэж байна. Мексикийн багийн 46 настай уулын цаначин Сара Шлепер долоо дахь олимпын наадамдаа хүрч ирлээ. Сара Колорадод цанын дэлгүүрийн эзний гэрт төржээ. Алс тэртээ 1995 онд замналаа эхлүүлж, 2005 оны Дэлхийн цомын гараанд түрүүлж байв. Уулын цанаас зодог тайлахдаа Сара уламжлал ёсоор зуны даашинзтай цанаар бууж, гарт нь 4 настай хүү нь байв. Зодог тайлсныхаа дараа мексик эртэй гэрлэж, иргэншлээ солиод их спортод эргэн ирсэн байна. Түүний 17 настай хүү Гасиол Миланы олимпод мөн уулын цанаар өрсөлдөнө.

Ахмад сноубордчид

Сноуборд бол залуучуудын спорт гэж бид үздэг. Гэрвч 2026 оны олимпод энэ төрлөөр 45 настай итали тамирчин Роланд Фишналлер оролцоно. 1997 онд гараагаа эхэлсэн тэрээр ДАШТ-ий 7 медальтай ч нэг ч удаа олимпын медаль хүртэж байсангүй. Харин энэ удаад нутагтаа байгаа тул найдвар бий гэсэн үг.

Австрийн Клаудия Риглер 53 настай. 2015 оны дэлхийн аварга тэрээр уралдсаар л байна. Өнгөрсөн Бээжин олимпын эрхээ Риглер авсан ч цар тахлын вакцин тариулахаас татгалзаад хасагдаж байв. Энэ жил ахмад тамирчин тун өнгөтэй байгаа. Сноубордын Дэлхийн цомын нийлбэр дүнгээр 15-д бичигдэж байна. Олимпын аварга эмээ болох зорилготой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна