UBLife Logo
Спорт

NHL, уран гулгалтын одод, ахмадууд эргэн ирлээ буюу Олимпын онцлох 5 төрөл

NHL, уран гулгалтын одод, ахмадууд эргэн ирлээ буюу Олимпын онцлох 5 төрөл

Энэ долоо хоногт Италид Өвлийн олимпын наадам эхлэх гэж байна. Нээлтийн ёслол 6-нд товлогдсон ч эхний тэмцээнүүд 4-ний өдрөөс явагдана. “Милан Кортина 2026” наадам сүүлийн 10 жилд үзэгдээгүй өрсөлдөөнтэй, сонирхолтой болно гэж шинжээчид үзэж байна.

1. НХЛ-ийн шинэ үеийнхний боломж

Натан Маккиннон

Өвлийн олимпын хамгийн их үзэгчтэй төрөл бол яах аргагүй мөсөн дээрх хоккей. 2014 оноос хойш анх удаа Хойд Америкийн мэргэжлийн NHL лигийн тоглогчдын үйлдвэрчний эвлэлээс Олон улсын хоккейн холбоотой тохиролцоонд хүрж чадлаа. Энэ бол дэлхийн ихэнх шилдэг хоккейчид Миланд цугларна гэсэн үг юм. ОХУ-ын баг Украины дайны улмаас хоригт ороод байгаа тул оросуудаас бусад шилдгүүд ирнэ. Сүүлийн арваад жил мэргэжлийн лигт одод олноор төрөн гарсан ч энэ үеийнхэн одоо л олимпод оролцож үзэх гэж байна. Канад, Швед, АНУ-ын баг алтан медалийн төлөө өрсөлдөнө гэж шинжээчид таамаглаж байна.

Наадам эхлэхээс өмнө нэгэн шуугиан гарсан нь хоккейн “Санта Жулия” хүрээлэнгийн барилгын ажилтай холбоотой. Барилгын ажил өнгөрсөн сард дууссан бөгөөд олимп эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар шамдаж байгаа ч асуудал олон хэвээр байгаа. Туршилтын тоглолт хийх үеэр мөс цоорсон, ариун цэврийн өрөө, түргэн хоолны газрууд хангалтгүй гээд шүүмжлэл их байна.

2. Орос гаралтай уран гулгагчид, хүнд элемент хийх өрсөлдөөн

Олимп эхлэхээс өмнө уран гулгалтын тэмцээний талаар олон яриа гарсан. Сүүлийн үед АНУ-ын багийн Илья Малинин хэт хүнд техникийн үзүүлбэрүүд хийсээр уран гулгалтыг огт өөр түвшинд аваад ирлээ. Түүнийг хэдийн “үзэгдэл” хэмээн нэрлэж, “100 жилийн түүхэн дэх хамгийн авьяаслаг тамирчны нэг” гэж цоллоод байна. Малинин дэлхийд анх удаа дөрвөлсөн аксель гүйцэтгэж, олимпоор тав эргэлттэй үсрэлт хийхээр төлөвлөөд байгаа юм.

Илья Малинин

Малинин бол спортын гэр бүлээс гаралтай тамирчин. Ээж Татьяна Малинина 1998 оны олимпод Узбекистаны нэрийн өмнөөс оролцож байсан, Гран При финалд түрүүлж байсан тамирчин. Аав Роман Скорняков мөн Узбекистаны нэр дээр 1998, 2002 оны олимпод оролцож байсан. Харин өвөө Валерий Малинин нь ЗХУ-ын шигшээ багт гулгаж явсан, одоо ОХУ-д дасгалжуулагчаар ажиллаж байгаа эрхэм. Малининаас гадна АНУ-ын уран гулгалтын шигшээд Максим Наумов, Эндрю Торгашёв нар багтаад байгаа.

Наумов бол мөсөн талбай дээр төрсөн, өссөн хүн. Түүний аав, ээж болох Евгения Шишкова, Вадим Наумов нар 1994 онд хосын төрлөөр дэлхийн аварга болж байсан. Дараа нь Америкт дасгалжуулагчийн ажилд шилжсэн юм. 2025 оны нэгдүгээр сард тэд Вашингтонд бэлтгэлээс буцах замдаа машины осолд орж, амиа алдсан. Тэр бэлтгэл дээр Максим Наумов хамт байсан бөгөөд их спортоос явах гэж байсан гэдэг. Азаар тэр спортдоо үлдсэн төдийгүй АНУ-ын шигшээд багтаж чадсан. “Милан Кортина 2026” олимпын наадмыг тэр аав ээж, тэр ослоор нас барсан бүх хүмүүст зориулахаар бэлтгэж байна.  

Орос гаралтай Гүржийн багийн Анастасия Губанова

Эндрю Торгашёвийн аав ээж хоёулаа хуучин ЗХУ-ын шигшээд гулгаж байсан тамирчид. Тэрээр украин гаралтай, Украинд хамаатан саднууд нь одоо ч байдаг тул Украиныг дэмжсэн мөсөн шоунд тогтмол оролцдог.

Уран гулгалтын багийн төрөлд анх удаа Гүржийн баг өрсөлдөхөөр бэлтгэж байна. Гүржийн багийн ихэнх тамирчин нт иргэншлээ сольсон хуучин ОХУ-ын тамирчид.

3. Ахмадууд эргэн ирсэн уулын цана

Америкийн уулын цанын шигшээ багийн 41 настай Линдси Вонн энэ олимпын нэгэн шол баатар болох магадлалтай. 2019 онд зодог тайлсан Вонн эргэн ирсэн. Олон арван бэртэл гэмтэл, мэс засал бүхнийг даваар гарсан тэрээр энэ жил дэлхийн Цомын таван гараанд гарч, таван удаа шагналын тавцанд гарсан. Үүнээс хоёр нь алтан медаль. Харин хамгийн сүүлийн мэдээгээр тэр Дэлхийн Цомын сүүлийн гараанд унаж, зүүн өвдгөө гэмтээсэн байна. Гэсэн ч Вонн олимпод оролцоно гэдгээ мэдэгдсэн.

Бас нэгэн АНУ-ын тамирчин Микаэл Шиффриний хувьд дөрөв дэх олимподоо оролцох гэж байна.  Өнгөрсөн олимпын циклд түүнийг таван медаль авна гэж байсан ч юу ч үгүй хоцорсон. Энэ улирал тэрээр слалом төрөлд бусдаасаа илт тасархай түрүүлж байгаа. Италид уулын цанын тэмцээн үе үеийн өрсөлдөөн болох нь тодорхой.

4. Биатлон, гүйлтийн цана

Йоханнес Тингнес Бё зодог тайлснаар биатлонд нэгэн үе өндөрлөсөн. Бё олон жилийн турш эрэгтэй биатлоныг өрсөлдөөнгүй болгосон агуу тамирчин. Харин түүний оронд хэн гэдэг шинэ Хаан төрөх бол гэдгийг удахгүй Миланд бид харна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ төрөлд Норвег, Франц, Шведийн тамирчин тэргүүлнэ. Нутгийн тамирчин Томмазо Жакомель формтой байгаа тул медаль хүртэх, түрүүлэх ч боломжтой. Эмэгтэй биатлонд өрсөлдөөн бас их байгаа. Хэт ялгарсан тамирчин үгүй тул буудлага, зам дээрх ганц алдаа л медалийн өнгийг хувиргана.

Гүйлтийн цана Норвегийн Йоханнес Клебо гэсэн тод одтой. Гэхдээ тэр түрүүлнэ гэсэн баталгаа биш. Норвег болон Швед, Финландын тамирчид түүнтэй өрсөлдөнө. Эмэгтэйчүүдэд нийлбэр дүнгээр тэргүүлсэн АНУ-ын Жесси Диггинс бусдаасаа арай илүү. Түүний ард Швед, Швейцар, Австрийн тамирчид дараалж байна.

5, СкиМо гэж юу вэ?

Энэ жил ски-альпинизм (ski mountaineering) хэмээх төрөл Өвлийн олимпын наадмын хөтөлбөрт анх удаагаа багтаж буй юм. Эрэгтэй, эмэгтэй спринт, холимог буухиан төрөлтэй. Спринт төрөл нь эхлээд ууланд цанатай авирна, дараа нь цанаа үүрээд, явган өгсөнө. Буухдаа цанаар буух болно. Цанатай уулын спорт гээд ойлгочиход буруудахгүй. Энэ төрлийн тэмцээн нэг, хоёр цаг үргэлжилдэг ч олимпод богинохон тэмцээнийг нь сонгосон. 18 эрэгтэй, 18 эмэгтэй, нийт 36 тамирчин шинэ төрлөөр өрсөлдөнө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна