Энэ сарын 6-нд Италид Өвлийн олимпын наадам эхлэх гэж байна. Энэ олимпод 116 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөх нь өмнөх Бээжингийн олимпоос долоогоор илүү байгаа юм. Нийт 92 орны баг тамирчид өрсөлдөж байгаа ч нэг улсын баг л тамирчдынхаа ачаар хүснэгтийн дээд хэсэгт бичигддэг билээ. Ингэхэд ямар улсын шигшээ баг тэргүүлэх бол?
Норвег

Өвлийн спортын их гүрэн Норвег багийн дүнгээр тэргүүлэх магадлал хамгийн өндөр байна. Тэд 2014 оноос хойш бүх олимпод медалийн тоогоор түрүүлээд байгаа. 2022 оны Бээжингийн олимпоос Норвегийн баг 37 медальтай (16 алт – 8 мөнгө – 13 хүрэл) харьсан. Энэ жил амжилтаа ахиулах боломж тэдэнд их байна. Шинжээчид норвегичууд 40 медаль авахаас 14-15 нь алтан медаль байх болно гэж таамаглаж байна. Харин Норвегийн ҮОХ-ноос 35 медаль авах зорилготой гэж мэдэгдээд байгаа. Норвег тамирчид 2022-2026 онд ДАШТ-ээс нийт 112 медаль (39 – 42 – 31) хүртэж, тасархай тэргүүлсэн. Гэхдээ энэ хугацаанд ОХУ-ын баг хорионд байсныг тэмдэглэх хэрэгтэй. Бооцооны компаниудын судалгаагаар Норвегийн баг тэргүүлэх нь бараг 73 хувь гэжээ. Тэд цанын бүх төрөлд медаль авах боломжтой.
Герман

Тэдний гол өрсөлдөгч нь Германы баг. 2018, 2022 оны олимпод багийн дүнгээр хоёрт жагссан баг. Бээжинд тэд 27 медаль (12 – 10 – 5) авсан. Италид тэд медалийн тоогоо 30-35 болгон нэмэх боломжтой. 2022-2026 оны ДАШТ-үүдээс Германы баг 96 медаль (31 – 34 – 31) авчээ. Харин бооцоо тавигчид Германы багийг гуравт орно гэж үзсэн байна.
АНУ

Багийн дүнгийн өрсөлдөөнд АНУ оролцох нь ойлгомжтой. 1992 оноос хойш багийн дүнгээр таваас доош бууж үзээгүй. Сүүлийн Бээжин олимпод тэд 25 медаль (9 – 9 – 7) авсан. Шинжээчид 2026 онд АНУ-ын баг үсрэлт хийж, 35 медаль авахаас 11-13 нь алт байх болно гэж тооцоолжээ. Германы багийн урд, Норвегийн ард жагсах магадлалтай байгаа. Америкчууд уран гулгалт, уулын цана, сноуборд, тэшүүр, хоккейд амжилт гаргана.
Канад

Шилдэг тавд найдвартай орох баг. Өмнөх Бээжингийн олимпод тэд дөнгөж 11 дүгээр байрт 25 медальтай жагссаны 4 нь алт байлаа. Харин сүүлийн 4 жилийн дотор ДАШТ-д амжилттай оролцож байна. Канадын баг ДАШТ-д 83 медаль (25 – 32 – 26) авсан. Энэ олимпоос 25-30 медаль авахын 10 нь алтан медаль байх магадлалтай гэж шинжээчид үзжээ. Шинжээчид Канадын багийг тэргүүлнэ гэж үзэхгүй байгаа ч эхний 4-т орно гэж баталж байна. Канадын баг хоккей, фристайл, шорт-трекийн төрөлд сайн оролцоно.
Итали

Италийн баг энэ олимпын “битүү морь”. 2006 оны Турины олимпоос хойш “Скуадра адзурра” нэг ч удаа шилдэг 10-т орж үзээгүй. Бээжингийн олимпод 17 медальтай (2 – 7 – 8) 13 дугаар байрт бичигдсэн билээ. Харин энэ удаад нутгийн дэвжээ түшиж, олимпын медалийн хур буулгах магадлал тун өндөр. Нийт 25 медаль авахаас 7-8 нь алтан медаль байна гэж шинжээчид үзсэн. 2022-2026 оны хооронд болсон өвлийн спортын ДАШТ-үүдээс тэд 51 медаль (16 – 19 – 16) авсан. Италийн баг биатлон, сноуборд, тэшүүрийн төрөлд медаль авах болно.
