Өвлийн олимпын XXV наадмын эрэгтэйчүүдийн сноубордын паралель туг сүлжих төрөлд Австрийн тамирчин Бенжамин Карл алтан медаль хүртэхдээ нэгэн өвөрмөц амжилтын эзэн боллоо. "Бээжин-2022" олимпын аварга, "Ванкувер-2010" олимпын мөнгө, "Сочи-2014" олимпын хүрэл медальт Карл "Милан Кортина 2026" олимпын аварга болохдоо 40 нас, 3 сар, 23 хоногтой байсан бөгөөд Өвлийн олимпын ганцаарчилсан төрөлд хамгийн ахмад настайдаа алтан медаль хүртсэн тамирчин боллоо. Өмнөх рекордыг Норвегийн домогт биатлонч Уле Эйнар Бьорндален эзэмшиж байсан бөгөөд "Сочи-2014" олимпод олимпын найм дахь алтаа авах үедээ 40 нас 12 хоногтой байжээ.

АНУ-ын уран гулгагч Максим Наумов эрэгтэй ганцаарчилсан төрөлд богино хөтөлбөрөө гүйцэтгэсний дараа Тэнгэрт буй аав, ээждээ хүндэтгэл үзүүлэн өвдөг сөхөрч, шүүгчдийн оноо сонсохоор "кiss &cry "-д хүлээж суухдаа ээж, аавтайгаа хамт авахуулсан зургаа барьж суусан нь энэ олимпийн хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөчийн нэг боллоо.

Жилийн өмнө Максимын аав, ээж болох ОХУ-ын уран гулгагч, 1994 оны дэлхийн аварга, 1992, 1994 оны Өвлийн олимпод шагналт IV, V байр эзэлж байсан Вадим Наумов, Евгения Шишкова нар онгоцны ослоор шавь нарынхаа хамт амь үрэгдэж, уран гулгалтын ертөнцөд томоохон гарз учирч байсан билээ. Тэгвэл тэнгэрт дэвшсэн аав, ээжийнхээ олимпын түүхийг хүү нь үргэлжлүүлж буй нь үнэхээр сэтгэл хөдлөхөөр, сүслэн бишрэхээр байлгүй яах вэ. Максим Наумов богино хөтөлбөрийн дараа 14 байрт бичигдэж буй бөгөөд хоёрдугаар сарын 13-нд чөлөөт гулгалтаа толилуулна.
Италийн шорт-трекийн тамирчин Арианна Фонтана "Милан Кортина 2026" олимпын холимог багийн 2000 метрийн буухиа уралдаанд түрүүлснээр Олимпын 12 дахь медалиа зүүлээ. Анх 15 настайдаа "Турин -2006" өвлийн олимпоос хүрэл медаль хүртэж байсан Арианна "Ванкувер 2010" олимпоос 500м -т алт, "Сочи 2014" олимпоос 500 м-т мөнгө, 1500м-т хүрэл, багийн буухиа 3000м-т хүрэл, "Пёнчан -2018" олимпоос 500м-т алт, 3000 м-ийн хбагийн буухиад мөнгө, 1000 м-т хүрэл, "Бээжин-2022" олимпоос 500м-т алт, 1500 м, 2000м холимог багийн буухиад хүрэл медаль хүртэж байсан юм.

Арианна Фонтана ийнхүү зургаан Өвлийн олимп дараалан медаль (3 алт, 4 мөнгө, 5 хүрэл) хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж буй төдийгүй шорт-трекийн төрөлд олимпын хамгийн олон медальтай тэшүүрчин боллоо.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
