Олимпын наадмын биатлоны төрөлд хүрэл медаль хүртсэн Норвегийн Стурла Хольм Лагрейд сэтгүүлчдэд 3 сарын өмнө хайртай бүсгүйгээ хуурч, өөр эмэгтэйтэй уулзсанаа нулимс асгаруулан ярьсан нь шуугиан тарьсан. Тэр эмэгтэйн нэрийг хэлээгүй ч “Бүх амьдралын хайр” гэж нэрлэн, олон нийтийн өмнө буруугаа хүлээснээр эвлэрч чадна гэж найдаж байгаагаа хэлсэн юм.
Лагрейд “Энэ миний анхны хувийн олимпын медаль. Би бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Магадгүй, хэн нэг нь өнөөдөр намайг харж байж болох юм. Хагас жилийн өмнө би амьдралынхаа жинхэнэ хайртай учирсан. Дэлхийн хамгийн сайхан бүсгүй. Харин би 3 сарын өмнө амьдралынхаа хамгийн том алдааг хийчихээд байна. Би түүнийг хуурсан. Долоо хоногийн өмнө түүнд үнэнээ хэлсэн. Одоо намайг хүмүүс янз бүрээр хүлээн авах байх. Гэхдээ би зөвхөн түүний тухай л бодож байна” гэж хэлсэн юм.

Ингээд зогссонгүй, Норвегийн хайр дурлалын драм үргэлжилсээр байна. Норвегийн VG сонин бүсгүйг олж уулзжээ. Бүсгүй нэр, царай, хаягаа олонд ил болгохыг хүсээгүй бөгөөд юуны өмнө медаль авсанд нь баяр хүргэжээ.
Тэрээр “Йохан-Олав Ботн олимпын аварга болсонд нь баяр хүргэж байна. Стурлаг шагналын тавцан дээр байхыг харахад сэтгэл хөдөлж байлаа. Гэхдээ араар тавьсан хууран мэхлэлтийг өршөөх хэцүү. Дэлхий нийтийн өмнө хайртай гэж хэлсэн ч уучлахгүй” гэж хэлсэн байна.
