National Basketball Association буюу Үндэсний сагсанбөмбөгийн холбооны "Бүх оддын" 75 дахь удаагийн тоглолт амралтын өдрүүдээр Лос Анжелес хотноо боллоо.
Баасан гарагт залуу өсч яваа оддын болон олны танил "Холимог" оддын тоглолт явагдсан. Залуу оддоос онцгойлон харах хүн нь "Даллас"-ын Купер Флэгг байсан ч бэртлийн улмаас оролцохгүй болсноор энэ тоглолтын ач холбогдол багаслаа.

"Холимог" оддын тоглолтод бол НБА-ийн "мэдээлэгч", найдвартай эх сурвалж, сэтгүүлч Шэмс Чараниа, Бразилийн домогт хөлбөмбөгч, дэлхийн аварга Кафу нар сонирхолтой оролцогч нар болов. Чараниа 0 оноо 4 довтолгоо оновчгүй, 3 удаа бөмбөгөө алдаж, 13 минут утсаа "ухсан" гэсэн статистик олныг багагүй хөгжөөсөн болов уу?

Хагас сайнд бол уламжлал ёсоор 3 онооны шидэлт, цагариган дээрээс довтлох (тохох) тэмцээнүүд явагдсан.
Slam dunk буюу тохолтын тэмцээн жилээс жилд улам сонирхолгүй болж байгаа. Энэ жилийнх бүүр утгаа алдлаа.

Хэн ч мэдэхгүй залуу тоглогч нар "барилдахаасаа таахалзаж", олигтой шинэ тохолтын үзүүлбэр нэгийг ч харсангүй. Бүүр оролцогч нь тархиараа савж унаж, түрүүлсэн нөхөр бүжигнээс өөр олигтой зүйл үзүүлсэнгүй ээ.
Ням гарагт "Бүх оддын" тоглолт шинэ маягаар буюу 3 багийн мини тэмцээний журмаар явагдсан. World, USA Stars ,USA Stripes гэж тоглогчдоо хуваасан.
Нэгэнт "Бүх оддын" тоглолт тэмцээн биш шоу учир яаж ч журмаа өөрчилсөн нэг л явцгүй.
Тиймээс ч жилийн жилд үзэгчдийн тоо буурсаар байгаа. Үзэх юмгүй шахам байсан "Ковидын үе" буюу 2021 оны НБА "Бүх оддын" тоглолтыг АНУ-д 6,1 сая хүн ТВ-ээр үзэж байсан бол өнгөрсөн жил ердөө 4,7 сая хүн үзсэн статистик байна. 2025 оны НФЛ (америк хөлбөмбөгийн лиг) -ийн Супер боулийг Америкт л гэхэд 133 сая хүн үзсэн гэдэгтэй харьцуулбал үнэхээр бага тоо.
НБА-ийн "Бүх оддын" тоглолтод оролцох тоглогчид рэд хоногийн турш зогсоо зайгүй хэвлэл, мэдээллийнхэнд ярилцлага өгч, ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагуудын зар сурталчилгаанд оролцож, үнэн хэрэгтээ тоглолтод бэлтгэх хугацаа бараг байхгүй, асар их ядардаг гэсэн яриа ч гарч байна.

Мэдээж "Бүх оддын" тоглолт фанатуудын хувьд оддыг нэг доор харах, олон олон үйл ажиллагаанд оролцох гэх мэтээр онцгой баяр, наадам л даа.
Гэхдээ спорт талаасаа гэвэл үнэндээ л сонирхолгүй, нэг хэвийн, шинэлэг зүйлгүй улам л "уйтгартай" болоод байна.
Уг нь "Бүх оддын" тоглолтыг сэтгэл догдлон хүлээдэг, сурвалжлах, бичихэд урамтай байдаг байлаа. Харин одоо сэтгэл хөдлөх зүйл бага болжээ, учир нь шинээр хүлээх юм алга.
Ц.Энхтүвшин, Лос Анжелес.
