UBLife Logo
Newsfeed

Хүүхдүүд хаана унтдаг вэ? | Өөр өөр соёлын 21 хүүхдийн түүх

Хүүхдүүд хаана унтдаг вэ? | Өөр өөр соёлын 21 хүүхдийн түүх

Дэлхийн өнцөг булан бүрт хүүхдүүд тэс өөр орчин нөхцөлд амьдарч, унтаж амардаг. Эдгээр гэрэл зургуудыг харсан хүүхэд, насанд хүрэгч бүр нийгмийн дотор болон улс орнуудын хооронд оршиж буй тэгш бус байдлын талаар бодож, улмаар өөрийн амьдралд ийм ялгаатай байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх тухай эргэцүүлээсэй гэж хүсдэгээ зохиолч Жэймс Моллисон дурджээ.

Анхнаасаа тэрээр энэ төслийг зөвхөн “ядуу, тусламж хэрэгтэй хүүхдүүд”-ийн тухай болгохыг хүсээгүй. Харин янз бүрийн нөхцөл байдалд амьдарч буй бүх төрлийн хүүхдүүдийг хамруулахыг зорьжээ. Унтлагын өрөөний зураг нь тухайн хүүхдийн материаллаг болон соёлын орчныг илэрхийлж, тэдний хоорондох ялгааг тодотгоно. Харин хүүхдүүдийн хөрөг нь тэднийг ялгаагүй, тэгш эрхтэй, зүгээр л хүүхдүүд гэдгийг харуулах зорилготой аж.

Лэй Лэй, 4 настай — Тайланд, Мае Сот

Лэй Лэй дөрвөн настай. Түүний нүүрэнд түрхсэн шаргал өнгийн тос нь thanaka модны холтсоор хийдэг уламжлалт түрхлэг бөгөөд арьсыг нарнаас хамгаалж, чийгшүүлэх зориулалттай. Тэр Тайландын Мае Сот хотод, Бирмийн хил орчимд амьдардаг. Ээж нь нас барсны дараа төрөл садан нь түүнийг авч өсгөөгүй тул асрамжийн газарт өгчээ.

Тэр өөрөөсөө гадна хорин нэгэн бага насны хүүхэдтэй хамт хоёрхон өрөөтэй асрамжийн газарт амьдардаг. Өдрийн цагаар нэг өрөө нь анги танхим, нөгөө нь хоолны өрөө болдог. Орой болоход ширээнүүдийг хананд шахаж, шалан дээр дэвсгэр дэлгэн, унтлагын өрөө болгон хувиргана. Хүүхэд бүр өөрийн эд зүйлсийг хадгалах ганцхан шургуулгатай.

Лэй Лэйд хэдхэн хувцаснаас өөр бараг юу ч байхгүй. Түүний гэр бүлийн тухай мэдэгдэж буй цорын ганц зүйл нь тэр Карен хэмээх үндэстний бүлгээс гаралтай аж. Каренчууд бол Бирмийн хүн амын ойролцоогоор дөчин хувийг бүрдүүлдэг, хавчигдаж ирсэн цөөнхийн нэг. Лэй Лэй болон түүний ээж цэргийн дэглэмийн харгис бодлогоос зугтаж, Тайландад дүрвэн ирж байжээ.


Жазмин (Жаззи), 4 настай — АНУ, Кентаки

Жазмин өөрийгөө Жаззи гэж дуудуулах дуртай. Тэр АНУ‑ын Кентаки мужийн хөдөө нутагт, тариалангийн талбайгаар хүрээлэгдсэн том байшинд эцэг эх, гурван ахынхаа хамт амьдардаг.

Түүний унтлагын өрөө титэм, тууз, медаль, шагналын цомоор дүүрэн. Тэр дөрөвхөн настай ч зуу гаруй “Гоо охид“-ын тэмцээнд оролцсон. Түүний чөлөөт цаг бараг бүхэлдээ бэлтгэл сургуулилтад зориулагдана. Өдөр бүр дасгалжуулагчтайгаа тайзны хөдөлгөөн, бүжгийн алхам сурна.

Долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд өөр хотод болдог тэмцээнд оролцоно. Баасан гарагт очиж, бямба гарагт үзүүлбэрээ хийж, ням гарагт титэм гардуулах ёслолд оролцоно. Тэмцээн дуусахад тэр ихэд ядарсан байдаг. Гэсэн ч тэр үсээ янзлуулж, гоёмсог даашинз өмсөн, будалт хийлгэж, хиймэл хумстай “гүнж” мэт байх дуртай. Нэг тэмцээнд оролцох зардал мянган ам.долларт хүрдэг. Тэр ирээдүйд рок од болохыг мөрөөддөг.


4 настай хүү — Итали, Ром хотын зах

Энэ дөрвөн настай хүү болон түүний гэр бүлийн хувьд гэр гэдэг нь Ром хотын захад, задгай талбайд тавьсан матрас юм. Тэд Румынаас автобусанд сууж ирсэн бөгөөд замын зардлаа олохын тулд гудамжинд гуйлга гуйж мөнгө цуглуулжээ. Насанд хүрэгч бүр 100 евро, хүүхэд бүр 80 еврогийн тасалбар авсан байна.

Ромд ирээд анх майхан барьж буудалласан ч хувийн эзэмшлийн газар хууль бусаар байрласан гэх шалтгаанаар цагдаа нар тэднийг хөөжээ. Одоо тэд задгай тэнгэрийн дор матрас дээрээ хамтдаа унтдаг. Бороо ороход яаран майхан босгож, шүхрээр халхалж, цагдаад баригдахгүй байхыг хичээнэ.

Тэд бичиг баримтгүй тул хууль ёсны ажил эрхлэх боломжгүй. Хүү замын гэрлэн дохионы дэргэд сууж байхад эцэг эх нь автомашины салхины шилийг арчиж, нэг удаад 30–50 цент олдог. Түүний гэр бүлээс хэн ч сургуульд явж байгаагүй, эцэг эх нь бичиг үсэг тайлагдаагүй.


Каяа, 4 настай — Япон, Токио

Каяа эцэг эхтэйгээ Токио хотын жижиг орон сууцанд амьдардаг. Японд газар нутаг үнэтэй, хүн ам шигүү суурьшсан тул ихэнх орон сууц жижигхэн байдаг.

Каяагийн өрөө шалнаас тааз хүртэл хувцас, хүүхэлдэйгээр дүүрэн. Ээж нь сар бүр дунджаар гурван даашинз оёж өгдөг. Одоо Каяа гуч гаруй даашинз, пальто, гуч орчим гутал, сандаал, түрийтэй гуталтай, мөн олон хиймэл үстэй. Зураг дээрх гэзгийг ч хиймэл үсээр хийжээ. Найзууд нь ирж, түүний хувцсыг өмсөж тоглох дуртай.

Харин сургуульдаа явахдаа дүрэмт хувцас өмсөнө. Түүний дуртай хоол нь мах, төмс, гүзээлзгэнэ, тоор. Том болоод анимэ хүүхэлдэйн зураач болохыг хүсдэг.


Лехлохоноло, 6 настай — Лесото

Лехлохоноло болон түүний гурван ах Африкийн өмнөд хэсэгт орших Лесото улсад амьдардаг. Тэд өнчин. Аав нь ДОХ‑оор нас барсан, ээж нь ажил хайхаар явснаас хойш сураггүй болсон бөгөөд мөн ДОХ‑той холбоотой өвчнөөр нас барсан байх магадлалтай. Лесотод ДОХ‑ын улмаас өнчирсөн хүүхдийн тоо нэмэгдсээр байна.

Арван зургаан настай ах нь дүү нараа асран халамжилдаг. Тэд шавар байшинд шалан дээр хамтдаа унтдаг, хүйтэн шөнүүдэд дулаацахын тулд бие биеэ тэвэрч хонодог. Хоёр ах нь найман километрийн зайд орших сургуульд явж, сар бүр үр тариа, буурцаг, тосны хүнсний тусламж авдаг. Тэд хэзээ сүүлд мах идсэнээ санахгүй удаж байна. Ирээдүйд ядуурлаас гарах боломж хомс гэж боддог.


Индира, 7 настай — Непал, Катманду

Индира эцэг эх, ах, эгчийн хамт Катмандугийн ойролцоох нэг өрөө байшинд амьдардаг. Нэг ор, нэг матрастай. Шөнө хүүхдүүд шалан дээрх матрасыг хамтдаа хуваан унтана.

Тэр гуравхан настайгаасаа боржин чулууны уурхайд ажиллаж эхэлсэн. Нийт 150 орчим хүүхэд тэнд ажилладаг бөгөөд хамгаалалтын шилгүйгээс болж зарим нь хараагаа алдах эрсдэлтэй. Индира өдөрт тав, зургаан цаг ажиллаж, дараа нь гэрийн ажилд ээждээ тусалж, мөн сургуульдаа явна. Тэр ажилдаа дургүй биш ч тоглож байхыг илүүд үзнэ. Том болоод непал бүжигчин болохыг мөрөөддөг.


Тристан, 7 настай — АНУ, Нью‑Йорк, Манхэттен

Тристан долоон настай, айлын ганц хүүхэд. Ээж нь кино бүтээгч, аав нь поп соёлын талаар бичдэг зохиолч. Тэд Манхэттений жижиг орон сууцанд амьдардаг бөгөөд зуны амралтаараа Нью‑Жерсид байдаг далайн эргийн байшиндаа очдог.

Тристан экологийн зарчимд тулгуурлан ажилладаг улсын сургуульд явдаг. Сургуульд нь шашны баяр тэмдэглэдэггүй, зөвхөн нар буцах болон өдөр шөнийн тэнцлийн өдрүүдийг тэмдэглэдэг. Тэр энэ сургуульд орохын тулд хэд хэдэн шалгалт өгч, эцэг эх нь ч ярилцлагад орсон. Энэ нь түүний өргөдөл өгсөн арав дахь сургууль байжээ. Нью‑Йоркт сургуулийн суудлын төлөө өрсөлдөөн маш ширүүн.

Тэр сургуульдаа дуртай ч үдийн хоолны дараа ширээ цэвэрлүүлэхэд дургүй. Түүний дуртай хоол нь гахайн мах, амралтын өдөр бүр пицца иддэг. Том болоод чанамал бүтээгч болохыг хүсдэг.


Роати, 8 настай — Камбож, Пномпень

Роати Пномпений захын асар том хогийн цэг дээр амьдардаг. Тэнд таван мянган хүн амьдарч, ажиллаж, түрээс төлдөг. Хогон дээрх гэр нь хуучин дугуйгаар хийсэн матрастай. Агаар нь ялзарсан хогны үнэрээр дүүрэн, газар нь зөөлөн, хааяа хорт хар шингэн газраас оргилдог аж.

Өглөө зургаан цагт хүүхдүүдийг буяны төвд оруулж, усанд оруулан, бага зэрэг өглөөний цай өгдөг. Дараа нь тэд лааз, хуванцар сав хайж, дахин боловсруулах компанид зарна. Өглөөний цай нь ихэнхдээ тухайн өдрийн цорын ганц хоол. Нэг удаа ах нь олсон муудсан тахиагаа авчирч, идээд гэр бүлээрээ хоолны хордлогод орж байжээ.


Алекс, 9 настай — Бразил, Рио‑Де‑Жанейро

Алекс сургуульд явдаггүй, гудамжинд гуйлга гуйж амьдардаг. Заримдаа амьдрахын тулд хулгай хийдэг гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Машины цонх налж суусан жолоочийн гарыг татаж, бугуйн цагийг нь сугалдаг. Тэр цавуу үнэрлэхэд донтсон.

Ихэнхдээ гадаа, хоосон сандал эсвэл хуучин диван дээр унтдаг. Гэр бүлтэйгээ холбоотой хэвээр, хааяа очиж хамт хооллодог.


9 настай хүү — Кот‑Д’ивуар

Энэ хүү Либерийн иргэний дайнаас дүрвэсэн, хуучин цэрэг байсан хүүхэд. Аюулгүй байдлын үүднээс нэрийг нь нууцаллаа. Мянга мянган хүүхэд мөнгө, хоол, хувцас хунар амлахад нь хууртагдан цэрэг болдог байна. Тэрээр дайны үеэр тосгоноосоо холдож, гэрээ алджээ.

Тэр одоо бетон байшинд бусад сурагчтай хамт амьдарч, сургуульд явдаг. Дуртай хоол нь будаа, улаан лооль, мах, загасны холимог. Том болоод багш болохыг хүсдэг.


Саманта, 9 настай — АНУ, Лонг‑Айленд

Саманта эцэг эх, далайн гахай, загаснуудынхаа хамт амьдардаг. Тэр карате спортоор дэлхийн гурван удаагийн аварга, хар бүс эзэмшсэн. Гурван настайдаа телевизийн зар сурталчилгаа үзээд сонирхож, дөрвөн настайдаа анхны хичээлдээ суужээ.

Түүний өрөө цом, медалиар дүүрэн. Өдөрт дөрвөн цаг бэлтгэл хийж, нэг цаг хагасын даалгавар хийнэ. Том болоод карате киноны од болохыг хүсдэг.


Тзвика, 9 настай — Бейтар Иллит, Баруун эрэг

Тзвика ортодокс еврей гэр бүлд амьдардаг. Тэдний гэр бүлд телевиз, сонин хориглодог. Мөн энэ төрлийн гэр бүлүүд ихэвчлэн олон хүүхэдтэй байдаг бөгөөд дунджаар 9 хүүхэдтэй болдог гэнэ. Харин түүний гэрг бүл ердөө гурван хүү, нэг охинтой. Тэр ах, эгчтэйгээ өрөөгөө хуваалцан хамт амьдардаг байна. Амьдралд нь шашин бол хамгийн чухал хичээл нь бөгөөд араас нь тоо боло еврей хэл орох аж. Хичээлдээ хоёр минутаар машинаар яваад очдог бөгөөд орчин үеиийн орон сууцны хороололд амьдардаг байна. Түүний хамгийн дуртай компьютер тоглоомууд нь ч шашны холбогдолтой.

Духа, 10 настай — Хеврон, Баруун эрэг

Духа арван хоёр хүүхэдтэй гэр бүлд амьдардаг. Дайны улмаас тэд олон жил дүрвэгчийн хуаранд амьдарч байна. Гэр бүлээрээ ногоон вандуй, мах, будаагаар хооллодог бөгөөд арван минут алхах зайтай газар хичээллэдэг. Ах Мохаммед нь 1996 онд амиа золиосолсон бөмбөгдөлт хийж, дараа нь гэрийг нь цэргийнхэн нураасан. Гэр бүлийнхнээс нь хэн нь ч Мохаммедыг ийм зүйл хийхээр төлөвлөж байгааг мэдээгүй байсан. Унтлагын өрөөнд нь одоо түүний ахын зураг байдаг. Тэр шаргуу суралцаж, хүүхдийн эмч болохыг хүсдэг.

Шерап, 10 настай — Непал, Монастерь

Шерап Балбын Катманду хотод байрлах үзэсгэлэнт Төвдийн хийдэд амьдардаг бөгөөд лам болохоор бэлтгэж буй далан есөн хүүтэй нэг өрөөнд хамт амьдардаг. Хөвгүүд бүгд давхар орон дээр унтдаг бөгөөд тэдэнд хувийн эд зүйл бараг байдаггүй. Хийдэд хүүгээ өргөх нь гэр бүлд нь аз жаргал, сайн сайхныш авчирна гэж үздэг уламжлалт итгэл үнэмшилтэй холбоотойгоор эцэг эх нь түүнийг ийш явуулжээ.

Тэр өглөөний 5 цаг 30 минутад босож хичээлээ эхэлдэг бөгөөд оройн 9 цагт нэг цагийн турш тарни уншлага хийж өдрийг дуусгана. Тэр ихэвчлэн дал бхат (будаа, буурцагны шөл), тхукпа (гоймонгийн шөл), роти (хавтгай талх) иддэг.

Шерап багшаа маш их хүндэтгэн биширдэг бөгөөд ирээдүйд кемпо тулааны урлагийн багш болохыг хүсдэг. Гэхдээ үүний тулд эхлээд сургуулиа төгсөж, дараа нь гурван жил хоёр сарын турш хувиараа нэмэлтээр суралцах шаардлагатай.


Жоуи, 11 настай — АНУ, Кентаки

Жоуи арван нэгэн настай бөгөөд АНУ-ын Кентаки мужид эцэг эх болон эгчийн хамт амьдардаг. Тэр аавтайгаа байнга ан хийхээр явдаг. Жоуид хоёр буу, нэг нум сум байдаг бөгөөд долоон настайдаа анхны ангаа хийж, нэг бугыг агнаж байжээ. Дараагийн ангийн улиралд буу биш, нум сум ашиглахыг хүсэж байгаа. Учир нь буугаар ан хийхээс бага зэрэг залхсан гэнэ.

Тэр байгальд байх, гадаа амьдрах дуртай бөгөөд насанд хүрсэн хойноо ч ан хийсээр байхыг хүсдэг. Тэдний гэр бүл агнасан амьтныхаа махаар хооллодог. Жоуи зүгээр зугаа болгохын тулд амьтан алахыг зөвшөөрдөггүй. Ан хийхгүй үедээ Жоуи сургуульдаа явж, гэртээ ирээд Лили нэртэй гүрвэлтэйгээ зурагт үзэх дуртай.


Ламин, 12 настай — Сенегал

Ламин Коран судрын сургуульд суралцдаг бөгөөд энэ сургуульд охидыг элсүүлдэггүй. Тэр сургуулийн бусад хөвгүүдтэй нэг өрөөнд хамт амьдардаг. Ор нь маш энгийн, тухгүй бөгөөд зарим ор нь хөл доороо тоосго тавьж тулгуурласан байдаг. Өглөө бүр зургаан цагт хөвгүүд сургуулийн ферм дээр ажиллаж эхэлдэг. Жилийн улирлаас шалтгаалан газар ухах, эрдэнэ шиш хураах, эсвэл илжиг ашиглан газар хагалах зэргийг сурдаг. Үдээс хойш тэд Исламын шашны ариун ном болох Кораныг судалж, модон самбар дээр бичсэн эшлэлүүдийг цээжилж уншдаг. Бүх хичээлийг нь нэг багш заадаг. Ламин сургуульдаа дуртай боловч фермийн ажил их халуун, хүнд санагддаг. Чөлөөт цагаараа тэр найзуудтайгаа хөл бөмбөг тоглох дуртай. Том болоод багш болохыг хүсдэг.


Эрлен, 14 настай — Рио-де-Жанейро, Бразил

Эрлен арван дөрвөн настай бөгөөд гурав дахь удаагаа жирэмсэн болжээ. Тэр Бразилын Рио-де-Жанейро хотын фавелад амьдардаг. Тэдний гэр жижигхэн саравч бөгөөд ихэвчлэн шалан дээр унтдаг. Харин жирэмсний сүүлийн саруудад ээж нь орон дээрээ унтах боломжийг түүнд өгчээ. Эрлен арван хоёр настайдаа анх жирэмсэн болсон ч хүүхэд нь амьгүй төрсөн. Дараа жил нь хоёр дахь хүүхдээ төрсний дараахан алдсан. Хэрэв энэ удаагийн хүүхэд нь амьд үлдвэл Эрлен сургуульдаа эргэж очих магадлал бага, учир нь хүүхдээ асрахын тулд гэртээ үлдэх шаардлагатай болно.

Бразилын засгийн газар жирэмслэлтээс хамгаалах аргыг сурталчилж байгаа ч өсвөр насны жирэмслэлт нэмэгдсээр буй. Үр хөндөлт хууль бус бөгөөд гурван жилийн хорих ял авч болзошгүй. Мөн хууль бус эмнэлэгт үр хөндөлт хийлгэж буй таван эмэгтэй тутмын нэг нь амь насаа алддаг. Эрлен том болоод малын эмч болж, өөр газар амьдрахыг хүсдэг.


Нантио, 15 настай — Марсабит, Кени

Нантио арван таван настай бөгөөд Кени улсын хойд хэсэгт амьдардаг Рендилле омгийн гишүүн юм. Тэр хоёр ах, хоёр эгчтэй. Тэдний гэр нь үхрийн шир болон хуванцараар хийсэн, майхан шиг бөмбөгөр хэлбэртэй сууц бөгөөд дотор нь зогсох зай бараг байдаггүй. Гэрийн голд гал түлж, гэр бүлийнхэн тэр галыг тойрон унтдаг. Нантиогийн өдөр тутмын гэрийн ажилд ямаа маллах, түлээ мод хагалах, ус зөөх зэрэг багтдаг. Тэр тосгоны сургуульд хэдэн жил сурсан ч цааш үргэлжлүүлэхгүй байхаар шийджээ.

Нантио нэгэн моран (дайчин залуу) өөрийг нь гэрлэхээр сонгоно гэж найдаж байгаа. Тэр одоо найз залуутай ч Рендилле омгийн эмэгтэйчүүд гэрлэхээсээ өмнө хэд хэдэн найз залуутай байх нь хэвийн зүйлд тооцогддог. Нантиогийн нийгэм дэх байр суурийг түүний зүүж буй хүзүүний зүүлтний тоо болон цагаан тууз зүүсэн эсэхээр нь харж болдог. Цагаан тууз зүүсэн бол найз залуутай болсон эсвэл сарын тэмдэг нь эхэлснийг илэрхийлдэг.


Цэнгэлмаа, 8 настай — Улаанбаатар, Монгол

Цэнгэлмаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Энэ хотод өвлийн улиралд агаарын бохирдол дэлхийн хамгийн өндөр түвшинд хүрдэг гэгддэг. Арванхоёрдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл тэр нүүрсний утаа болон үйлдвэрийн ялгаруулалтаас үүдсэн хорт бодисоос хамгаалахын тулд амны хаалт зүүдэг бөгөөд зөвхөн хоол идэх үедээ л тайлдаг. Агаарын бохирдол маш их үед тэр масктайгаа унтах хэрэг гардаг.

Цэнгэлмаа монголчуудын уламжлалт сууц болох гэрт амьдардаг. Гэрийн төвд хоол хийх, дулаацах зориулалттай нүүрс эсвэл мод түлдэг зуух байдаг. Тэдний хашаанд хоёр гэр, мөн үеэлүүд болон өвөө эмээ нь амьдардаг хоёр байшин бий.

Ганцхан жорлон нь гэрээс арван таван метрийн зайтай байдаг тул шөнө харанхуй үед Цэнгэлмаа тийшээ явах дургүй. Тэдний гэр бүл гурван Банхар нохой, таван гөлөгтэй. Монголд Банхар нохойг хүний адил сүнстэй гэж үздэг тул нэр өгдөг цорын ганц нохой юм. Цэнгэлмаа том болоод прокурор болохыг хүсдэг.


Немис, 9 настай — Монреал, Канад

Немис Канадын Монреал хотод эцэг эх болон арван таван настай эгчийн хамт орон сууцанд амьдардаг. Тэр хувцаслан гоёх дуртай бөгөөд энэ сонирхол нь хоёр настайгаас нь эхэлжээ. Долоон настай байхад нь эгч нь RuPaul’s Drag Race нэвтрүүлгийг үзэж эхэлсэн байна. Тэр нэвтрүүлгийн оролцогчдын гоо үзэсгэлэн, хөдөлгөөнд ихэд татагдаж, өөрөө нүүр будалт хийж, шинэ төрх туршиж үзэхийг хүссэн.

Хүүгийн тайзны нэр нь Lactatia боловч ууртай үедээ нэрээ Menstracia болгож өөрчилдөг. Тэр мөн vogue бүжгийн хичээлд явж эхэлсэн бөгөөд “Vogue Ball” тэмцээнд оролцож, “First Time in Drag” ангилалд түрүүлсэн. “RuPaul’s Werq the World Tour” Монреал хотод ирэхэд Немис бүтэн drag хувцастай очиж, тайзан дээр урилгаар гарч байжээ.

Немис том болоод дрэг күийн эсвэл дрэг багш болохыг хүсдэг. Зарим ангийнхан нь түүнийг “маш гоё” гэж боддог ч олон хүүхэд яагаад дрэгт дуртайг нь ойлгодоггүй.


Сагер, 3 настай — Балба

Сагер Балбын хойд хэсэгт, Гималайн нурууг дамнан орших тус улсын хамгийн алслагдсан бүсийн нэгэнд эцэг эх болон ахын хамт амьдардаг. Тэдний гэр бүл Хинду шашны кастын тогтолцоонд хамгийн доод түвшинд тооцогддог, өмнө нь “гар хүршгүй хүмүүс” гэж нэрлэгддэг байсан Далит нийгэмлэгийнх.

Сагерын гэр нь далайн түвшнээс 3800 метрийн өндөрт, огцом уулын хажууд хад асганы дор орших жижиг чулуун байшин юм. Мөн тэдний 200 ямааг хаших саравч бий. Аав нь өдөр бүр ямаануудаа бэлчээрт хариулж, цоохор ирвэс довтлохоос байнга сэрэмжилж байх хэрэгтэй болдог. Сагерын аав өмнө нь Ойрхи Дорнодод ажиллаж байсан ч ажил олгогч нь амласан цалинг нь өгдөггүй байсан тул нутагтаа буцаж иржээ. Сагер таван настай болохдоо сургуульд орно. Тэр сургуульдаа хүрэхийн тулд нэг цагийн турш уул уруудан алхах бөгөөд түүнтэй хамт явах хүн нь өөрөөс нь нэг насаар ах ах нь л байх юм. Сагерын ээжийн хамгийн том мөрөөдөл бол хөвгүүд нь боловсрол эзэмших явдал. Учир нь энэ боломж өөрт нь хэзээ ч олдоогүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна