Өнөөдөр Монголд сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний түүхт 113 жилийн ойн өдөр тохиож байна. Монгол Улсын УИХ-ын дарга Н.Учрал ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр “Эрхэм хүндэт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын хамт олонд Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойн баяр хүргэе!
1913 оны 3 дугаар сарын 6-нд нийслэл хүрээнд Монголын сэхээтнүүд гаргасан анхны хэвлэл бол “Шинэ толь” хэмээх сонин. Орчин цагийн сэтгүүл зүйн анхдагч болсон "Шинэ толь" сонин тухайн үед өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үзэл санааг түгээн дэлгэрүүлж, ард олныг нийгмийн өөрчлөлтөд уриалсан чухал үүрэгтэй билээ.
Ил тод байдал, мэдэх эрхийн төлөө хамтран ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид та бүхэндээ баярлалаа.
Цаашид хамтдаа хүнд суртал, авлига, хууль бус үйлдэлтэй тэмцэж, нийгэмд шударга ёсыг тогтоож, ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байх болно гэдэгт итгэлтэй байна.
Та бүхний үзэг үнэний талд зогсож, үг олон түмний дуу хоолой болж, “Чөлөөлье” санаачилгыг үр дүнтэй хэрэгжүүлж, эрх зүй, эдийн засаг, ногоон хөгжил, авлигын эсрэг чөлөөлөлтөд хамтарч ажиллахыг хүсье” гэжээ.
