"Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хүчин чармайлтыг илүү сайжруулж бодитой үр дүнд хүрэхийн төлөө НҮБ-ын системийн хийгээд даян дэлхийн иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн гаргаж буй хүчин чармайлтуудаас урам зориг авч, өөрийн туршлагад суурилан дараах эрхэмлэх найман үйлсийг нэн даруй дэмжин хэрэгжүүлэхийг уриалж байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш уриаллаа. Тэрбээр, Нэгдсэн Үндэстний Байгууллагыг арав гаруй жил удирдаж буй энэ хугацаанд Миний бие дэлхий ертөнц маань уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй төрөл бүрийн хямрал, ядуурлын гүнзгийрэл, зөрчил мөргөлдөөн, иргэний орон зайн хумигдал зэрэг олон арван хүнд сорилттой удаа дараа тулгарч буйг нүдээр харж байна.
Гэхдээ нааштай олон шийдлүүд үндэслэн соёолж буйг ч өөрийн нүдээр гэрчилж болох бөгөөд тэдгээрийн нэн чухал нийтлэг үнэт зүйл нь эмэгтэйчүүд байгааг онцлууштай.
Дэлхий нийтээрээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж буй энэ мөчид жендэрийн тэгш бус байдал нь өнөө цагийн хүний эрхийн хамгийн ноцтой сорилт болж байгаа учир тогтвортой хөгжил, энх тайвныг цогцлоох хамгийн хүчирхэг хөдөлгөгч хүчний нэг нь жендэрийн тэгш байдлыг хангах явдал гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлага тавигдаж байна.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хүчин чармайлтыг илүү сайжруулж бодитой үр дүнд хүрэхийн төлөө НҮБ-ын системийн хийгээд даян дэлхийн иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн гаргаж буй хүчин чармайлтуудаас урам зориг авч, өөрийн туршлагад суурилан дараах эрхэмлэх найман үйлсийг нэн даруй дэмжин хэрэгжүүлэхийг уриалж байна.
1. Эрх мэдлийн зөрүүг арилгах
Жендэрийн тэгш байдал бол эрх мэдлийн тухай асуудал юм. Гэтэл эрчүүд давамгайлсан институцүүд манай дэлхийд ноёрхсоор байна. Авторитат дэглэмийн давалгаа өсөн нэмэгдсэнээр тэгш бус байдлыг улам бүр хурцатган, шударга хөдөлмөр эрхлэлт, нөхөн үржихүйн эрх гээд олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон хамгаалалтын тогтолцоог сулруулж, эмэгтэйчүүдийн хөгжил дэвшилд үргэлж саад тотгор болж ирсэн арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийг өөгшүүлж байна. Жендэрийн тэгш байдлыг хангаснаар нийгмийн хөгжлийг өргөжүүлэн тэлнэ. Эрх мэдэл хуваалцах нөхцөл бүрдсэн чухам тэр л үед эрх чөлөө бодит биелэлээ олно.
2. Жендэрийн тэгш байдлыг тэргүүн ээлжийн зорилт болгох
Дэлхийн олон улс орны төр засаг, байгууллагуудын удирдах дээд түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл тун цөөн байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага нь жендэрийн тэгш байдлыг тэргүүлэх зорилтынхоо нэг болгон авч үзэж удирдах дээд түвшнээс эхлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ бид тавигдах шаардлага стандартыг бууруулах замаар бус, харин мэргэшсэн нэр дэвшигчдийг хайж олох ажлыг өргөжүүлэх хэлбэрээр хийж байна. Үүний үр дүнд НҮБ илүү хүчирхэгжиж, ажлын байрны соёл сайжирч, шийдвэр гаргалт ч илүү хүртээмжтэй болж байна. Авсан сургамж тодорхой. Аливаа байгууллага тэгш байдлыг эрхэмлэх чухам тэр тохиолдолд л үр дүн гаргах нь эргэлзээгүй.
3. Эмэгтэйчүүдэд оруулсан хөрөнгө оруулалт хамгийн өндөр өгөөж авчрах нь маргаангүй
Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулах нь асар их өгөөж авчирна. Охидын боловсролд зарцуулсан ам.доллар нэг бүр бараг гурав дахин өндөр өгөөжтэй байдаг бол эхийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтөд оруулсан хөрөнгө найм дахин их өгөөж авчирна. Хүүхэд, ахмад настны асаргаа зэрэг гэр бүлийг дэмжих бодлого нь орон нутгийг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтийг улам бүр нэмэгдүүлнэ. Ийм алхмуудыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлснээр жендэрийн ялгааг арилгах үндэс суурийг тавьж, үндэсний орлогыг 20 хүртэл хувиар өсгөх боломжтой.
4. Энхийн яриа хэлэлцээрт эмэгтэйчүүд оролцох боломжийг нээх
Энхийн яриа хэлэлцээр хийх, хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүд оролцсон тохиолдолд уг хэлэлцээрүүд илүү баталгаатай болно. Гэтэл Газа, Украин, Судан зэрэг зөрчил мөргөлдөөнтэй бүс нутгуудад эмэгтэйчүүд дайн тулааны хамгийн хүнд хүчир ачааг үүрч байгаа төдийгүй яриа хэлэлцээрт оролцох тэдний боломж хомс, хаалттай байна. Тогтворгүй байдал улам бүр даамжирч байгаа өнөө үед эмэгтэйчүүдийг яриа хэлэлцээрийн үйл явцад оролцуулах нь бэлгэдлийн төдий алхам бус, харин ч өнөөгийн хуваагдмал ертөнцийг тогтворжуулах хамгийн хурдан бөгөөд дөт зам байх болно.
5. Хууль эрх зүйн ялгаварлан гадуурхалтыг арилгах
Дэлхийн олон улс оронд эрчүүдийн эдэлж буй хууль ёсны эрхийн ердөө 64 орчим хувийг л эмэгтэйчүүд эдэлж байна. Цөөнгүй улс оронд өмч хөрөнгө эзэмших, чөлөөтэй хөдөлмөр эрхлэх, гэр бүл цуцлуулах эрх эмэгтэйчүүдэд тун хязгаарлагдмал байна. Эрх зүйн хамгаалалт нь хуулиар зохицуулагдаж байгаа хэдий ч хууль эрх зүйн туслалцаа авах, шүүхэд хандахын тулд эмэгтэйчүүд олон саад бэрхшээлтэй нүүр тулсан хэвээр байна. Улс орон бүр ялгаварлан гадуурхах агуулга бүхий аливаа хууль эрх зүйн актуудыг хүчингүй болгож, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлж хэрэгжүүлэх үүрэг хүлээх ёстой.
6. Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, үл хүлцэх
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл бол тэгш бус байдлаас үүдэлтэй, дэлхий даяар чимээгүйхэн газар авч буй хямрал юм. Охид, эмэгтэй хүн нэг бүр айдас хүйдэсгүй амьдрах эрхтэй. Гэсэн хэдий ч бэлгийн мөлжлөг, доромжлол зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн хэлбэрүүд нь итгэлцэл хийгээд хүн төрөлхтөнд тулгарч буй аймшигт зөрчил хэвээр байна. Бид жендэрт суурилсан хүчирхийлэлтэй газар сайгүй эрс шийдэмгий тэмцэж, гэмт этгээдэд хариуцлага тооцож, хохирогчдод тууштай дэмжлэг үзүүлэх замаар шийдвэрлэх ёстой.
7. Кодлох гажуудлыг арилгах
Технологийн салбарт ажиллаж буй дөрвөн хүн тутмын нэг нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд өдөр тутмын амьдралд нөлөөлж буй системүүдэд ялгаварлан гадуурхах үзэл улам бүр гүнзгий нэвтэрч байна. Үүний зэрэгцээ цахим орчинд эмэгтэйчүүдийг үзэн ядах үзэл газар авч байна. Технологийн компаниуд, төр засгийн байгууллагууд нь аюулгүй, хүртээмжтэй дижитал орон зайг бий болгохын тулд нягт хамтран ажиллах ёстой бөгөөд дэлхий нийтээрээ шинжлэх ухаан, технологийн салбарт охид эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй саад бэрхшээлийг арилгахын тулд илүү ихийг хийх ёстой.
8. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөнд жендэрийн асуудлыг тусгах
Уур амьсгалын өөрчлөлт нь жендэрийн тэгш бус байдалд нөлөөлнө. Хүнсний хямралын үед эмэгтэйчүүд ихэвчлэн хамгийн сүүлд нь хоцорно, онцгой байдлын үед тэд илүү их аюулд өртөх эрсдэлтэй. Айл өрхийн амьжиргаа доройтоход охид насанд хүрэлгүй гэрлэх эрсдэл ч тулгарна. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шийдэл олох, байгаль орчинд ээлтэй хууль тогтоомжийг боловсруулах, дэлхий нийтийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх, нутаг орны түвшинд өөрчлөлтийг бий болгоход хувь нэмэр оруулах боломж эмэгтэйчүүдэд бий. Эх дэлхийдээ амар амгалан аж төрөхийн тулд тэгш хүртээмжтэй ногоон ажлын байрыг бий болгох, хямралыг сөрөн тэсвэрлэх бэлтгэлийг хангах, байгаль орчны талаар шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцох зэрэг жендэрийн мэдрэмжтэй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх сайн бодлого нэн шаардлагатай.
Эдгээр эрхэмлэх найман үйлсийг дэлхий нийтээрээ, дайн тулаантай бүс нутагт ч, хямрал, гамшгийн дараах сэргээн босголтын үед ч, төр засгийн түвшинд, сургуулийн танхимууд, байгууллагууд, хүн амын бүлгүүд, хаана ч хэрэгжүүлэх бүрэн боломж байгааг миний бие өөрийн биеэр мэдэрч, харж байна.
Хэрэв улс орны тэргүүн нар жендэрийн тэгш байдлын асуудлыг нухацтайгаар авч үзэн, нэн даруй шийдвэрлэх амлалт өгөх аваас Бид бүхэн охид, эмэгтэйчүүд болон өөрсдийнхөө төлөө дэлхий ертөнцийг сайн сайхнаар өөрчлөх болно.