Гуравдугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр энэ ням гарагт тохиож байна. Энэ өдрөөр хайртай дотнын эмэгтэйдээ бэлэг сэлт өгөх, гэрийн ажлаас чөлөөлөх зэргээр тэднийгээ баярлуулах нь элбэг. Гэвч жилийн бусад өдрүүдэд ч охид бүсгүйчүүд харанхуй гудмаар тайван алхаж чадаж байгаа болов уу?
Жил бүр хүчиндэх гэмт хэргийн тоо нэмэгдсээр байгаа аж. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийллийн 1600 гаруй хэрэг бүртгэгджээ. Тиймээс охид эмэгтэйчүүдийн бэлгийн эрх чөлөөний төлөө гуравдугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд “Миний бие - Минийх” олон нийтийн алхалтыг “Хөөрхөн Зүрх” ТББ-аас зохион байгуулах гэж байна. Энэ талаар бид “Хөөрхөн Зүрх” ТББ-ын кейс менежер Ч.Баасаннямбуутай ярилцлаа.

-“Нэг Тэрбумаараа Тэмцье“ хөдөлгөөнийг 14 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ жил хүчиндэх гэмт хэргийн эсрэг “Миний бие - Минийх“ сэдвийг яагаад сонгох болов?
-Юун түрүүнд “Нэг тэрбумаараа тэмцье” хөдөлгөөний тухай мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. “The Vagina Monologues” номын зохиолч гэдгээрээ олонд танигдсан Ив Энслер номынхоо 15 жилийн ойг тохиолдуулан 2012 оноос тус хөдөлгөөнийг анх эхлүүлж байсан. Одоо бол олон улс даяар өрнөдөг томоохон хөдөлгөөн болсон байна. Харин 2013 оноос “Хөөрхөн Зүрх” ТББ энэхүү хөдөлгөөний Монгол дахь зохион байгуулагч болсон. Түүнээс хойш 14 жилийн туршид орон даяар "Нэг Тэрбумаараа Тэмцье" хөдөлгөөнийг зохион байгуулсаар ирсэн.

Энэ хөдөлгөөн улс орон бүрт өөрийн онцлогтой өрнөдөг. Учир нь эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал улс бүрд харилцан адилгүй. Зарим улсад цагаач эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хурцаар тавигддаг бол, нөгөө хэсэгт нь насанд хүрээгүй охидын гэрлэлт гол асуудал хэвээр байна. Иймээс улс орон бүр уг хөдөлгөөний хүрээнд өөрийн нийгэмд тулгамдсан асуудлыг хөндөн, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах дуу хоолойгоо илэрхийлж байна.
Энэ жил яагаад бэлгийн хүчирхийлэл, тэр дундаа хүчиндэх гэмт хэргийн асуудлыг онцлон сонгосон талаар ярья. Манай нийгэмд эрэгтэй хүн хүссэн л бол бэлгийн харилцаанд орох ёстой гэсэн хэвшмэл ойлголт байсаар байна. Эмэгтэй хүн хүсэж байгаа эсэх, бие нь өвдөж байгаа эсэхээс үл хамааран эрэгтэй хүний хүслийг дагах ёстой мэт хандлага ажиглагддаг. Үүнээс гадна бэлгийн харилцаатай холбоотой олон буруу, тогтсон ойлголт нийгэмд оршсоор байна. Эдгээр хандлагыг 2017 онд хийгдсэн “Нүцгэн үнэн” судалгаанаас ч харж болно. Тус судалгаагаар эмэгтэйчүүд амьдралынхаа аль нэг үе шатанд дотно хамтрагчийн зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тохиолдол цөөнгүй байгааг харуулсан байдаг.

2025 онд 400 гаруй эрэгтэйг хамруулсан судалгаа хийгдсэн байдаг. Тус судалгаанд оролцсон эрчүүдийн 51 хувь нь 20 нас хүрэхээсээ өмнө хүчингийн шинжтэй үйлдэл гаргаж байсан гэж хариулсан байна. Энэ нь хүчингийн гэмт хэрэг үйлдэх хандлага илүү залуу насанд илэрч байгааг харуулж байна. Мөн 2025 онд Корнеллийн их сургуулийн кейс болон бүлэг хүчингийн хэрэг олон нийтийн анхаарлыг татсан. Хохирогч, даван туулагчид маань ч гэсэн бэлгийн хүчирхийллийн талаар илүү ойлголттой болж байна. Тиймээс энэ жил бид нийгэмд, ялангуяа залуу хөвгүүд рүү чиглэн “бэлгийн харилцааны зөвшөөрөл” гэж юу вэ, ямар үйлдлийг хүчиндэх гэмт хэрэг гэж үздэг вэ гэдэг ойлголтыг таниулах зорилготой байна.
-”Нэг Тэрбумаараа Тэмцье” хөдөлгөөний хүрээнд ямар ажлууд зохион байгуулагдаж байна вэ?
-Энэ жилийн хувьд цахим болон биечилсэн үйл ажиллагаанууд зохион байгуулж байна. Гуравдугаар сарын 8-ны өдөр 13:30 цагт Сүхбаатарын талбайд “Миний бие - Минийх“ олон нийтийн алхалт болно. “Хөөрхөн зүрх” ТББ нь хүчирхийлэлтэй хүчирхийллийн аргаар тэмцэхийг эсэргүүцдэг. Тиймээс бид хүчирхийллийн бус, тайван замаар, урлагаар дамжуулан өөрсдийн дуу хоолойг илэрхийлэхийг зорьдог.

Цахим орчинд бид “Эрчүүд эрчүүддээ нөлөөлдөг байя”, “Эрчүүд хүчирхийллийг таслан зогсоохын төлөө дуугардаг байя” гэсэн санааг түгээж, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхгүй байхыг уриалсан постеруудыг нийтэлж байна. Мөн өсвөр үе, залуу хөвгүүдэд хандан “Эрчүүд эрчүүддээ” цуврал постеруудыг гаргаж байна.
-Уг хөдөлгөөний хүрээг та бүхэн хэрхэн тэлэв. 14 жилийн хугацаанд ямар үр дүн, өөрчлөлтүүд гарсан бэ?
-Анх бид ирээдүйд мэргэжилтэн болох оюутнууд, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдэд хүчирхийллийн асуудлыг танилцуулж, флашмоб бүжиглэн сурталчилж эхэлсэн. 2014 оноос олон нийтийг оролцуулсан алхалтыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж ирсэн. Нийгмийн ойлголт ч харьцангуй нэмэгдсэн байна. Алхалтад ирж байгаа хүмүүс ч урлагаар, шүлгээр, уриа лоозонгоор дамжуулан, тайвнаар өөрдсийн зурвасыг хүргэдэг болж.
Хүмүүсийг биднийг зөвхөн гуравдугаар сарын 8-ны өдөр л талбай дээр гарч ирдэг гэж бодож магадгүй. Гэхдээ бид жилийн 365 хоног, өдөр бүр ажилладаг. Монголд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэхээс илүүтэй баярын уур амьсгалтай болчихсон шүү дээ. Ийм учраас гуравдугаар сарын 8-ны өдрийг сонгон, энэхүү утга учрыг харуулсан алхалт зохион байгуулдаг. Жилээс жилд талбай дээр ирэх хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Хүчирхийллийн бус, тайван замаар тэмцэх нь цаг хугацаа их шаардаж магадгүй ч, урт хугацаандаа эрүүл соёлыг бүтээж үр дүнд хүрнэ гэдэгт итгэдэг.
-Өдгөө Монголд энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Хүчиндэх гэмт хэргийн тоо жилээс жилд өсөж байна. Тиймээс бид эхлээд энэ тоо нэмэгдэж байгаа суурь шалтгааныг ойлгох хэрэгтэй. Гэмт хэргийн тоог бууруулахын тулд зөвхөн түр зуурын арга хэмжээ авах нь хангалтгүй. Хүчирхийлэл үйлдсэн хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, шоронд хорих нь зөв. Гэхдээ тэр хүн 8, 10 жилийн дараа гарч ирэхэд дахин хэрэг үйлдэхгүй гэдэг баталгаа байхгүй. Үүнийг сууриар нь шийдэхийн тулд бид өөрсөд рүүгээ эргэж харах шаардлагатай.

Хүн гэдгийг, ялангуяа охин хүүхэд, эмэгтэй хүнийг нийгэм хэрхэн хүлээн авч, ямар жендерийн хүлээлт тавьж байгааг эргэн харах ёстой. Эрэгтэй хүүхдүүд өөрийнхөө сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хэрхэн эрүүлээр илэрхийлэхийг бага наснаас нь заах шаардлагатай. Хүчингийн гэмт хэрэг ердөө модны нэг мөчир л гэсэн үг.
Бид хүчирхийллийн асуудлыг байнга ярьж байх шаардлагатай. Хаана, хэнд хандах ёстойг, мөн хүчирхийллийн төрлүүдийг таниулж байх хэрэгтэй.
-Хүчирхийлэлд өртсөний дараа хохирогчийн сэтгэл зүй бүрэн эдгэрэхэд хэр хугацаа шаардлагатай байдаг вэ?
-Чухал асуулт байна. 10, 20 жилийн дараа хүчирхийлэлд өртсөн хохирогчид өөрсдийгөө илчилж гарч ирэхэд зарим хүмүүс “Яагаад тэр үед хэлээгүй юм бэ?”, “Мөнгө авах гээд байгаа юм уу?” гэх мэтчилэн буруутгах хандлага гаргадаг. Энэ нь хохирогчийн сэтгэл зүйд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. Хүчирхийлэлд өртсөн хүн сэтгэцийн гэмтэл авч, энэ нь насан туршид нь дагалддаг. Сүүдэр шиг нь л үргэлж дагаж явдаг. Энэ нь тухайн хүний нийгмийг харах хандлага, итгэл үнэмшил, харилцаа, өөртөө итгэх итгэл, сурч боловсрох, эрүүл мэнд зэрэг олон зүйлд нөлөөлдөг. Гэхдээ хүн бүр л өөр өөрөөр даван туулна. Мэргэжлийн үйлчилгээ авсан эсэх, нийгмийн хандлага, ойр дотныхны туслалцаа шууд нөлөөтэй. Энэ процесс хүн бүрт харилцан адилгүй. Энэ бүхэн өнгөрсөн явдал гэж хүлээн зөвшөөрөхөд цаг хугацаа шаардлагатай.
Эхэндээ хохирогчид өөрийгөө буруутгах хандлагатай байдаг. Олон нийтийн хандлага бол бүр ч ихээр нөлөөлнө. Манай Монголчуудад бас их ажиглагддаг. Нэр төрөө хамгаалах соёл. Олгой хагаравч тогоон дотроо гэж ярьдаг шүү дээ. Ялангуяа хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд ургийн төрлийн бэлгийн хүчирхийлэл маш их хувийг эзэлдэг. Зарим тохиолдолд ах дүү нарын хоорондох харилцаа, гэр бүлийн нэр хүнд зэргээр шалтаглаж гэмт хэргийг нуудаг. Ийм нэг соёлын асуудал бас хөндөгддөг. Ер нь л олон зүйлсээс шалтгаалан даван туулагч тэвчих, хэргийг дарах хандлагатай байдаг.
-Залуучууд, олон нийт уг хөдөлгөөнд хэрхэн нэгдэх боломжтой вэ?
-Хөдөлгөөнд нэгдэх гэж байгаа бол эхлээд өөрийгөө эргэж хараарай. “Цаашид би ямар хүн болох вэ. Яаж өөрийгөө илэрхийлэх вэ?” гэдэг нь таны өөрийн шийдвэр. Өөрийгөө эрүүлээр илэрхийлэх арга барилд сураагүй байсан ч буруутгах хэрэггүй, олон хүчин зүйл нөлөөлсөн байж болно. Гэхдээ цаашид энэ хэвээрээ байж болохгүй. Найз нөхдийн хүрээнд сексист онигоо, бүдүүлэг үг хэллэгийг зөвшөөрөхгүй, болохгүй зүйлийг нь нээлттэй илэрхийлэх соёлыг бий болгоцгооё.
