UBLife Logo
Дэлхий

Дональд Трамп Ираны дайныг Перл-Харбортой зүйрлэв

Дональд Трамп Ираны дайныг Перл-Харбортой зүйрлэв

Энэ сарын 19-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы Ерөнхий сайд Санаэ Такаичиг Цагаан Ордонд хүлээн авч уулзлаа. Дээд хэмжээний уулзалтын дараа Төрийн тэргүүд хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм.

Хэвлэлийн хурал дээр Японы нэгэн сэтгүүлч Ерөнхийлөгч Трампаас “Яагаад Иранд довтлох гэж байгаагаа Европ, Азийн холбоотнууддаа мэдээлээгүй юм бэ? Японы ард түмэн маш их цочирдсон” гэж асуулаа.

Харин Дональд Трамп огт барьц алдсангүй, Сувдан эргийн довтолгооны яриагаар хариу барилаа. Трамп “Бид хэнд ч юу ч хэлээгүй. Учир нь бид гэнэтийн бэлэг барихыг хүссэн юм. “Гэнэтийн бэлэг”, “гэнэтийн халдлага”  гэж юу болохыг Япон Улс маш сайн мэднэ. Перл-Харборт халдах гэж байгаагаа та нар яагаад надад хэлээгүй вэ? Иранд гэнэт дайрах хэрэгцээ байсан учраас бид нууцалсан юм. Үүний ачаар эхний 2 хоногт маш их зэр зэвсэг сөнөөж, устгаж чадсан. Хэрэв бүгдэд нь хэлээд байвал гэнэтийн дайралт биш болно биз дээ” гэж хариулсан юм.

Мөн энэ хурлын үеэр Ерөнхийлөгч Трамп “Иранд хуурай замын цэрэг илгээх бодолгүй байна. Ираны Зэвсэгт хүчин устсан. Харин иранчуудад шинэ удирдагч хэрэгтэй байгаа” гэж ярьсан юм.

Ираны эсрэг ажиллагааны дүнд газрын тос тээвэрлэх чухал зам Ормузын хоолой хаагдсан тул дэлхий дахинд шатахууны хомсдол үүсээд байгаа. Энэ хоолойг хамгаалахаар цэргийн хөлөг онгоц явуулахыг АНУ холбоотнуудаасаа шаардсан. Япон, Их Британи, Франц, Герман, Итали зэрэг улсууд аюулгүй тээвэрлэлтийг хангахад зохих хувь нэмэр оруулахад бэлэн гэж мэдэгдсэн ч цэргийн онгоц илгээхгүй гэж зарлаад байгаа.

Японы Ерөнхий сайдтай уулзах үеэр энэ асуудал хөндөгдсөн ч Ерөнхийлөгч Трамп Японы улс төрийн байдлыг хүлээн зөвшөөрч, цэрэг илгээхийг шаардахгүй гэдгээ хэлээд “Япон бол НАТО-гоос өөр” гэж хэлсэн.

Үүний хариуд Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи “Дэлхийд энх тайван, хөгжил цэцэглэлтийг авчрах хүн бол ганцхан Дональд Трамп гэж би боддог. Би холбоотон бусад орнуудтай хамт дтүүнд эмжлэг үзүүлэхийг хүсч байна” гэж хэлснээр хуралдаан өндөрлөлөө.

Перл-Харборын довтолгоо гэж юу вэ?

1941 оны 12 дугаар сарын 7-нд Японы агаар, тэнгисийн хүчин Хавайн Перл-Харбор дахь АНУ-ын цэргийн баазад гэнэтийн цохилт өгсөн. Өглөөний 07:50 цагт эхэлсэн тус довтолгоогоор Америкийн 2403 цэргийн албан хаагч амиа алдаж, 188 нисэх онгоц сүйрч, маш олон хөлөг онгоц живсэн юм. Харин Японы тал албан ёсоор 68 цэргээ алдсан гэж мэдээлсэн байдаг. Энэ халдлагын дараа АНУ-ын тал Японд дайн зарласан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...