БНСУ-ын алдарт BTS хамтлаг эргэн нийлж, сүүлийн 4 жилд анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолт хийхээ зарласан билээ. Нийслэл Сөүл хотын Кванхвамун талбайд маргааш буюу 21-нд болох тоглолтыг Өмнөд Солонгос тэр чигээрээ тэсэн ядан хүлээж байна.

Ерөнхийлөгч И Жэ Мён энэ тоглолттой холбоотойгоор ард түмэндээ хандаж, аюулгүй байдлаа ханган, эмх замбараатай байхыг уриаллаа. Тэрээр цагдаа, түргэн тусламж, гал команд, онцгой байдал гээд төрийн албаныхныг дайчилж байгаагаа зарлаад BTS хамтлагийн тоглолт бол дэлхийн хэмжээний үйл явдал гэж онцолжээ.

“BTS THE COMEBACK LIVE | ARIRANG” нэртэй тус тоглолтыг “Netflix” платформ дэлхийн 190 оронд шууд дамжуулан үзүүлнэ. БНСУ-ын Засгийн газраас концерт болох дүүргүүдэд онц байдлын хэмжээг нэмсэн байна.

Ерөнхийлөгч И Жэ Мён Засгийн газрын хуралдааны үеэр тоглолт болох дүүргүүдийг дахин сайтар шалгах, хэт олон хүний бөөгнөрөл үүсэх, шахцалдах эрсдлүүдийг тооцон үзэхийг анхаарууллаа. Тасалбар дамлан зарах явдалтай хатуу тэмцэхийг үүрэг болгоод иргэдийг энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэн байна.

Тэрээр “Энэ сарын 21-ний Бямба гарагт манай улсын бахархал болсон BTS хамтлагийн тоглолттой. Би энэ үйл явдлыг тэсэн ядан хүлээж байна. ARIRANG сэдвээр солонгос соёлын гоо сайхныг дэлхий дахинд дамжуулах болно. Эмх замбараагүй байдал гаргалгүй, сайхан наадна гэж найдаж байна” гэжээ.
