UBLife Logo
Хөгжим

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

Америкийн дуучин Ашер саяхан өгсөн ярилцлагадаа хөгжмийн продюсер Шон Комббс буюу Диддигийн талаар эерэг байр суурь илэрхийллээ.

Дидди нь 2025 оны аравдугаар сард хүний наймаа, хүчирхийлэлтэй холбоотой хэргээр буруутгагдан, одоогоор 50 сарын хорих ял эдэлж байгаа юм.

Forbes сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Ашер “Надад Шон Комббсын талаар хэлэх сөрөг зүйл алга” хэмээн онцолжээ.

Тэрээр өсвөр насандаа, 1994 онд уран бүтээлийн гараагаа эхлэх үедээ Нью-Йорк хотод Диддитэй хамт амьдарч, түүний удирдлага дор ажиллаж байсан аж.

Ашер өөрийн туршлагаа, дурсамжаасаа хуваалцан, Диддиг өөрт нь сайн нөлөө үзүүлсэн ментор байсан, олон нийтэд харагдаж буй дүр төрхөөс өөр нэгэн, түүнийг бүгд буруу ойлгосон гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр “Хүн бүр төгс биш. Түүний оруулсан хувь нэмрийг үгүйсгэж болохгүй. Түүний энэхүү хөгжмийн салбарт оруулсан хувь нэмэр үнэхээр их” хэмээн хэлсэн байна.

Мөн зөвхөн хөгжмийн салбарт төдийгүй бизнес, соёлын хувьд хип-хоп урсгалын суурийг тавигчдын нэг, соёлыг бизнес болгож чадсан хүн хэмээн тодорхойлж, түүнийг салбарын түүчээлэгч хэмээжээ.

Ашер ярилцлагадаа Диддигийн шүүхийн шийдвэр болон өмнө нь гарч байсан хүчирхийллийн бичлэгүүдийн талаар шууд тайлбар хийгээгүй байна. Гэсэн ч түүний энэхүү мэдэгдэл нь олон нийтийн дунд маргаан дагуулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Ашерийн хувьд Дидди карьерын эхэнд нөлөөлсөн чухал хүн хэвээр байгаа нь ойлгомжтой байна. Гэсэн хэдий ч хууль эрх зүйн асуудал, олон нийтийн шүүмжлэлтэй зэрэгцэн түүнийг хамгаалсан энэ байр суурь нь анхаарал татаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...